Ирээдүйгээ өөрсдөө бүтээж буй ИСТАНБУЛ

Зүүн Ромын эзэнт гүрэн хэмээн нэрлэгдэж байгаад хожим XY зуун буюу 1453 онд Османы II Фатих хаан Константинополийг эзэлж, нэрийг нь өөрчилсөн Истанбул хот юм. Туркийн Истанбул хотод хөл тавьсан хүн болгон хотын төв хэсэгт хаяа дэрлэн орших Султан Ахмет, Гэгээн Софийн музейг магтан шагширдаг. Султан Ахметын сүм мусульман шашинтны хамгийн том сүм бол Гэгээн Софийн музей эртний гайхалтай ур хийцээрээ жуулчдын анхаарлыг татдаг.


Истанбул хот 14.5 сая хүн амтай гэх боловч 20 орчим сая хүн амьдардаг гэсэн албан бус судалгаа бий. Турк төдийгүй Европын хамгийн том хот гэгдэх Истанбул хот улсынхаа төсвийг бараг дангаараа бүрдүүлдэг. Жуулчид Туркийг зорьсон л бол Истанбулаар заавал дайрч өнгөрдөг жишиг тогтсон.


Ази, Европ хоёр тивээр зааглагдан орших тус хот нэг талаараа Дундад Азийн тэнгис, нөгөө талаараа Хар тэнгисээр хүрээлүүлэн орших бөгөөд хотын яг дундуур хоёр тэнгисийг холбосон Босфорын хоолой орших ба тэдгээрийг холбох хоёр ч гүүр бий.  Хэдэн зуун жилийн өмнө техник технологи хөгжөөгүй үед эдгээр гүүрийг босгосон гэж бодохоор агуу санагдана. Ази, Европ тивийг холбосон хоёр гүүрний нэг нь Босфорын гүүр, нөгөөдөх нь Султан хааны нэрээр нэрлэгдсэн гүүр. Харин гурав дахь гүүрийг хожим барьсан бөгөөд гүүрийн урт 1408 метр өндөр. Босфорийн хоолойгоор усан завинаас гадна гүүрээр хоёр тивийн хооронд хөлхөж байсан бол эдүгээ усан доогуурх метрогоор ч зорчиж байна. Уг метрогоор жилд 120 сая хүн үйлчлүүлдэг байна.


Истанбул хотод Ататурк, Сабяха Гөкчэн гэсэн хоёр олон улсын нисэх буудал бий. Эдгээр нисэх буудалд хоёр минут тутамд онгоц ирж, нисэж байдаг. Иргэд нь их сүсэг бишрэлтэй, шашинлаг улс. Ихэнхи эмэгтэйчүүд нэлмэгэр хувцас өмсч зөвхөн нүүрээ ил гаргадаг. Өдөрт таван удаа мөргөл үйлдэнэ. Баасан гараг бүх нийтийн мөргөлийн өдөр бөгөөд үдийн алдад гол мөргөл болдог. Энэ үеэр лалын шашинтнууд хаана явна, тэр газраа юм дэвсэж суугаад мөргөл үйлддэг. Тахил өргөх, Мацаг барих гэсэн хоёр том баярыг өргөн тэмдэглэдэг. Мөн хүүхдийн баярыг тэмдэглэнэ. Түрэгийн угсаа монголчуудтай цус нэг гэгддэг эдгээр ард түмэн үр хүүхдэдээ Тэмүүжин, Жингис нэр өгөх нь түгээмэл. Цус нэгтэй гэснээс их халуун цустай, цөс хөөрүү хүмүүс.


Сүүлийн арван жилд 142 цэнгэлдэх хүрээлэн бүхий парк байгуулжээ. Мөн Истанбулын хэмжээнд 20 орчим цэвэрлэх байгууламж барьсан гээд тоочоод байвал маш олон бүтээн байгуулалтыг сүүлийн жилүүдэд эрчимтэй хийж байна.  Хотын өндөрлөг цэг болгонд босгосон цэцэрлэгт хүрээлэнд төрийнхөө тугийг мандуулжээ. Энэ бүхнийг нэгтгэн харуулах үзүүлэнгийн төвийн хойхно “Мини Турк” байрлана. Энэ бол Истанбулын төдийгүй Туркийн жуулчдыг татах гол газар. Туркийн бүхий л үзэсгэлэнтэй, түүхэн дурсгалт газар, сүрлэг бүтээн байгуулалтыг 25 дахин багасгаж музей маягаар бэлтгэсэн нь сонирхолтой. Алдарт Босфорын гүүр, Аттатуркийн нисэх буудал, Нийслэлийн захиргааны ордон болон бусад хотуудад оршдог түүхэн сүм, ус урсдаг шохойн чулуун уул, агуй ашиглан бүтээсэн чулуун хороолол гээд жуулчдын нүдийг хужирлах зүйл их бий. Эдгээр 20 орчим үзмэрийг үзэж “Мини Турк”-ээр аялахад л Турк улсаар бүтэн тойроод ирсэн юм шиг санагдана.