Окаямагийн Их сургуулийн эрдэмтэд Монголын говиос үлэмж том хэмжээтэй үлэг гүрвэлийн мөр олсон тухайгаа зарлажээ. Японы эрдэмтэд Монголын ШУА-ын Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн судлаачидтай хамтран ажиллаж өнгөрсөн 8-р сарын 21-нд уг мөрийг илрүүлсэн байна.
Үлэг гүрвэлийн мөрний өргөн 106 см байгаа бөгөөд маш ховор олдворт тооцогдож байна. Тус олдвор дээр үлэг гүрвэлийн сарвууны хэлбэр маш тод харагдаж байгаа нь энэхүү олдворыг онцгой болгож байгаа гэнэ. Олдворыг Кретацийн галав буюу 70-90 сая жилийн өмнө тооцогдох геологийн настай газрын давхаргаас олжээ.
Тус олдворыг өвсөн тэжээлт Зауропод хэмээх аварга гүрвэлийн зүүн хойд хөлийн мөр гэж үзэж байгаа бөгөөд “Энэ мөрийг үлдээсэн аварга гүрвэлийн бүтэн араг яс одоогоор Монголоос олдоогүй байгаа хэдий ч хэзээ нэгэн цагт бүтэн араг яс нь олдоно гэдэгт итгэж байна. Энэхүү мөрний олдворыг Зауроподын араг яс олдсоноос дутуугүй үнэтэй нээлт гэж үзэж байгаа юм.” гэж профессор Шинобу Ишигаки ярьсан байна. Учир нь эрдэмтэд эндээс үлэг гүрвэлийн хөлийн хэлбэр, яаж явдаг байсан зэрэг олон зүйлийг мэдэж болох ажээ. Зауропод нь 30 м урт, 20 м өндөр үлэг гүрвэл ажээ. Социализмын үед энэхүү Зауроподын зөвхөн сүүжний яс Монголын говиос олдсон нь эдүгээ Байгалийн түүхийн музейд хадгалагдаж байгаа бөгөөд тус музейн палеонтологийн танхимын чухал олдворуудын нэг юм.