Мөнх хааны үед орд өргөөнд нь шавар бишгүүрээр хөгжимдөж байсан тухай зарим эх сурвалжид тэмдэглэгдэн үлджээ. Тэрхүү бишгүүрийг “хурган чих” гэх бөгөөд үлээж байгаа хэсэг нь лимбэтэй адил боловч аргадангуй, зөөлөн аялгуутай хэрнээ эр хонгор дуутай” ажээ. Хурган чих бишгүүр нь иргэн Ш.Сүхбатын хувийн цуглуулганд байсан ажээ. Энэ сонин ховор хөгжмийг хадгалаад байх бус, мартагдсан өвийг сэргээж, өвөг дээдэс маань гайхалтай хөгжмийн зэмсэгтэй байсан гэдгийг ард олонд таниулах нь чухал гэж үзжээ. Анх шавраар хийсэн энэ зэмсэг явсаар байгаад лакадсан юм шиг гөлгөр болжээ. Өөрөөр хэлбэл, хүний гарын хөлс нэвчсээр байгаад өнөө үед байхгүй сонин технологи гаргаад иржээ. Судлаачид үзээд яах аргагүй хөрс шороогоор хийсэн болохыг тогтоожээ. Дотор талд нь хурууны хээ үлдсэн байхыг үзвэл гараар урласан болох нь ойлгомжтой ажээ. Байгалийн гамшигт үзэгдэл, бороо, шуурганаас сэргийлж уул усаа аргадахад хэрэглэдэг байсан болов уу хэмээн таамаглаж байна. Мөн төлөө голсон малд энэ хөгжмийг үлээж сонсгоход эх малууд уярч, сүү ивлэж байсан ажээ. Тэр утгаараа байгаль, мал аж ахуйтай холбогдож гарч ирсэн зэмсэг болов уу хэмээн судлаачид үзэж байна.