Сүүлийн жилүүдэд тэс хөндлөн мэргэжлийн хүмүүс өөрийнх нь үндсэн бизнес явцгүй болоод ирэнгүүт “аялал жуулчлал хийх” гэж оролддог муу жишиг тогтчихлоо. Мэргэжлийн бус хүн энэ салбараар тоглож байх нь дээр үү, ядаж номын дуу сонссон мэргэжлийн хүн энэ салбарт унаж босож явсан нь дээр байна уу гэдгийг бодох цаг болчихоод байна.
2013 онд ССАЖЯ гэж байхад ганцхан удаа их дээд сургуулиудын аялал жуулчлалын сургалтын хөтөлбөрийн талаар ярилцжээ. Гэвч “хэн ч ойлгоогүй” бөгөөд ямар ч үр дүнгүй цугларалт болсон гэцгээдэг. Сүүлийн 3 жилийн дотор аялал жуулчлалын сургалтын 10 төрлийн индексийг хэрэгжүүлж байсныг 3-хан төрөл индекс болтол нь хумиад, элсэлтүүдээ цөөлж, ихэнх нь АЖ-ын ангиа хааж эхэлсэн. Харин энэ жилээс ганц нэгхэн хувийн сургууль АЖ-ын ангийг буцааж нээсэн.
Дэлхийн бүх улс орнуудад аялал жуулчлалын үйлдвэрлэл нь тухайн улс орны стратегийн чухал салбар, чухал үйлдвэрлэл болчихоод байхад “Монголын аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөр” хаагуур яваад байна аа.
Аялал жуулчлалын бакалаврын хөтөлбөрөөр АНУ-ын их дээд сургуулиуд шилдэгт тооцогддог бөгөөд оюутнуудад бизнесийн ухаан, соёлын мэдлэг, соёлын дурсгалт газруудыг шинээр бий болгох, хоол үйлчилгээний бизнес эрхлэх, уулзалт, хурал чуулган, өдөрлөгүүдийг төлөвлөх, зочид буудал, парк, казино, аяллын компани, амралтын газар, сувилал, аялал жуулчлалын хөгжлийн агентлаг, агаарын тээвэр зэргийн тухай мэдлэг олгодог. Аялал жуулчлалын зэрэг авахын тулд бизнесийн ерөнхий хичээлүүдийг заавал үзсэн байхыг шаарддаг. Хөтөлбөрийн чанар, агуулга, багш нарын чадавхи, хүртсэн шагнал зэрэгт суурилан дараах сургуулиудыг Аялал жуулчлалын шилдэг боловсрол олгодог сургууль хэмээн тодорхойлжээ.
ARIZONA STATE UNIVERSITY: 1885 онд байгуулагдсан Аризона их сургуулийн салбар W.P.Carey бизнесийн сургуулийн хөтөлбөрт аяллын төлөвлөгөө боловсруулах, аялал жуулчлалын маркетинг боловсруулалт, борлуулалтын менежмент, амралт сувиллын газрын менежмент, орон нутгийн аялал жуулчлалын хөгжлийн менежмент зэрэг үндсэн сургалтууд багтдаг. Хөтөлбөрийг бүрэн эзэмшиж дуусгахын тулд оюутнууд диплом хамгаалах сургалтанд хамрагдсан байх ёстой бөгөөд 12 кредитийг аялал жуулчлалын салбарт дадлага хийж дүүргэсэн байх шаардлага тавьдаг.
BRIGHAN YOUNG UNIVERSITY HAWAII: Оаха арлын хойд хэсэгт байрладаг ба 1955 онд байгуулагдсан. Есүс Христийн Гэгээнтнүүдийн сүмийн харъяаны сургууль бөгөөд зочлох үйлчилгээ, аялал жуулчлалын менежментийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Оюутнууд зочлох үйлчилгээний салбарыг өндөр түвшинд хүргэх бизнесийн үндсэн зарчмуудыг сурч төгсөөд зочид буудал, амралт сувилал, хүнсний үйлчилгээ, аяллын товчоо, зугаа цэнгээний аялал жуулчлалын газруудад ажиллах боломжтой. Харин аялал жуулчлалын менежментийн хөтөлбөр нь маркетинг, хувийн бизнес эрхлэх, хүний нөөцийн менежмент, маркетингийн харилцаа, байгууллагын санхүүжилт зэрэг сэдвийг хамарсан байдаг. Бүх оюутнууд 12 кредит цагийн дадлага хийсэн байх шаардлагатай.
DREXEL UNIVERSITY, Goodwin College School of Technology and Professional Studies: Пенсильвани мужийн Филадельфид байрладаг хувийн сургууль бөгөөд зочлох үйлчилгээний менежментийн бакалаврын хөтөлбөр нь хэрэглэгчийн үйлчилгээ, шинэчлэн сайжруулах менежмент, аялал жуулчлалын технологи, аялал жуулчлалын олон улсын байгууллага хэмээх 4 үндсэн агуулгад хуваагддаг. Аялал жуулчлалын мэргэжилтний хөтөлбөр нь аялал жуулчлалын эдийн засаг, хурлын менежмент, соёлын өвийн дурсгалууд, аялал жуулчлалд тулгараад байгаа асуудлуудад гол анхаарлаа хандуулдаг. Drexel их сургууль нь АНУ-ын шилдэг боловсролын хөтөлбөртэй гэдгээрээ алдартай.
FLORIDA INTERNATIONAL UNIVERSITY, Chaplin school of hospitality & Tourism management: 1965 онд байгуулагдсан Флоридагийн ОУ-ын их сургууль нь Карнеги Сангийн өндөр түвшний сургалт судалгааны үйл ажиллагаа явуулдаг. Аялал жуулчлалын менежментийн хөтөлбөр нь үндсэн сургалтуудаас гадна практик туршлагад тулгуурлан бизнесийн менежмент, нягтлан бодох бүртгэл, тогтвортой хөгжлийг хангах, ирээдүйн удирдагчдыг аялал жуулчлалын салбарт ажил мэргэжлийн чиг баримжаатай болгох чиглэлүүдийг хэрэгжүүлдэг. Мөн аялал жуулчлалын тогтвортой байдал, зорилго бүхий маркетинг, аяллын маркетинг зэрэг зайлшгүй эзэмших сургалтуудыг төгсөх ангидаа судалж дууссан байхыг шаарддаг.
GEORGE MASON UNIVERSITY: 1957 онд байгуулагдсан Жорж Мэйсон их сургууль нь эдийн засаг, бизнес, хууль, уран бичлэгийн хөтөлбөрүүдээр алдартай. Эдийн засгийн чиглэлээр Нобелийн шагналаас хоёр шагнал хүртсэн. Аялал жуулчлалын менежментийн хөтөлбөр нь маркетинг, санхүү, удирдлага, бодлого, төлөвлөлт зэрэг аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын бүхий л чиглэлээр ур чадвар эзэмшүүлдэг. Аялал жуулчлалын менежментийн бакалаврын зэрэг нь ерөнхий курс, мэргэжлийн шаталсан курс, аялал жуулчлалын удирдлагын курс зэрэг нийтдээ 120 кредитээс бүрдэнэ. Мөн сургалтын хөтөлбөрт аялал жуулчлалд эмэгтэйчүүдийн үүрэг роль, эко аялал жуулчлал, амралт сувиллын газрын менежмент, зочид буудлын борлуулалт, соёлын аялал жуулчлал гэх мэт төвлөрсөн сургалтууд багтдаг.
Ч.Буянбадрах