Бүлэг жуулчдад түр виз олгох нь шинэ асуудал биш

“Хил орчмын аялал жуулчлалын үнэмлэх” бичгээр хятад жуулчдыг 2003 оноос нэвтрүүлж эхэлсэн.  Монголын аялал жуулчлалд “Хил орчмын аялал жуулчлал”, “Өвлийн аялал жуулчлал”, “Үүргэвчтэй аялагчид”, “Хил дамнасан аялагчид” гэх мэт үг хэллэгүүд нэвтрээд багагүй хугацаа өнгөрч байгаа боловч энэ чиглэлд аялал жуулчлалын бодлого нь хэрхэн яаж явж байгаа нь ойлгомжгүй, тодорхой бус байсаар нөгөө л “замбараагүй” зам руу нь хөтөлчих шахаад  байна.

Хөрш зэргэлдээ орнуудын харилцан аялж жуулчлах бодлого нь тусдаа байдаг. Тухайлбал, Япон-Солонгос, Хятад-Орос, Европын хил залгаа орнуудын аялал жуулчлал аль хэдийнэ харилцан ашигтай хөгжүүлж байна. 2016 онд Монгол улсад 404156 гадаад иргэд хил гаалиар орж гарсны 131312 нь хятад иргэд байсан бол ОХУ-ын иргэд 84065 байсан байна.

Монгол улс, ОХУ-тай харилцан визгүй зорчих болсон боловч оросууд Монголыг зорин ирэх нь хангалтгүй байдалтай, харин монголчууд Улаан-Үд хотын хөгжилд аль хэдийнэ мөнгөө “хандивлаад” эхэлжээ. Ямар ч үед моодноос гардаггүй “Итгэлт хамбад мөргөх” аяллыг зарладаггүй аяллын компани, автобусны жолооч гэж бараг байхгүй болсон. 

Монгол улс, БНХАУ-ын хувьд монголчууд 30 хоногийн хугацаанд визгүй зорчих эрхтэй. Бээжин хотноо 1989 онд байгуулсан хэлэлцээрээр БНХАУ-ын иргэд Монгол улсад визтэй зорчино гэж заасан нь өнөөг хүртэл хэрэгжиж байгаа боловч тэрхүү хэлэлцээрт бичиг баримтын төрөл заагдаагүй ажээ. Тийм учраас бүлэг жуулчдын визний асуудлын хүрээнд хил орчмын 100км дэх газар нутагт зорчдог байх тухай яриа хэлэлцээр урагшилж байна. 

Хилийн орчинд “Хил орчмын аялал жуулчлалын үнэмлэх” хэмээх цаасыг бүлэг хятад жуулчдад олгож аялуулахыг 2003 оноос нэвтрүүлж эхэлсэн бөгөөд энэ нь ганц удаагийн нэвтрэх эрхтэй. Харин ганц нэгээрээ аялж яваа хятадууд виз авах шаардлагатай. Тэрхүү үнэмлэх бичгээр хятад жуулчид Монголоос гадна ОХУ, Мъянмар, Вьетнам, Лаос, Хойд Солонгос зэрэг улсуудад зорчдог ажээ.

Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийг үндэслэн аялал жуулчлалын компаниар зуучлуулан ирэх бүлэг жуулчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр визийг шуурхай олгох, Монгол улсын газар нутгаар дамжин өнгөрөх гадаадын иргэн дараагийн улсад зорчих визтэй бол 72 цагийн хугацаанд визгүй дамжин өнгөрөх нөхцөлтэй байдаг. Тэмдэгтийн хураамжийн хувьд 5-10 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчны визийг 25%, 10 хүнээс дээш бүлэг жуулчид бол 50% хөнгөлөх нөхцөлтэй. Бүлэг жуулчид орж ирэхдээ ямар нэгэн аяллын компаниар дамжин орж ирээд, бүлгээрээ гардаг учраас хяналт тавихад дөхөм байдаг. Жуулчдыг бүлгээр нь оруулж ирдэг компаниуд мэдээллээ үнэн зөв өгөх, визний хугацаа хэтэрсэн бол торгууль төлөх, зөрчил давтагдвал дахин жуулчид нэвтрүүлэх эрхийг цуцлах гэх мэтээр хариуцлагын тогтолцоог шийдэх боломжууд бий.

БНХАУ-тай хил залгаа аймгууд буюу Сүхбаатар, Дорнод, Өмнөговь, Ховд аймгууд хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаар бие даасан хамтын ажиллагааны санамж бичгүүдийг байгуулсан байдаг. 

Хил орчмын аялал жуулчлал нь тухайн сум, аймгийн эдийн засагт өгөх үр өгөөжийн судалгаа, харилцан ашигтай байх нөхцөлийг тусгасан гэрээ, нягт нямбай чанартай үйлчилгээн дээр тулгуурлагдах ёстой. Гэвч бэлтгэл дутуу, хараа хяналт сул байгааг нуух аргагүй. Хятадын хойд хэсгийн хөдөө нутгийн хятадууд голдуу орж ирдэг бөгөөд аяллын автобусаар бус ачааны машин дээр мал шиг ачигдаж орж ирдэг явдал бий. Аяллын үнийн бодлогыг ямар ч үед баримталж ажиллах нь хамгийн чухал бөгөөд хувийн явцуу эрх ашгийн төлөө эхнээс нь буруу замаар будаа тээлгэсэн аялал жуулчлал болгож болохгүй.


Хил орчимд аялахыг хүссэн хятад жуулчид Монголд ирээд юу үзэж харахыг хүсдэг вэ. Тэд Монголын газар нутаг дээр машин барьж дураараа давхих, ан агнах, өөрийн машинтайгаа хил нэвтрэх, буугаар буудаж үзэх, саун массаж хийлгэх, зарим нь монгол хүүхэнтэй зугаацах, худалдаа хийх, шарсан мах, хорхог идэх, ядаргаа стрессээ тайлж архи уух, цэлийтэл үргэлжлэх тал нутгийг харах гэж ирдэг. Харин жинхэнэ монгол ахуйг үзэх гэж ирэх нь тун цөөхөн. Хятадын хойд нутаг тэр чигээрээ өвөрмонголчуудын нутаг бөгөөд тэнд монгол ахуй заншил магадгүй зарим тохиолдолд биднээс ч илүү ёс заншлаа хадгалдаг байх магадлалтай.

Тийм учраас бүлгээр ирэх сонирхолтой хятад жуулчдад зориулсан аяллын хөтөлбөр чухам юу байх вэ гэдэг дээр мэргэшиж ажиллах шаардлагатай. Монгол улсын хууль дүрмийн хүрээнд жижиг ан агнуулах, ан амьтан харах, буугаар буудуулахдаа тусгай зориулалтын талбайд бай буудуулах, хятад дугаартай машинаар бус монголын машинаар монгол жолоочтой аялуулах, сүм хийд үзүүлэхдээ юуг баримтлахыг зааж өгөх, уул овоо, сүм суваргын орчинд бие засуулахгүй байх, монгол зоог шүүсэнд хүрэх ба хүртэх ёсыг танилцуулах нь аяллын хөтчийн үүрэг юм. Монгол улсад секс туризмыг хориглодог учир монгол хүүхэнтэй зугаацахыг дэмжихгүй байх, саун массажны үйлчилгээ байж болох ч ариун цэвэр, аюулгүй байдал, мэргэжлийн түвшинд байх гэдэг нь хөдөө орон нутаг битгий хэл УБ хотод ч асуудалтай билээ. Хил орчимд чөлөөт худалдааны бүс байгуулж жуулчид ихээр үйлчлүүлдэг байх нь тухайн бүс нутагтаа ашигтай. Хил орчмын хятад жуулчдын худалдан авдаг зүйлс нь бүх төрлийн шоколад, зөөлөн чихэр, ахуйн хэрэглээний ариун цэврийн бараа бүтээгдэхүүн, гоо сайханы иж бүрдлүүд голлодог. Ихэнх жуулчид энэ оронд ирсний гэрч болгож хувийн хэрэгцээндээ, эсвэл найз нөхөд, хамаатан садандаа бэлгийн чанартай зүйлийг худалдан авдаг бол хил орчмын аялал жуулчлалд эзлэх шоппинг нь магадгүй цааш нь дамлан худалдаалах зорилготой олон тооны бараа бүтээгдэхүүний худалдан авалт байх магадлалтай.

Мөн хил орчмын аялал жуулчлалыг өргөжүүлэхийн тулд орон нутгийн эвент арга хэмжээг бий болгон тогтмолжуулах шаардлагатай. Зочид буудлууд, хоол үйлчилгээний ресторануудыг нэмэгдүүлж үйлчилгээг чанаржуулах нь хил орчмын аялал жуулчлалын ирээдүйн хөгжилд хэрэгтэй юм.

Жуулчлах мөнгийг сар жилээр хуримтлуулаад аяллын богино хугацаанд үрж зарцуулан таашаал авдаг нь аялагч жуулчдын гол онцлог. Олон улсын статистик үзүүлэлтийг харахад 7 хоногийн хугацаанд дунджаар 600 доллар, АНУ-ын жуулчин 1000 доллар зарцуулдаг байхад хамгийн мөнгөнд нарийн гэгдэх герман жуулчид дунджаас доогуур зарцуулдаг. Харин аяллын хамгийн өндөр төлбөрийг одоохондоо шинэ оросууд 1200 – 1800 ам долларыг 7 хоногийн хугацаанд зарцуулж байгаа нь тогтоогджээ.