Улаанбаатарт дарсны төрөлжсөн “World wine”, “Good wine”, “Hanadu wines”, “Zanadu wines” зэрэг хэд хэдэн дэлгүүр ажилладаг аж. Тэд Франц, Итали, Герман, Аргентин, Австрали, Калифорниа, Өмнөд Африк, Португали, Чили, Шинэ Зеланд зэрэг улсын дарс импортлон оруулж ирдэг байна. Хуурай дарсанд сахар 0.3%, спирт 9-14% агуулагддаг. Дарсны шошгон дээр ганцхан тоо бичсэн бол спиртийнх нь хэмжээг илтгэдэг байна. Чихэрлэг хүнс хязгаарладаг хүмүүст Италийн “Cantune Ronco” хамгийн тохиромжтой аж.
Улаан дарсыг уухаас гадна янз бүрийн хоол хийхэд хэрэглэдаг. Сүмс, ангын махан хоол, тослог хоол, загасны махтай хоол хийхдээ улаан дарс хийж амталдаг, мөн кисель, желе, компот бэлтгэхдээ нэмж хэрэглэнэ. Дарс хүчиллэг, чихэрлэг, спиртлэг, аргуун гэсэн үндсэн дөрвөн төрлийн амттай байдаг. Дарс уусны дараа бага зэрэг спирт, хүчил, чихэр амтагдаад аль нэг нь илүү ялгарахгүй байвал төгс амттайд тооцогддог. Аль нэг бодис нь илүү хурц амтагдаж байвал чанар муутайн шинж ажээ. Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн удаа дараагийн судалгаагаар дарсны зохистой хэрэглээ нь хүний зүрхний үйл ажиллагаанд сайн болохыг тогтоожээ. Цус харвалт, зүрхний шигдээс болон цусан дахь холесторины хэмжээг багасгах, цусны өтгөрөлтийг багасгаж залуужуулдаг ажээ. Мөн олон төрлийн хорт хавдрын эрсдлийг бууруулдаг үйлчилгээ дарсанд байгааг судлаачид онцолж байна. Үүгээр ч барахгүй бактери, вирусын эсрэг үйлчилгээ үзүүлдэг гэнэ. Улаан дарсны байнгын зохистой хэрэглээ илүүдэл жингийн эсрэг тэмцэхэд тустай гэсэн мэдээлэл бий. Судлаачид улаан болон цагаан дарсыг зохистой хэрэглэдэг хүмүүсийг шар айраг уудаг болон огт дарс хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулсны дараа ийм дүгнэлтэд хүрчээ. Дарсыг өдөрт 100 граммаар тогтмол хэрэглэх нь ийм эерэг талтай аж.
Дарс уух соёл: Хундаганд дарс аягалсны дараа өнгө байдлыг нь анхааралтай ширтэж таашаал авсны дараа уруулаа хүргэж амтлан уудаг байна. Зочдоо дайлахдаа эхлээд хөргөсөн дарс, дараа нь халаасан дарс тавьдаг. Оргилуун дарсыг дайллагын төгсгөлд өгдөг. Цагаан дарс, ликёр дарс, вермутийг хундаганы гуравны хоёрыг дүүртэл аягалдаг. Вермут, зөөлөн архийг мөс, нимбэгтэй өгдөг. Гашуун амттай дарсыг заавал хөргөөж хэрэглэдэг. Хуучин улаан дарсыг бол онгойлгосон даруйдаа хэрэглэдэг гэнэ.
Цагаан дарсыг зуны ид халуун буюу 5, 6, 7, 8 дугаар саруудад уух нь зүйтэй. Он удаан жил дарсан дарсны ёроолд тунадас байдаг тул дарстай шилийг босоо байдалтайгаар ширээн дээр тавьдаг аж. Ийм дарсны тунадасыг хөдөлгөхгүйгээр аажим хундагалдаг. Дэлхий даяараа Бордо (Bordeaux) дарсыг хамгийн сайн дарс гэж үздэг байна. Бордо нь дарсны нэр биш, Францын баруун өмнөд хэсэгт байрладаг мужийн нэр юм. Бордо бүс нутаг нь маш олон усан үзмийн бүсүүдэд хуваагддаг ба энэ нь манайхаар сум, баг аж. Өөрөөр хэлбэл, Бордо дарс гэдэг нь уг бүс нутагт тариалагдсан усан үзмээр хийсэн дарс юм. Бордо дарсыг 3-5 усан үзмийн сорт (Merlot, Cabernet Franc, Cabernet Sauvignon) ашиглаж хийдэг учир маш жимслэг үнэр, амттай, өндөр зэрэглэлийн дарсанд тооцогддог байна.