Археологийн хүрээлэнгийнхэн олон жилийн малтлага, эрэл хайгуулын дүнд эртний хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан модон эдлэл олжээ. Дөрвөн мянга бүү хэл дөрвөн зуун жилийн тэртээх модон эдлэл Монголоос өмнө нь олдож байгаагүй гэнэ. Монгол, Францын хамтарсан Евро-Ази судалгааны баг 2004 оноос эхэлж Баян-Өлгий аймагт судалгаа хийж одоогоор 29 булш малтжээ. Төмөр зэвсгийн түрүү үеийн пазырык гэсэн хэсэг бүлэг ард түмний үед хамаарагдах зөвхөн Алтайн нуруунд амьдарч байсан улсуудын булш бөгөөд Монгол Алтайн нурууны цэвдэгт маш сайн хадгалагдсан байна. Монгол Алтайн нуруунд Монголын талаас огт судалгаа хийгээгүй байж байгаад 7 жилийн өмнөөс Француудтай нийлж судалж эхэлсэн ажээ. Сүүлийн үед дэлхийн дулаарал эрчимтэй явагдаж мөс цас хайлж байгаа учраас Алтайн нуруун дахь булш бунхнууд сүйдэх аюулд өртөөд байгаа гэнэ. Үүнээс өрсөх маягтай судалгаа хийж байгаа ба Монголын булш бунхнаас модон эдлэл хэзээ ч гарч байгаагүй гэнэ. Төвийн нутгаар олон дурсгал бий боловч яс, төмөр эдлэл голдуу, маш их муудсан байдлаар гарч байжээ. Гэтэл Алтай нурууны булшнаас гарсан сав суулганууд бараг тэр чигээрээ гарч ирсэн нь маш гайхамшигтай юм хэмээн эрдэмтэд ярьж байна. Эртний тэр хүмүүс дүнз хөндийлж ухаад хүнээ дотор нь оршуулдаг байжээ. Тэрийг “ховд” гэх бөгөөд тухайн хүнийхээ эдэлж хэрэглэж байсан зүйлийг цуг хийгээд, царан дээр хонины сүүл тэргүүтэн тавьдаг байсан нь тодорхой болсон байна. Энэ жил 16 ховд гарч иржээ. 4000 жилийн өмнө байсан модон эдлэл хадгалагдаад үлдсэн байна гэдэг гайхамшигтай үйл явдал бөгөөд энэ үеийн хүмүүс морио их гоёдог байсан байна. Маш уран хийцтэй морины модон эдлэлүүд хэрэглэж хазаар, хөмөлдрөг, хударгаа янз бүрийн шувуу, домгийн амьтадын дүрсээр чимэглэсэн байжээ.