Монголын говьд Шар цав хэмээх нэгэн шинэ үзэх газар бий боллоо.

Дэлхийд хамгийн олон, хамгийн том мөр бүхий Шар цав дахь бүтээн байгуулалтын эхний шатны төслийн нээлт 2017 оны 10 сарын 22-нд 11.00 цагаас болох гэж байна.



Аварга биет Зауролоф, аймшигт махчин Тарбозавр гэх мэт монголчуудын домоглон ярьдагаар аварга “луунууд” болох эртний үлэг гүрвэлийн 5-6 зүйлийн 18000 мөрийг өдий хүртэл хадгалж ирсэн саяхан болтол хэний ч мэддэггүй байсан Шар цав хэмээх газар Өмнөговь аймгийн Манлай болон Ханбогд сумын зааг нутагт гайхалтай нууцаа дэлгэж байна.

Анх 1995 онд Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал, доктор Х.Цогтбаатарын ахалсан Монгол-Японы судалгааны баг нээсэн юм.


Энэхүү газрыг үзэж танилцахын хамтаар алдарт  Галбын говийн хойд хэсэг болох “Гүн хоолойн” ер бусын үзэмжит байгаль, алдарт “Торгоны ба Цайны зам”-ын монгол, хятад жинчдийн дайран өнгөрч, дамжин буудаллаж ирсэн эртний 30 орчим бичээсийг хадгалсан түүхэн дурсгалт “Хүрдэт агуй”, Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн бясалган байгуулсан алдарт “Дэмчогийн хийд”, хол ойрын зочин гийчний хүслийг сонсогч “Баяжихын агуй” гэх мэт зам зууртаа саатан үзэх зүйл арвинтай аяллын маршрутыг бий болгож болох юм.


Хахир говьд  ЭРДЭНЭ бий

Хазгар өвгөнд эрдэм бий

Хар авдранд судар бий

Хамаагүй басаж болохгүй ... Ц.Дамдинсүрэн