2014 онд Хонконгод ирсэн жуулчдын тоо 60.8 сая хүрсэн нь 2010-2013 оны жилийн дундаж өсөлтөөс 16.4% илүү байв. Гэтэл 2015 онд 3.8% буурсныг ноцтой уналт гэж үзжээ. Дундаж зочид буудлын орлого 89% байснаа 2015 онд 85% болж багассан байна. Үүнийг дагаад үнэт эдлэлийн жижиглэн худалдаа, бугуйн цаг, бэлэг дурсгал, жуулчдын дунд алдартай барааны үнэ буурчээ.
Энэхүү хямрал нь шинэ жуулчдыг татах, ирж байсан жуулчдыг дахин ирүүлэх, хоноглох хугацааг уртасгах, жуулчдын очдог газруудыг шинэ өнгө төрхтэй болгох, уулзалт, хурал, үзэсгэлэн, бусад арилжааны үйл ажиллагаанд оролцох сонирхолтой бизнес аялагчдыг татах, далайн аяллын бүтээгдэхүүнийг сайжруулах зорилт тавихад хүргэжээ.
Хонконгийн аялал жуулчлалынхан Диснейланд хотхондоо найдаад сууж байхад сингапурчууд 2008 онд Сингапур Флайр, 2009 онд Очард рөүдийг шинэчилсэн, 2010 онд Марина Бае болон Сентоза дахь нэгдсэн амралтын газрыг нээсэн, 2012 онд Бае гарден цэцэрлэг, 2013 онд Ривер сафари, 2015 онд Сингапурын үндэсний галерейг байгуулсан. Эдгээр нь Сингапурт зочлох жуулчдын тоог нэмэгдүүлсэн бөгөөд 2008 онд 10 сая байсныг 2014 он гэхэд 15 сая жуулчин болгож өсгөжээ.
Гэтэл Өмнөд Солонгост жуулчдыг татдаг топ газрууддаа өөрчлөлт хийгээгүй. Халлюу (Hallyu) хэмээх аялал нь шинэ жуулчдыг татсаар, энэ бүтээгдэхүүнээ улам сайжруулсаар ирсэн. Hallyu аялал гэдэг нь Солонгосын кино драмын алдартай жүжигчид, кино зураг авалт хийсэн газрыг оролцуулан хөгжүүлсэн бүтээгдэхүүн юм. Солонгосчууд жуулчдыг татахын тулд шинэ сонирхолтой кино драм бүтээх, шинэ залуу жүжигчдээ нэрд гаргах, зураг авалт хийсэн газрыг алдаршуулах, од болсон жүжигчдээ ашиглах замаар шинэ дүр төрхийн аялал жуулчлалыг бий болгон хөгжүүлсэн нь эдүгээ Солонгосын АЖ-ын хөгжилд томоохон байр суурь эзэлжээ. Зөвхөн энэ Халюу аяллаар 2008 онд 6.9 сая жуулчин авч байсан бол 2014 онд 14.2 сая жуулчин авсан байна.
Ийнхүү Хонконг нь өрсөлдөгч хот, улс орнуудынхаа АЖ-д дүгнэлт хийснээр дараах зорилтыг дэвшүүлсэн. Хонконгийн хувьд “Бизнес аялал” чухал ач холбогдолтой бөгөөд 2010 онд бизнес аялагчид 3.1 сая байсан бол 2014 онд 3.8 сая болж өссөн. Тийм учраас жилийн турш үзэсгэлэн худалдаа, хурал семинар, уулзалт, чуулган, зорилтот экспо үзэсгэлэнгүүдийг зохион байгуулах, тэдгээрийн орчинд тээврийн хэрэгсэл, зочид буудал, дэлгүүр худалдааны төвүүдийг сайжруулах, урамшууллын аяллуудыг санал болгохыг чухалд үзсэн.
ДАЖБ-аас Ази-Номхон далайн бүс нутгуудад аялах бизнес эрхлэгчдийн тоо 2010-2020 онд жил бүр дунджаар 5.1%, 2020-2030 онд 3.7%-аар өснө гэсэн урьдчилсан мэдээ гаргасан. Хонконг нь олон улсын хурал цуглаан болдог Сингапур, Бээжин, Сөүл хоттой хүчтэй өрсөлдөж бизнес аялагчдыг татах болно. Тэдгээр хотууд Хонконгоос ялгарах зүйл нь урамшууллын схемийг нэвтрүүлсэнд байна. Сингапурт мэргэжлийн бизнес аялал зохион байгуулагчдад зардлын 70 хүртэлх хувийг санхүүжүүлэх дэмжлэг үзүүлдэг бол Бээжин, Сөүл нь бизнес уулзалт зохион байгуулагчдад арга хэмжээ зохион байгуулахад гарах зардлыг нь санхүүжүүлдэг. Тэдэнд бизнес аяллыг дэмжих дунд болон урт хугацааны төлөвлөгөө байдаг бол Хонконгийн Аялал Жуулчлалын Холбоонд зөвхөн тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө л бий.
Хонконг саяхан 8.2 тэрбум хонконг долларын өртөгтэй, маш том хүчин чадалтай Кай Так далайн зогсоолыг барьсан. Өнөөг хүртэл Хонконг дэлхийн бусад хотуудтай өргөн хүрээний агаарын харилцаатай явж ирсэн нь илт том давуу тал болсоор байгаа. Гэвч Сингапур, Шанхай зэрэг хотууд Азид хурдацтай хөгжиж буй бизнес аялагчдын зах зээлийг ашиглахаар их эрчимтэй хөдөлж байна. Сингапур нь 2012 онд “Марина Бэй” шинэ зогсоол барихад 500 сая доллар зарцуулсан. Түүнчлэн Сингапурын Круз төвийн олон улсын усан онгоцны буудлын өргөтгөл ажлыг хийсэн. Шанхай хотод олон улсын гурван том усан онгоцны зогсоол байдаг нь Ази-Номхон далайн бүх аялалд чухал боомт болдог. Хонконгийн хувьд Кай Так далайн зогсоолоо үр ашигтай байлгахад анхаарах хэрэгтэй.