300 жилийн өмнө бичигдсэн Монголын түүхийн эх сурвалж

XYIII зууны Францын нэрт эрдэмтэн, Ойрхи дорнод болон Дундад Ази судлаач, дипломатч, орчуулагч Пети Де Круа-гийн бичсэн “Монголчуудын анхны эзэн Чингис хааны түүх” хэмээх түүхэн зохиол анх удаа монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа. Тэрбээр тус номыг бичихдээ XII – XYII зууны араб, перс, турк хэл дээрх 50 гаруй, европын 60 шахам жинхэнэ эх сурвалж материалыг үндэс болгон ашигласан нь эдүгээ цагт Чингис хаан болон Монголын түүхийн чухал үнэт сурвалж болох нөхцөлийг бүрдүүлжээ.


Зохиогчийн хүү Франсуа Пети Де Ла Круа эцгийнхээ бичсэн номыг 1710 онд франц хэл дээр хэвлэн гаргасан ба үүнээс хойш 12 жилийн дараа буюу 1722 онд Английн жүжгийн зохиолч, яруу найрагч, орчуулагч Пенелопе Оубин (1679 - 1731) англи хэлнээ хөрвүүлэн Лондон хотноо хэвлүүлсэн байна. Монголчуудын аугаа их өвөг дээдсийн тухай бараг 300 жилийн өмнө бичигдсэн, Монголын түүхийн ховор эх сурвалжийг монгол хэлнээ хөрвүүлэн эрдэмтэн судлаач, түүхч, уншигч олон түмэнд анх удаа дэлгэж байгаа аж.


Тус зохиол нь үлгэр домог, эсвэл хэн нэгний зохиосон зохиол бус дэлхийн хамгийн шилдэг эх сурвалжуудад тулгуурлан бичсэн XIII – XIY зууны Монголын Эзэнт Гүрний үнэн түүх ажээ. Тус номыг англи хэлнээс Хэл шинжлэлийн ухааны доктор Мягмарын Саруул-Эрдэнэ орчуулж, Түүхийн ухааны доктор Жаран овогт Бадарчийн Нямаа хянан тохиолдуулжээ.