1990 оноос өмнө төрийн бодлогоор Монгол улсад цөөн тооны аж ахуйд гахайн тоо толгой 200 000 орчим хүрч байсан бол сүүлийн 20 жилд гахайн тоо эрс багасч, 2009 оны статистикийн мэдээгээр 25 808 гахай тоологджээ. Гаалийн ерөнхий газрын мэдээгээр гахайн махны импорт 2009 онд 1303.6 тонн байсан бол тухайн онд дотооддоо үйлдвэрлэсэн гахайн махны хэмжээ 200 тонн байсан байна. Энэхүү үзүүлэлтээр бол дотоодын гахайн махны үйлдвэрлэлийг 6.5 дахин нэмэгдүүлж байж дотоодын хэрэгцээг бүрэн хангах юм. 2009 оны байдлаар судалгаанд оролцсон 610 өрхийн 90% нь дотоодын гахайн мах хэрэглэх сонирхолтой байгаа ажээ.
Гэвч хэрэглэгчдийн гахайн махны уламжлалт хэрэглээ болон гахайн махаар хоол хийх мэдлэг бага байдаг бөгөөд нийт судалгаанд оролцсон өрхийн дөнгөж 35.2% нь гахайн мах хэрэглэдэг гэж хариулжээ. Монголчууд малын мах хэрэглэдэг уламжлалтай ба малын мах гахайн махнаас хямд байгаа нь хэрэглээг хязгаарлах нэг нөхцөл болдог байна. Монгол оронд үйл ажиллагаа явуулж буй мах боловсруулах үйлдвэрүүд гахайн утсан мах, хиам, зайдас, дайвар бүтээгдэхүүн боловсруулан гаргадаг. Нийслэлчүүд жилд дунджаар 800 тонн хиам, зайдас, 600 тонн гахайн утсан мах хэрэглэдэг байна. Өнөөдөр 1кг гахайн махны жижиглэнгийн үнэ дунджаар 8000 – 12000 төг байна. Судалгаанд хамрагдсан 90 орчим рестораны хоолны цэсэнд 1-10 төрлийн гахайн махан хоол байжээ. Ийнхүү гахайн махны хоолны нэр төрөл цөөн байгаа нь тогооч нарын ур чадвараас гадна фермерүүд хоолонд тохирсон мах нийлүүлдэггүй, гахайн махны үнэ өндөр байдаг зэрэгтэй холбоотой гэнэ.