Монголын говь Азийн эрчим хүчний “диваажин” болно.

Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц Монголын Галбын говьд байгааг эрдэмтэн судлаачид тогтоожээ. Нар, салхи нь нэг дор төвлөрсөн Монгол шиг орон дэлхийд ховор аж. Эрчим хүчний яам санаачлан Зүүн хойд Ази буюу Орос, Солонгос, Японы эрчим хүчний чиглэлд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран судалгаа хийж, судалгааны үр дүнг “Гобитек” төсөл болгон хэрэгжүүлэхээр бэлтгэж байна.

Европ тивийг эрчим хүчээр хангах зорилготой Сахарын элсэн цөлд хэрэгжүүлж эхэлсэн нар, салхины эрчим хүч үйлдвэрлэх “Десерттек” технологийг ашиглаж Монголын говьд турших “Гобитек”  төслийн ТЭЗҮ-г нь боловсруулах шаардлагатай байгаа ажээ.   


Арабын элсэн цөл нарны эрчим хүчний нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг. Монголын говь их хүчин чадал бүхий нарны станц байгуулахад хамгийн тохиромжтой бүс нутагт тооцогддог ажээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Герман улсад айлчилж Ерөнхийлөгч Ё.Гауктай уулзахдаа Монголын говийн бүсэд нар, салхины эрчим хүч ашиглах “Gobitech” парк байгуулах төслийн ТЭЗҮ-г хийхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн бөгөөд Герман улс нь дэлхийд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэлийн загвар орон болох хэмжээний туршлагатай ажээ.  




Монгол оронд жилийн 365 хоногийн 294 өдөрт нартай, салхины хурд ч бусадтай харьцууламгүй хурдан үзүүлэлттэй. Энэ байдал нь Азийн орнуудаас илт давуу гэдгийг судлаачид баталжээ. “Гобитек”-ийн судалгаанаас үзвэл Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний нөөц 13000 тераВатт цаг гэж байгаа нь 13000 тэрбум киловатт цагтай тэнцэх юм байна. Үүний 4800 тераватт цаг нь нарнаас, 8100 тераватт цаг нь салхинаас хуримтлагдах боломжтой. Мэдээж шавхагдашгүй энэ их нөөцийн дийлэнх нь говьд ноогддог. Өнөөдөр Монгол улс ойролцоогоор жилд 4 тераватт буюу 4 тэрбум киловатт цаг цахилгаан хэрэглэдэг. Цахилгааны хэрэглээ нэмэгдлээ гэхэд 2020 онд 10 тэрбум киловатт цагт хүрэх тооцоо бий.


Үүнээс үзвэл, Монгол улс сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэгч болсон тохиолдолд өөрсдийгөө хангаад зогсохгүй эрчим хүчний илүүдэлтэй орон болох нь тодорхой байна. Солонгос улс эрчим хүч үйлдвэрлэх түүхий эдийнхээ 96%-ийг гаднаас импортолдог. Тухайлбал, Ойрхи Дорнодын орнуудаас газрын тос, байгалийн хий зэрэг өртөг өндөртэй бүтээгдэхүүнийг худалдан авч, эрчим хүч үйлдвэрлэдэг. Хойд хөрш ч нарны элч багатай бол Энэтхэгт эсрэгээрээ нар байлаа гэхэд салхи үзэгддэггүй гэх мэтийн асуудлуудтай. Тийм учраас Монгол улсаас эрчим хүч импортлох бүрэн боломжтой гэж үзжээ.


Азийн эрчим хүчний хэрэглээ 2030 он гэхэд 13000 тераватт-д хүрнэ гэсэн тооцоо бий. Цахилгааны энэ хэрэглээг Монгол улс дангаараа хангаж чадахаар нөөцтэй нь дээр дурдсан тоонуудаас харагдаж байгаа аж. Эрчим хүчний яамтай хамтарч судалгаа хийсэн Япон, Солонгос, Оросын судалгааны хүрээлэнгүүд энэ бүх үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрсөн төдийгүй 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний үнэ нь нүүрстэй адил түвшинд очно гэсэн тооцоо бий. Тэр үед сэргээгдэх эрчим хүч дэлхий нийтийн түгээмэл хэрэглээ болж, түүнийг үйлдвэрлэгч орнууд тогтмол ашиг олно гэсэн судалгаа байна.


Харин “Гобитек”-ийг байгуулахад наад зах нь 16 жил шаардлагатай. 9 тэрбум ам.долларын хөрөнгө хэрэг болно гэсэн тойм судалгаа гаргажээ. Оюу толгой, Таван толгойг эдийн засгийн эргэлтэд оруулсан шиг сэргээгдэх эрчим хүчний салбарт томоохон хөрөнгө оруулагчдыг татаж, “Гобитек”-ийн ТЭЗҮ-г яаралтай боловсруулах шаардлага тулгарч байна. Монгол улс сэргээгдэх эрчим хүчний парк байгуулчихвал эхний ээлжинд 880 мянган ажлын байр бий болох гэнэ. Ажлын байр нь илүүдэж, гадны улс орнуудаас гэрээт ажилтан авах хэмжээнд хүрэх ч таамаглал судалгааны түвшинд байна. Тиймээс Монголын говьд “Гобитек - Gobitech” парк байгуулж, үйлдвэрлэсэн эрчим хүчээрээ Орос, Хятад, Солонгос, Японыг хангаж, цаашилбал Азийн бүх орон руу цахилгаан дамжуулах супер сүлжээ байгуулахаар бодлого боловсруулан ажиллаж эхэлсэн байна.