Аялал жуулчлалын салбараа хөгжүүлснээр эдийн засгийг төрөлжүүлэх, гадаад валютын урсгал, экспортыг эрс нэмэгдүүлэх замаар тогтвортой, ногоон хөгжлийг бүрдүүлэх боломж бүрдэнэ.
Иймээс “Аялал жуулчлалын хөгжлийн төв” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгуулах Засгийн газрын тогтоол баталлаа. Үйлдвэрийн газар нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэд аялал жуулчлалын салбарын бодлогын хэрэгжилтийг хангаж, яамны ажилд дэмжлэг үзүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, статистик мэдээ, мэдээллийг нэгтгэн боловсруулж, судалгаа дүн шинжилгээ хийх, зорилтот зах зээлээ тодорхойлох, олон улсад гадаад сурталчилгаа хийх, жуулчдад зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулах зэрэг чиглэлээр ажиллах юм.
Дэлхийн 97 улсын 60 нь буюу 62 хувь нь аялал жуулчлалын үндэсний байгууллагатай байна. Манай улсад аялал жуулчлалын хөгжлийн талаар баримталж байгаа бодлого, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүн хагалтгүй байгаа нь тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн байгууллагын бүтэц байхгүйтэй шууд холбоотой гэж салбарын яам үзжээ. 2015 оны байдлаар дэлхийд 1.3 тэрбум гаруй хүн аялсан бол 2030 он гэхэд 1.8 тэрбумд хүрэх таамаглал гарчээ. Аялал жуулчлалын салбар нь дэлхийн нийт бүтээгдэхүүний 10, худалдаа үйлчилгээний 30, татварын орлогын 5 хувийг эзэлж, 11 хүн тутмын нэгийг ажлын байраар хангадаг байна.