Хятад дахь Монголчуудын анхны нийслэл

Хубилай хааны Дээд нийслэл Шанду хот:  НҮБ-ын судлаач шинжээч “Юань гүрний дээд нийслэл Шанду хотын түүх байхгүй бол Монголын түүх, дэлхийн түүх дутуу болно” хэмээн тэмдэглэжээ. Үүнээс үзэхэд Юань гүрний дээд нийслэлийн үнэ цэнэ, байр суурь ямар байсныг илтгэж байна.


Алтанхуа-гийн тал, Шанду голын хойд эрэгт нэгэн том хэмжээний эртний хотын туурь үлдсэн байдаг. Энэ нь 750 гаруй жилийн өмнөх “Юань гүрний Дээд нийслэл” юм. Юань гүрний хөгжил, улмаар хятадын цоо шинэ түүхэн үе шатууд энэ хотоос эхлэлтэй.  Хятадын түүхэн дэх хамгийн том тал нутгийн нийслэл хот байжээ. Эдүгээ Шанду хотын туурь нь Өвөрмонголын Шулуун хөх хошууны нутагт, Шилийн гол аймгийн Долоннуур тойргийн төвөөс баруун тийш 28 км, Бээжин хотоос чанх хойш 275 км зайд оршдог.Хотын өмнө хэсгээр “Шанд” хэмээх гол урсдаг ба монгол бичгээр “шанду” хэмээн бичдэг, хятадаар “Шань Ду” гэдэг нь “Дээд нийслэл” гэдэг утгыг илэрхийлдэг учраас энэхүү нэршлүүд давхацсанаар Шанду хот хэмээн алдаршжээ.


Анх 1260 оны 6 дугаар сард Хубилай хаан Кайпин буюу Шанду хотноо өөрийн талын ноёдоор хүрээлүүлэн “Их хуралдай” хуралдуулж өөрийгөө хаан ширээнд өргөмжилсөн. Кайпин хотыг байгуулах зарлигийг 1255 онд Мөнх хаан гаргаж барьж байгуулах ажлыг 1256-1259 онд гүйцэтгэжээ. Хубилай хаан 1263 онд зарлиг гарган Кайпин хотыг Юань улсын Дээд нийслэл хэмээн зарлаад “Шанду” хэмээн нэрийдсэн.


Шанду хот нь Хархорум хотын дараа орох хоёр дахь том хот болон хөгжиж, арьс шир боловсруулах үйлдвэрлэлээр тэргүүлж байв. Хааш хаашаа 2200м үргэлжилсэн тэг дөрвөлжин хашаатай “Гадаад хот”, зүүн өмнө хэсэгт хааш хаашаа 1400 м үргэлжилсэн тэг дөрвөлжин хашаатай “Дотоод хот”, хааш хаашаа 500м үргэлжилсэн урт хашаатай “Хубилай хааны зуны ордон буюу Хэйвэн ордон” гэсэн гурван үндсэн хэсгээс бүрддэг ба ид цэцэглэн хөгжиж байхдаа 100 мянган хүн амтай байжээ.


1369 онд Мин улсын арми хотыг эзэлж, галдан шатааснаар Шанду хот мөхсөн юм. 2002 оноос хамгаалалтанд авах ажил эхэлж 2008 онд Хятадын Засгийн газраас ЮНЕСКО-гийн Дэлхийн өв соёлд бүртгүүлжээ. Энэхүү дээд нийслэлийн туурийг харьцангуй сайн хадгалагдсан гэж үзэж байна. Одоогийн туурь 1430 оноос хойш хадгалагдсан туурь бөгөөд “Хубилай хааны ордон хот”, “Дотоод ордон”, “Гадна ордон”-оос гадна хотын ус зайлуулах систем, зээлийн гудамж, булш, хотын хэрэм, хотын хаалга, зам, сүм хийд, худалдааны төв, орон сууц, сан хөмрөгийн байшин, одон орныг судлах төв зэрэг барилгын ором үлджээ.


Шанду хот нь умардын нүүдэлчдийн соёл иргэншлийн бүс нутаг, өмнөдийн газар тариалан эрхлэх хятадын соёл иргэншлийн бүс нутгийн газарзүйн уулзвар газар болдог онцлогтой. Шанду хот нь монголчуудын сэргэн мандалт, хөгжил цэцэглэлт, хятад газрын зам харилцаа ба худалдаа наймааны чухал цэг болж монгол хятадын өвөрмөц нэгдлийн түүхийг харуулсан чухал баримт бүхий дурсгал юм.


Шанду хот болон Дайду (Одоогийн Бээжин) хоорондоо 270 км зайтай. Шанду хот нь Яньшань уулын ар талд, Дайду хот нь Яньшань уулын өвөр талд байрлаж байжээ. Дайду хот нь анх Алтан улсын нийслэл гэгдэх Янь Жин хот байсан бөгөөд 1264 онд Хубилай хаан Жунду хэмээн нэрийг нь өөрчилснөөр Жунду нь жинхэнэ нийслэл хот, Шанду нь туслах нийслэл хот болсон байна. Хубилай хаан хожим Жунду хотын нэрийг “Их нийслэл буюу Дайду” гэдэг нэрээр өөрчилжээ. Дайду гэдэг нь “Хаан балиг буюу Их нийслэл” гэсэн утгатай ажээ. Хубилай хаан Монголын эзэнт гүрний нийслэлийг Хархорумаас 1260-1264 онд Шанду руу, 1264 оноос Дайду хот руу тус тус шилжүүлсэн юм. 1271 онд Хубилай хаан улсынхаа нэрийг “Юань” хэмээн өөрчилсөн бөгөөд энэ нь “уг үндэс, язгуур угсаа” гэсэн утгатай ажээ.

 

Р.Цэцэнцогт  “Хубилай хаан” шүлэг

Шар талын цэцэгс чамайг мартахгүй
Шаргатай хүн чулуу чамайг мартахгүй
Нурсан хотын буурь чамайг мартахгүй
Урагдсан тугийн сэмэрхий чамайг мартахгүй
Хубилай хаан, Хубилай хаан
Өвөг дээдсийн галыг чи өвөрлөж явсны учир юу билээ.

 

Тогоонтөмөр хааны гэмшлийн шүлэг.

Элдэв зүйлийн эрдэнээр бүтсэн эрх ихт Дайду минь
Эртний хаадын зуслан Шандугийн шар тал минь
Эрхлэн жаргах сэрүүн сайхан Шанду хэйвэн балгасан минь
Эрдэнийн зүйлээр чимэглэсэн Найман талт цагаан суварга минь
Эрт босч өндөр дээр гарахад эрхэм сайхан үнэр анхилсан
Өмнө хойноос харж үзэхэд өнгө үзэсгэлэн төгөлдөр бөгөөд
Өвөл зун хэдийд ч уйтгаргүй өргөн дэлгэр Дайду минь
Урьдын хаадын байгуулсан улс нийтийн шүтээн Дайду минь
Учирч нийлсэн ноёд зайсангууд минь, ухаж мэдсэн ялах чинсан минь
Дөчин түмэн монголын нэр төр болсон, дөрвөн их хаалгат Дайду минь
Хувилгаан сэцэн хааны байгуулсан, хутаг оршсон дээд орноо
Хуурдаж алдвай юүгээ ноёнд, гутамшигт муу нэр надад ирвэй.

 

Эдүгээ Шанду хотын туурийг сэргээн засварлаж, хамгаалалт бэхлэлт хийж, аялал жуулчлалын маш том парк болгон хөгжүүлж олон зуун мянган жуулчдын урсгалыг чиглүүлэн хөгжүүлж байна.


Эмхэтгэсэн: Ч.Буянбадрах