Ил үзмэр - Цогт Их Асар сүм

Монгол - Германы Ерөнхийлөгч нарын ивээл дор, хоёр улсын Засгийн газар хоорондын соёлын болон археологийн малтлага судалгааны урт хугацааны хамтын ажиллагааны үр дүнд Их Монгол Улсын нийслэл Хархорум хотын Цогт Их Асар сүмийн археологийн үлдэцийг хамгаалж, ил үзмэр болгох үйл ажиллагаа Өвөрхангай аймгийн Хархорин суманд боллоо.


ХБНГУ-ын ГХЯ, Герда Хенкель сан, Германы Археологийн хүрээлэн, Монгол улсын БСШУЯ санхүүжүүлсэн уг төслийнхэн Цогт Их Асар сүмийн барилгын археологийн үлдэцийг хамгаалахын зэрэгцээ археологийн судалгаан дээр үндэслэн тавцангийн хана, түүн дээр гарч буух шатыг ЮНЕСКО-гийн стандартын дагуу сэргээж босгожээ.


Тус ажиллагааг Монгол-Германы хамтарсан “Хархорум экспедици” төслийн удирдагч доктор, профессор хатагтай Кристина Франкен, доктор, профессор У.Эрдэнэбат нар удирдан зохион байгуулжээ. Монгол-Германы хамтарсан “Хархорум экспедици” сүүлийн 20-иод жил Хархорум хот орчимд малтлага судалгаа хийж Монголчуудын байгуулсан эзэнт гүрний нийслэл алдарт Хархорумын түүхийн талаархи эрдэмтэн судлаачдын дэвшүүлсэн олон асуудал, эх сурвалжийн мэдээллийг тодруулжээ.


Түүнчлэн Их Монгол Улсын нийслэлд байсан суурьшлын олон үе шатны дэс дарааллыг тодорхойлох боломж олгосноороо Төв Азийн нүүдэлчдийн хотжилт ба суурьшлын түүх, археологийн судалгаанд үнэтэй байр суурь эзэлж байгаа аж.


ХБНГУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд хийж буй олон ажлын нэг нь Хархорум дахь бурханы шашны их сүмийн археологийн үлдэцийг хамгаалах, өргөн олон түмэнд үзүүлэх ил музей болгон эзэмшиж ашиглах бүтээн байгуулалтын төсөл юм. Энэ төсөл 2014 оноос эхлэн хэрэгжжээ.