Сэнгүр - цэцэрлэгт хүрээлэн

Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд “Сэнгүр” шар айргаар нэрлэсэн цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна. 1950 онд дэлхий дээр жилд 25 сая хүн аялж байсан бол өнгөрсөн онд 922 сая болж өссөн үзүүлэлт гарчээ. Жуулчны тоо 2020 он гэхэд 1.6 тэрбум болох хандлагатай байгаа ажээ. Ялангуяа, ядуу буурай орнуудад аялал жуулчлал нэлээд хүчтэй өснө хэмээн эдийн засагчид таамаглаж байгаа юм.


Хэнтий аймаг бол манай улсын аялал жуулчлалын нэг гол бүс. Гадаад, дотоодын аялагч, жуулчид тун удахгүй “Сэнгүр” цэцэрлэгт хүрээлэнд саатаж, үдэлдэг болно. Хамгийн гол нь үлгэр жишээ ногоон төгөл байгуулахыг зорьж байна” хэмээн бүтээн байгуулагчид нь ярьж байна. 2020 он гэхэд Монгол орны цаг агаар 4.88 градусаар дулаарах судалгаа гарсан бөгөөд 50 жилийн дараа манай орон Сахарын элсэн цөл шиг хуурайшиж, Африкийн халуун орон шиг халах хэмжээнд хүрэх нь тодорхой болж байгаа гэнэ. Түүнчлэн манай орны цөлжилт урдаасаа биш төвөөсөө эхэлж байгааг судлаачид тогтоожээ. Хуурайшлын хурд энэ эрчээрээ үргэлжилбэл 10 гаруй жилийн дотор Улаанбаатар хот цөлжиж эхлэх түгшүүр бий болжээ. 2007 оны мэдээг 1970 оныхтой харьцуулахад нийт 887 гол горхи, 2096 булаг шанд, 1166 нуур тойром хатаж ширгэсэн байна.


“Сэнгүр” цэцэрлэгт хүрээлэнг анх Харзүрхний Хөх нуурын ойролцоо байгуулахаар төлөвлөжээ. Гэтэл тэнд модтой уул, ус нуур байдаг. Иймд урьд нь Сэнгүр горхи урсаж байсан, одоо бол нилээд цөлжсөн газрыг сонгож хамгаалалтын зурвасаа байгуулсан байна. Хээрийн бүсэд орох энэ хэсэг газрыг ногооруулж, ширгэсэн горхийг сэргээж, олон хүн амарч зугаалдаг цэцэрлэгт хүрээлэн байгуулах зорилгоор хамгаалалтын зурваст 2 га талбайд 370 ширхэг улиас, 400 ширхэг хайлаас тарьжээ. Эхний 3 жилд цэцэрлэгт хүрээлэнгээ хэлбэржүүлэхээс гадна жимсний мод, олон төрлийн цэцэг тарихаар төлөвлөсөн байна. Дараа нь хүрээлэнгийнхээ дотор талд усан оргилуур гэх мэт тохижилтын ажлуудыг зураг төслийн дагуу хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Тэрхүү төслийн дагуу 5 жилийн дараа гэхэд үлгэр жишээ цэцэрлэгт хүрээлэн байгуулагдана.