ЖУУЛЧНЫ ГУДАМЖ гэж 2005 онд цоллуулснаас хойш эдүгээ бүхэл бүтэн 12 жил өнгөрчээ. Нэр нь “оночихсон” гэж хэлүүлж байгаа нь түүний ашигтай байршил, харин “оноогүй” нь түүний өнөөгийн дүр төрх.
Уртаас урт цагаан байшин бүхий энэхүү гудамж нь “жуулчны” гэж нэрлүүлж болохоор ач холбогдол нь хотын төвд буюу Улсын их дэлгүүр, Дүрслэх урлагийн музей, Үлэг гүрвэлийн музей, Гандан хийд гээд жуулчдын урсгалын уулзвар цэгт байрлаж байгаа давуу талтай.
Нийслэлийн удирдлагууд жуулчны гудамжиндаа жуулчдыг татах юу ч хийсэнгүй гээд хэлчихэд эсэргүүцээд байхгүй биз ээ. Хэдэн даавуун асар байрлуулж бэлэг дурсгалын худалдааг хөгжүүлэх гээд амжилт олоогүй. 2014 онд 10ш сандал, 15ш хогийн савыг байрлуулж, гудамжны дагуух 6 байшингийн хаягийг монгол англи хэлээр байрлуулах “ажил” хийжээ.
Үнэхээр өөд нь татаж болохгүй болчихсон “урт цагаан байшин” юм болов уу? ... гэхээр үгүй мэт. Чанарын хувьд энэ байшин шиг чанартай барилга нийслэлд ховор ажээ. 1962 онд хятад барилгачдаар бариулсан ба 1.5 метр өргөн суурь, даацын хана, гол баганууд нь 100% бетон цутгалтаар хийгджээ.
Зөв менежмент хийж чадвал энэ гудамжийг нэр алдартай болгож болох мэт. Байшинг нь сэргээн засварлаж, одоогийн түрээслэгч нарын эрх ашгийг хохироохгүйгээр чиглэл чиглэлээр нь зохион байгуулах боломж харагддаг.
Одоогийн байгаа үсчин, гоо сайханы газруудыг тохижуулж болно. Жуулчид ч гэсэн үсээ янзлуулж, сахлаа хэлбэр гаргуулан засуулдаг. Тэд мөн толгойгоо массаж хийлгэн угаалгах дуртай. Педикур, маникур хийлгэдэг жуулчид ч их бий.
Тус байшинд үйл ажиллагаа явуулж буй 120 гаруй оёдолчдод тулгуурлан үндэсний хувцасны оёдлын салон байгуулж, Монголын 20 орчим үндэстэн ястны дээл, хувцас гоёлуудыг танилцуулж, борлуулалт хийх, өмсөж зургаа авхуулах фото студи зэрэг үйлчилгээг бий болгох боломжтой.
Эртний эдлэлийг дэлгүүрээс гадна бэлэг дурсгалын тасгуудыг сэдэвчлэн байгуулж, жуулчдын хамгийн ихээр зочилдог бүс нутгуудын имиж төрхийг тусгасан бэлэг дурсгалын үйлдвэрлэл явуулж болно. Тухайлбал, Тэрэлж дэх Мэлхий хад, Зайсан толгой, Эрдэнэзуу, Хөвсгөл нуур гэх мэтийг тусгасан тэмдэг, тор, футболка, наалт, түлхүүрийн оосор, ил захидал гэх мэт юуг ч бүтээж болно.
Эл байшингийн гутал засварчдад тулгуурлан “гутлын салон” тохижуулж болно. Гутал өнгөлж тосолдог үйлчилгээнээс гадна хөл угаах болон хөл массажны үйлчилгээг бий болговол шинэлэг юм. Ялангуяа зуны халуунд удаан алхсан хүний хөл их ядардаг, хөлөрдөг. Гадны жуулчин битгий хэл монголчууд өөрсдөө ч энэ үйлчилгээг талархан хүлээн авна.
Буузны гуанз, хуушуурын гуанз, баншны кафе, мантууны гуанз, талх нарийн боовны газар, айраг уушийн газар, сүү тарагны кафе гээд үндэсний гэх хоол цайны газруудыг ярайтал нь ажиллуулах боломжтой. Дэлхийн улс орнуудын жуулчны гудамжинд янз бүрийн хоолны үйлчилгээ гэдэг нь бүрэн утгаараа хөгжсөн байдаг.
Туул рестораныг “эргэн дурсахуй” бүжгийн үдэшлэг болдог газар болгочихвол 50-иас дээш насны бүх жуулчинд таалагдах нь лавтай. Орой үдэш хотод юу хийх вэ гэж үзвэр үйлчилгээ хайдаг жуулчид олон бий.
Жуулчны мэдээллийн төв байгуулж үнэгүй интернет ашиглах, утсаар ярих, газрын зураг хэрэглэх, маршрут төлөвлөх, аялал жуулчлалын мэдээлэл авах, жолооч ба орчуулагч зуучлуулах, аяллын хэрэгсэл түрээслэх гэх мэт жуулчдад хэрэгтэй бүхнийг чиглүүлж өгөх үйлчилгээ зайлшгүй хэрэгтэй.
Монгол бичгийн бийрэн бичлэг буюу калиграфийн үйлчилгээг нээж, жуулчдад зориулсан гарын авлага бүхий номын худалдаа, номын сан байгуулж болно.
Зарим орны жуулчны гудамжинд орчин үеийн автомашин явдаггүй. Лондонд зөвхөн сүйх тэргээр аялах, Япон, Хятадад зөвхөн хүн тэргээр явах зам бүхий гудамжууд бий. Урт цагааны гудамжинд зөвхөн морин тэрэг эсвэл сарлаг тэрэг, эртний ноёд хатадын монгол сүйхээр аялуулах жим бий болгож болно. Орчин үед тухайн амьтандаа сөрөг нөлөөгүй байхаар идэш тэжээлд нь анхаарч, орчноо бохирдуулахгүй байх технологиуд аль хэдийнэ нэвтэрчихсэн билээ.
Сууж тухлах газрууд, хөшөө дурсгалууд, цэцэрлэг, ногоон байгууламж, урт сандал, хогийн сав, усан оргилуур, бие засах газар зэрэг нь байх шаардлагатай боловч заавал орчин үеийн тансаг хийцтэй, өндөр өртгөөр бүтэх албагүй бөгөөд цагаан байшингийнхаа дүр төрхөд тохируулан хуучны гэх өнгө аясыг хадгалсан энгийн загвар дизайнаар, бат бөх бүтээн байгуулж болно.
Уртцагааны орчинд эмийн худалдааны 30 гаруй цэг байдаг бөгөөд эдгээрт түшиглэн жуулчинд үйлчлэх эмнэлгийн үйлчилгээний цэг байгуулах, цусны даралтыг нь шалгачихдаг, түр амраачихдаг, эмнэлгийн анхны тусламж үзүүлчихдэг орчинг бий болгох хэрэгтэй.
Одоо байгаа банкны салбаруудад түшиглэн “жуулчин банк”, “мөнгө солиулах цэг” зэргийг хамгаалалтын орчинтойгоор байгуулж, гадаад хэлний мэдлэг сайтай ажилтнуудаар хангавал сайн. Дашрамд дурдахад, манай оронд “аяллын чек” гэдгийг мэддэггүй банкны ажилтнууд байдаг.
Зайсан толгой руу явах, Тэрэлж рүү явах бага оврын автобусны үйлчилгээ, жуулчны такси үйлчилгээг бий болгож, зогсоолыг байгуулах, дэргэд нь тасалбар борлуулах цэг, мэдээллийн самбар байрлуулж болох юм.
Жуулчны гудамжинд Монголын нэрийг дэлхийд гаргасан олимпийн аваргууд, сансрын нисэгч, сумогийн их аваргууд, Эверестэд авирсан уулчид, сонгодог урлагийн мастерууд, дэлхийг донсолгож байсан жанжин хаадууд гэх мэт хүмүүсийн баримал бүхий музей, гарын үсэг, гарын алга, гишгэсэн мөрний дардасуудыг ч байгуулж болно. Эдүгээ Говь дэлгүүрийн байранд байгаа лааны тосон баримлын музейг жуулчны гудамжинд нүүлгэн шилжүүлж үргэлжлүүлэх хэрэгтэй юм.
Дэлхийн олон орны “жуулчны гудамж”-нд дуу хуур, хөгжөөн бужигнаан өрнөж байдаг. Тухайлбал, Сан Франциско хотын Ломбард, Нью-Йоркийн Бродвей, Туркийн Истиклал, Оросын Арбат, Сөүлийн Мёндун, Токиогийн Асакүса, Сингапурын Орчард Роуд, Барселеоны Ла Рамбла гудамжийг үзэх гэж гадаад дотоодын хэдэн мянган жуулчид зорьдог. Москвагийн Арбат нь 520 жилийн настай гадаад дотоодын жуулчдын түм түжигнэж, бум бужигнадаг газар билээ. Тав тухтай үнэтэй ресторан нь байна, цагаа хэмнээд хурдан түргэн хооллох буфет хоолны газар ч байна, гадаа талбайд нь өөрийн хөргөө зуруулчихна, илбэчин хүний үзүүлбэр үзчихнэ, сонгодог дөрвөл хөгжимчид, гитартай соло дуучны бяцхан гайхалтай тоглолтыг сонирхчихно, орос үндэсний бэлэг дурсгалын зүйлс худалдаад авчихна, кинотеатр, үзэсгэлэнгийн танхим, музей үзвэрийн газруудаар аялчихна.
Аялал жуулчлал гэх “далд экспорт”-ыг төрийн бодлогоор тууштай дэмжиж нэг жижигхэн гудамжийг “жуулчны гудамж” болгон хөгжүүлэхэд тийм ч хэцүү биш хэмээн бодож байна.
Монголиан гайд тур ХХК-ны захирал Ч.Буянбадрах