Өрнөдийг зорьсон анхны сурагчид

Монголын их зохиолч Д.Нацагдорж “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөртлөн ирнэ” хэмээн нэгэнтээ бичсэн байдаг. Тэртээ 1926 оны 5 дугаар сарын 25-26-нд  анхны 35 монгол хүүхдүүд өрнөдөд боловсрол эзэмшихээр Нийслэл хүрээнээс мордсоныг ийнхүү бичжээ. Тэдний нэг нь их зохиолч Д.Нацагдорж байсан бөгөөд тэдгээр залуус хожим янз бүрийн салбарт хүчин зүтгэж улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулжээ. Тэднийг гадаад хэл соёлд сургах, нарийн мэргэжил эзэмшүүлэх, дипломатч, судлаач болгон бэлтгэх зорилготой байжээ. Суралцахаар явахад нь үдэлтийн буудлага хийсэн гэх бөгөөд тухайн үеийн төр засгийн удирдлага нэлээд ач холбогдол өгсөн нь тодорхой байдаг. МАХН-ын дарга Ц.Дамбадорж, Судар бичгийн хүрэээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Ц.Жамсранноров, Цэргийн явдлын яамны сайд Хатанбаатар Магсаржав тэргүүтэй хариуцлагатай алба хашиж байсан хүмүүс үдэж өгч, Гэгээрлийн яамны сайд Эрдэнэбатхаан өөрөө биечлэн хүргэж өгсөн ажээ. Эдгээр баримтаас үзэхэд 1926 онд Монголын төр засгийн удирдлагууд орчин үеийн үндэсний сэхээтнүүдийг сургахад маш их анхаарч байжээ.


МАХН-ын Төв хорооны дарга асан Ц.Дамбадорж нь өөрөө 12 настайдаа Богд хаант засгийн үед 1910-аад оны эхээр Оросын Троцкосавскт сурч байсан. Ц.Дамбадорж Оросод сурч байхдаа нэлээд шоглуулж “бөөснөөсөө салаагүй бүдүүлэг харанхуй монголчууд” хэмээн орос хүүхдүүдэд ад үзэгддэг байсан тухайгаа хожим нь дурссан байдаг. Тэрбээр Амгаланбаатар хотод төрсөн, хятад эхнэртэй байсан ба багаасаа орос, хятад, түвд хэлтэй байжээ. Ц.Дамбадорж өөрөө санаачлан тэдгээр 35 хүүхдийг өрнөд рүү явуулахасаа өмнө 1925 онд Судар бичгийн хүрээлэнгийн томилолтоор Европын Итали, Франц, Герман, Швецарь гэх мэт арван орноор аялуулсан байдаг. Ийнхүү хамт явж ирснийхээ дараа Монголын үндэсний сэхээтнүүдийг өрнөдөд сургах нь хамгийн зөв арга бөгөөд дэлхийн өндөр хөгжилтэй хөл нийлүүлнэ гэдгийг ойлгосон хэмээн ярьсан байдаг. Тухайн үед Гадаад хэргийн сайд А.Амар байсан ба Ц.Жамсранноров нь Ц.Дамбадоржийн багш, Эрдэнэбатхаан бас Оросод боловсрол эзэмшсэн учраас энэхүү санаачилгыг бүгд дэмжсэн байдаг.


Тухайн үед Германд нийт 37, Францад 6 хүүхдийг явуулсан боловч харамсалтай нь эргүүлэн татаж хэлмэгдүүлжээ. Төгсөхийн даваан дээр буюу 1930 онд дуудан ирүүлж бүгдэд нь ял тулган байцаажээ. Улаан армийн дарга Берзин ЗСБНХУ-ын гадаад хэргийн ардын комиссариатын газрын Караханд бичсэн захидалдаа “Бидэнд байгаа мэдээгээр МАХН-ын эрх барьж байсан баруунтны удирдагчид хөрөнгөтөн орнуудын сургуульд 25 сурагч илгээжээ. Үүнээс тав нь Парисын эдийн засгийн сургуульд, 20 нь Германы янз бүрийн сургуульд явсан байна. Тэд нийгмийн гарал үүслийн хувьд Монголын түшмэд дээдсийн гаралтай аж. Монголын боловсон хүчнийг бусад оронд сургах нь бидний хувьд хүлээн авч эс болох зүйл. Цэрэг, далайн цэргийн ардын комиссарын орлогч Уншлих-т Монголын Засгийн газарт зохих хэлбэрээр “дарамт” үзүүлж Франц, Германд суралцаж буй монголчуудыг татуулан, улмаар залуучуудыг тэдгээр орон руу цаашид илгээхээс татгалзуулах нь чухал гэж үзэж байгаагаа илэрхийлье” хэмээсэн байжээ. Ийнхүү Зөвлөлтийн Коминтерний шахалтаар тэднийг татаж, дийлэнхийг нь баруунтан, хувьсгалын эсэргүү хэмээн ор үндэсгүйгээр буруутан ял оноож, цаазаар авсан байдаг. Харин амьд үлдсэнийг нь олигтой ажилд томилоогүй ба тэдгээр оюутнууд дөнгөж 20 нас хүрч яваа, гэр бүл, үр хүүхэдтэй болж амжаагүй залуус байжээ.

Эх сурвалж: Өдрийн сонин, эмхэтгэсэн Ч.Буянбадрах