Малайзын АЖ-ын хурдацтай хөгжил нь ТАВАН БҮС-ийн бодлого

Малайз улс аялал жуулчлалын орлогоор дэлхийд эхний 10-т багтдаг болсон шалтгаан нь тэдний эдийн засгийн таван бүсийн бодлого төлөвлөлтийн үр дүн юм.

Малайз нь олон янзын соёл бүхий олон үндэстний 29 сая иргэнтэй. Байгалийн үзэсгэлэнт арлууд, халуун орны ой шугуй, хоол хүнс болон худалдааны төвүүдээр алдартай. Тээврийн систем нь маш сайн хөгжсөн бөгөөд хямд өртөгтэй, цаг уурын таатай нөхцөлтэй учир жил бүр тоо томшгүй олон жуулчдыг татдаг. Гадаад иргэд суралцах, суурьших, урт хугацааны хөрөнгө оруулалт хийхээр зорин ирдэг байна. Газрын тос, байгалийн хий экспортлогч бөгөөд далдуу модны тос болон резинин бүтээгдэхүүнээр дэлхийд гуравдагч том үйлдвэрлэгч орон юм.



Сүүлийн жилүүдэд Малайзын Аялал жуулчлалын яам гадаадын иргэдийг Малайз руу татах, тэдний хөрөнгө оруулалтыг Малайз руу чиглүүлэхэд ихээхэн чармайж байна. Орон нутгийн аялал жуулчлалын байгууллагууд гадаадын иргэдэд орчин үеийн амралтын тохилог байшинтай болох, тухтай байрлаж амрахад нь зориулж “Миний хоёр дахь гэр” төсөл хэрэгжүүлээд эхэлжээ.




Малайзын ЗГ улс орноо хөгжингүй орон болгоход чиглэсэн үндэсний эдийн засгийн өөрчлөлтийн хөтөлбөрүүдийг дэвшүүлж эдийн засгийн 5 бүс буюу Искандар Малайз, Зүүн эргийн эдийн засгийн бүс, Хойд хэсгийн эдийн засгийн бүс, Сэргээгдэх эрчим хүчний Саравак, Сабахын хөгжлийн бүс зэрэг эдийн засгийн таван гарцыг бий болгон хөгжүүлж байна.  


Искандар Малайз буюу Iskandar Malaysia in Southern Johor (IRDA): Малайзын газар нутаг дээр Сингапурын технологийг хослуулан хөгжүүлсэн бүс юм. Тус бүс Малайзын өмнөд хэсэгт 2006 онд байгуулагдаж 28 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг амжилттай татаж чадсан.  Орон нутгийн захиргаа нь далайн боомт, нисэх онгоцны буудлыг шинэ бүтцээр нэгтгэж, парк, олон улсын сургууль, зочид буудал, эмнэлэг, худалдааны газруудыг байгуулж эхэлсэн. Искандар Малайзын хүчтэй хөгжлийн гол шалтгаан нь газарзүйн давуу байдал бөгөөд Малакка болон Өмнөд Хятадын тэнгисээр дамжин өнгөрөх Танжун Пелипас, Пасир Гудан, Танжун Лангсат хэмээх гурван чухал боомттой хил залгадаг.  



East Coast Economic Region (ECER): Энэхүү эдийн засгийн бүс нь 1400 гаруй га газрыг хамардаг ба аялал жуулчлалын хот болгон хөгжүүлж, 4 боомт, 2 нисэх буудал эзэмшдэг нь  давуу тал болж Малайзын анхны эдийн засгийн тусгай бүс болж хөгжсөн. Одоогоор энэ бүс өөрийн Куантан аж үйлдвэрлэлийн паркийг Хятадад сурталчилахын төлөө идэвхитэй ажиллаж байна. Малайзын Ерөнхий сайд Нажиб нь Хятад дах Чинжоу аж үйлдвэрийн паркийн “охин парк” болгох талаар Хятадын Ерөнхий сайд асан Вень Жябаод санал болгож байжээ.



Northern Corridor Economic Region (NCER): Малайзын Засгийн газраас энэ бүсэд харъяалагдах Перлис, Кида, Пенанг, Перак гэх 4 мужийг хоол хүнсний боловсруулалт ба аялал жуулчлалын эдийн засгийн тусгай бүс болгон хөгжүүлж байна. Малайзын ЗГ энэ бүсэд 2025 он хүртэл 59 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх төлөвлөлт хийжээ.



Sarawak Corridor of Renewable Energy (SCORE): Энэ бүсийн гол хөгжил нь эрчим хүчний нөөц болох усан цахилгаан станц, нүүрс, байгалийн хий юм. Орон нутгийн удирдлагууд газрын тосны үйлдвэр, хөнгөн цагаан хайлуулах, төмөр, ган, шил үйлдвэрлэлийн салбар, аялал жуулчлалын салбар, дал модны үйлдвэрлэл, модны аж ахуй, мал аж ахуй, загасны аж ахуй, далайн аж ахуй зэрэг 10 аж үйлдвэрийн салбарт анхаарлаа хандуулан ажилладаг. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд 10.6 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг амжилттай хэрэгжүүлжээ.



Sabah Development Corridor (SDC): Энэ бүсийн гол хөгжил нь байгалийн баялаг, соёлын өв, биологийн олон төрлийн нөөцөнд тулгуурласан аялал жуулчлалын үйлдвэрлэл юм. Мөн газрын тос, байгалийн хий, далдуу модны тос, резин, какао, ургамлын нөөц, загасны аж ахуй зэрэг байгалийн түүхий бүтээгдэхүүнүүдийг боловсруулдаг нь ихээхэн чухал нэмэр болдог ажээ.  


 

Бэлтгэсэн Ч.Буянбадрах