Цус сэлбэлт, судлалын үндэсний төвд 10 сарын 30-ны өдөр 80 гаруй оюутан залуус цусаа бэлэглэжээ. Тус төвд цусаа өгдөг донорын тоо донороос ДОХ илэрсэн гэх мэдээлэл гарснаас хойш эрс багассан бөгөөд бүтээгдэхүүний хомсдолд орж болзошгүй болоод байжээ. Тиймээс Улаан Загалмайн нийгэмлэг, Монголын залуучуудын холбоо болон “Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо”–ноос санаачлага гарган Эрүүл мэндийн яамтай хамтран их, дээд сургуулиудын оюутнуудыг цусаа өгөхийг уриалсан юм. Мөн донорын холбооноос 10 сарын 24-нд сургалт семинар зохион байгуулснаар ахмад донорууд ч ирж цусаа хандивлажээ. Өдөрт 70-80 хүн тогтмол цусаа өгөхөд цусны төвийн үйл ажиллагаа хэвийн явдаг аж. Хэвийн хэмжээнээс хэт их цус нөөцөлвөл энэ нь хаягдал болж хувирдаг юм. Иймд цусны төв нь долоогоос арав хоногийн нөөцтэй ажилладаг гэнэ. Донорын тоо багассан нь нэг талаасаа донороос ДОХ тараалаа, эрсдэлтэй байна гэсэн мэдээлэл, нөгөө талаас доноруудын ихэнх нь оюутан залуус байдаг бөгөөд тэд 2000 төгрөгийн төлөө л цусаа өгдөг гэсэн сөрөг мэдээлэл тархсантай холбоотой гэж Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн захирал, клиникийн профессор Д.Улаанхүү хэлсэн билээ. Оюутнууд донорын үйл ажиллагаанд оролцох санаачлагаа үргэлжлүүлэх бөгөөд 11 сарын эхний долоон хоногт 200 гаруй оюутан цусаа өгнө гэдгээ мэдэгджээ.