Даландавхарын шарилууд ихэнх нь 40-50 жил болсон задрал явагдсан шарилууд байдаг. Тухайн шарилд задрал явагдсанаар агаар мандалд 20 шахам төрлийн хорт хий дэгдэхийн зэрэгцээ газрын хөрсөнд нэвчсэн аливаа өвчний нян 20-30 жилд амьдрах чадвартай байдаг ажээ. Ямартай ч байгаль экологи, хүн амын эрүүл ахуй, хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлөөд байгаа Даландавхар, Нарангийн энгэрийн асуудлыг Улаанбаатар хотын захирагчын албаныхан ирэх жилээс эхлэн цэгцлэх юм байна. Ухаж төнхөгдсөн, ил гарсан, задгай тавьсан шарилыг чандарлаж, тухайн газрыг нөхөн сэргээх ажлыг “Улаанбаатар Буян” компани хариуцан ажиллахаар болжээ. Хотын суурьшмал бүст 25 мянган шарил байдгаас далд хэлбэрээр оршуулсан шарилын 30–иад хувь нь зөвшөөрөл авалгүй оршуулсан байдаг гэнэ. Шарил нүүлгэн шилжүүлж, чандарлах, газрыг нөхөн сэргээх ажилд нэг шарил тутамд 550 мянган төгрөг төсөвлөсөн байна. Бэлтгэл судалгааг хийх, гүйцэтгэгч байгууллагын үүрэг хариуцлагыг тодорхойлох, шарилын тоог тогтоох, төсвийг бүрэн тодорхойлох, иргэдийн мэдээллийг цуглуулах, ар гэрийнхэнтэй нь уулзах, гэрээ байгуулах гээд ном дүрмийн дагуу хийх олон шат дараатай ажил явагдах ажээ. Шарилыг нүүлгэн шилжүүлэхдээ шууд ухаад зөөхгүй, холбогдох байгууллагуудаас хяналт тавин ажиллах ажээ. Зарим тодорхойгүй шарилуудыг зургаан сарын турш хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр мэдээлэн, ар гэрийнхэнтэй нь холбоо барьсаны дагуу шийдвэрлэх ажээ. Шарилуудыг чандарлан газрыг нь чөлөөлсний дараа газрыг зүлэгжүүлэн мод тарьж цэцэрлэгжүүлэх ажээ.