Монголын Аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн болно.

Монголын аялал жуулчлалын холбоо БОНХАЖЯ-тай хамтран жил бүрийн хавар уламжлал болгон зохион байгуулдаг “Ай Ти Эм-2016” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг 17 дахь жилдээ Мишээл Экспогийн шинэ үзэсгэлэнгийн танхимд 2016 оны 3 дугаар сарын 25-наас 27-ны өдрүүдэд зохион байгуулна.


Тус үзэсгэлэн нь Монголын хамгийн том аялал жуулчлалын үзэсгэлэн төдийгүй, 21 аймгийн төлөөлөл хүрэлцэн ирж орон нутгийнхаа аялал жуулчлал үйлчилгээний байгууллагууд, шинэ бүтээгдэхүүн, эвент арга хэмжээгээ сурталчлан танилцуулдагаас гадна аялал жуулчлалын бизнес эрхлэгчид шинэ бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах, түншлэлийн гэрээ хэлэлцээр хийх, гадаад, дотоодын аялал жуулчлалын салбарын судлаачдын төрөл бүрийн хэлэлцүүлэг, семинарт оролцох боломжоор хангагддаг билээ.


Өнгөрсөн жил тус үзэсгэлэнд БНХАУ, ОХУ, Нийслэл хот 21 аймгийн төлөөлөл болон аялал жуулчлалын тур оператор компаниуд, байр сууцны үйлчилгээ эрхлэгчид, дагалдах бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, агаарын тээврийн компаниуд, агентууд зэрэг 153 аж ахуйн нэгж талбай авч оролцон үйл ажиллагаагаа сурталчилж оролцсоноос гадна, 5000 гаруй зочид төлөөлөгч, худалдан авагч, сонирхогчид хүрэлцэн ирсэн томоохон арга хэмжээ болсон юм.


Зохион байгуулагчид 2013 оноос үзэсгэлэнгийн албан ёсны түнш аймгийг шалгаруулж, хамтран зохион байгуулж ирсэн уламжлалтай бөгөөд өмнөх жилүүдэд Өвөрхангай, Өмнөговь, Архангай аймгууд түншээр оролцож, аймаг орон нутгаа сурталчлан оролцсон бол энэ жил Дорноговь аймаг үзэсгэлэнгийн албан ёсны түнш аймгаар оролцохоор шалгарч, шилжин явах тугаа хүлээн авсан билээ.


Энэ жилийн хувьд Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн Танхим үзэсгэлэнгийн дэмжигч байгууллагаар оролцох болсон, мөн хойд, урд хөрш орны цөөнгүй тооны бизнес эрхлэгчид өндөр ач холбогдол өгч оролцохоор талбай захиалах хүсэлт ирүүлсэн, жилээс жилд оролцогчдын тоо нэмэгдэж байгаа зэргийг харгалзан өмнөх жилийнхээс 2 дахин том талбайд зохион байгуулахаар төлөвлөж байна.


Үзэсгэлэн 3 хоног үргэлжлэх бөгөөд эхний өдөр олон нийтэд хаалттайгаар зохион байгуулагдаж олон улсын Цайны зам төслийн форум, Цайны замтай холбоотой эртний түүхэн дурсгалт бүтээлийн булан гаргахаас гадна төрөл бүрийн бизнес уулзалт, гэрээ хэлэлцээг баталгаажуулах B to B өдөрлөг болно.


Мөн бүс нутгийн аялал жуулчлалын бизнес эрхлэгч 60 гаруй байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирэх учир харилцан туршлага солилцох, бизнесийн шинэ түнштэй болох, гадаадад жуулчин илгээгч компаниудын шинэ бүтээгдэхүүний сурталчилгаа, аяллын хөтөлбөртэй танилцах, жуулчны байр сууцны үйлчилгээ эрхлэгчдийн энэ зуны үнийг хөнгөлттэй үнээр авах, баталгаажуулах болон аялал жуулчлалын шинэ чиг хандлага, маркетинг, бизнесийн эрх зүй, олон улсын стандарт, хүний нөөцийн талаар судлаачдын лекц хэлэлцүүлэгт хамрагдах боломжоор хангагдах юм.


Бүртгэл: “ITM-2016” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн удирдамжийг Монголын Аялал Жуулчлалын Холбооны цахим хуудас www.travelmongolia.org    вэб хуудсаас авах боломжтой. Аялал Жуулчлалын Холбооны байранд ирэх эсвэл info@travelmongolia.org и-мэйл хаягаар хүсэлтээ илгээж бүртгүүлж болно.