Хүйтний менежмент буюу Өвлийн аялал жуулчлал

Эх сурвалж: www.trends.mn  /Автор: Монголиан гайд тур ХХК-ны захирал Ч.Буянбадрах


Тэртээ хэдэн жилийн өмнө аялал жуулчлалын салбарт орж ирэхэд “Монгол улс 2010 гэхэд сая жуулчин авна” гэж сонсож байв. 2015 он болсон чинь бас дахиад “сая жуулчин авна” гэж сонсов. Харин одоо “2016 онд нэг сая, 2020 он гэхэд 2 сая жуулчин авна” гэж дахиад л сонслоо.  Юуг үндэслэж,  ямар бодлого хэрэгжүүлчихээд  “сая жуулчин авна” гээд дээд албан тушаалтнууд нь хэнэг ч үгүй давтан хэлж, юу ойлгосон гэж ард иргэд нь “нөгөө сая жуулчин хаана байна” гэж асуудаг зуршил тогтчихов оо?


Улиг болтол яриад сурчихсан онгон байгаль, нүүдэлчин монгол, дээлтэй монгол гэдэг сэдвээр аялал жуулчлалын ашиг орлого хэмжигдэхээсээ нэгэнт өнгөрчээ. Дэлхийн улс орнууд өдөр бүр шинэ зүйлс сэдэж, өөр рүүгээ чиглүүлэн сурталчилж байна.


Урин дулаан цаг нь аялал жуулчлалын хамгийн таатай үе байдаг хэдий ч сая жуулчинг үнэхээр авахыг хүсэж байгаа бол “жуулчны улирал” гэж ялгахгүйгээр бодож сэтгэх цаг нэгэнт болжээ.  Өвлийн хүйтнийг есөн ес хоногт хувааж тухай бүрийн онцлогоор ярьдаг ард түмэн манайхаас өөр байхгүй.  Өвлийнхөө хүйтнийг аялал жуулчлалд ашиглаж,  цас мөс үздэггүй орнуудаас жуулчин ирүүлэх  “хүйтний менежмент”-ийг хэрэгжүүлэх хэрэгтэй юм.

 

... ХЭРЭГТЭЙ ЮМ.

Бүх тур оператор компаниуд албан ёсны веб хуудсан дээрх зуны өнгө бүхий сурталчилгааныхаа 50%-ийг өвлийн өнгөөр сольж, “дулааны маршрутаа хүйтний маршрут руу” шилжүүлж “өвөл ч гэсэн аялалд явах боломжтой юм байна” гэдэг ойлголтыг гадны жуулчдын сэтгэлгээнд суулгаж өгөх...


Өвлийн улиралд нисэх онгоц, галт тэрэгний тасалбар, зочид буудал, тусгай үзвэрийн үнүүдийг 30% хүртэл хөнгөлөх систем рүү шилжүүлэх, аялал жуулчлалын бүс бүрээс нэг жуулчны баазыг сонгон шалгаруулж өвөл ажиллуулан, бүх татвараас нь чөлөөлж, тур операторуудын захиалгуудыг тэдгээр сонгогдсон баазууд руу чиглүүлэх бодлого хэрэгжүүлэх...  


Орчин үеийн шаардлага хангасан тохижилттой цанын баазуудыг бий болгоход төрөөс хөнгөлттэй,  хүүгүй зээл олгож дэмжих хэрэгтэй. Өвлийн болон тусгай аяллын зориулалттай дугуй, мотоцикл, цасны машин, цасны завь, хиймэл цас үйлдвэрлэх техникүүд, цана, чарга, уулын аяллын хэрэгсэл, өвлийн аяллын хувцас хэрэглэл гэх мэтийн зарим нь гаалийн татвар, НӨАТ-аас чөлөөлөгдөж байгаа хэдий ч энэ талаарх мэдээлэл тун бага байна. Энэ талын сурталчилгаа, мэдээллийг өргөжүүлэх ...


Өвлийн улиралд жилд 80000 орчим жуулчин ирдэг гэж мэдээлдэг боловч 4-5-хан байдаг өвлийн эвентүүдэд хамгийн ихдээ 40-60 гадны жуулчин харагддаг. Одоохондоо өвлийн аяллын маршрут нь Хөвсгөлийн “Мөсний баяр”, Өмнөговийн “Тэмээний баяр”,  Чингисийн хүрээ жуулчны баазын “Бүргэдийн баяр” гэсэн хэдхэн эвентээс цааш олигтой өргөжөөгүйгээс гадна төр засгийн дорвитой дэмжлэггүйгээр аргацаасаар ирлээ. Ялангуяа цас мөсний эвентүүдийг хүмүүс зорьж очиход зардал мөнгө ихээхэн шаардагдах алс газарт зохион байгуулахгүйгээр нийслэлдээ ойрхон Өгий нуур, Туул гол, Орхон голын мөсөн дээр зохион байгуулах боломжуудыг хайж, төр засгийн зүгээс дорвитой дэмжих...  


Өвлийн аяллын бас нэгэн чухал сэдэв бол “Цагаан сар” юм. Монголын цагаан сар Хятадын цагаан сартай ойролцоо цаг үед болдог ч зан заншлын хувьд өөр. Сүүлийн үед хятадууд нүүдлийн соёл, цагаан сарын уламжлалт ёс заншлыг Өвөрмонголоор дамжуулан танилцуулж, их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, монгол ба хятад соёлыг нэгэн зэрэг сурталчлах бодлого хэрэгжүүлж байна.


Манай монголчуудын санаачилсан “Бүргэдийн баяр”-ыг Казакстан улс хуулбарлан авч төр засгаас нь дэмжээд олон мянган жуулчдыг өөрсдийн нутаг руугаа татах боллоо. Улаанбаатараас ч хүйтэн хэрнээ 10 сая жуулчин авч чадаад байгаа Харбин хот, Сибирийн өвлийн аялал жуулчлал нь цас мөсөн хотхон, өвлийн усанд шумбалтын тэмцээн, олон улсын тэшүүрийн тэмцээн, уулын цана гэх мэт хөтөлбөр, Өмнөд Солонгос мөсөн хананы олон улсын тэмцээн,  Япон улс өвлийн халуун рашаан хөтөлбөрөөрөө алдартай болцгоочихлоо.  Хойд Солонгост Мэйсикронж гээд манай Скай ресортоос хэд дахин том цанын бааз бүхий хотхоныг өнгөрсөн жил ашиглалтанд оруулаад Хятад ба Европын улс орнууд руу аялал жуулчлалын бодлогоо чиглүүлж байна.  Хойд хөршийн Новосибирск, Красноярск, Улаан-Үдийн хамтарсан “Нүүдлийн workshop” хөтөлбөрт ойр хавийн бүсийн 60 гаруй компани жуулчдаа оролцуулж байна. Бид хөрш зэргэлдээ орнуудаасаа дахин дахин суралцах ХЭРЭГТЭЙ болжээ.


Гадныхан манай өвлийн аяллыг сонирхдоггүйдээ биш, бид мэдээллээ хүргэж чаддаггүйд хамаг учир байна. Хойд туйлаас 900 км зайтай Франц улс Иосифийн арлаа, АНУ Аляскийн хойгоо, Норвег улс Шпицбергээ “өвлийн аялал жуулчлалын бүс” болгон хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж байна.  Эдгээр газруудад манайд байдаг шиг цаст уул, цасан тал, мөсөн гол бүгд байна.


Хойд туйл 


Жуулчид нь мөс хагалагч усан онгоцонд тухалж, онгоцны цонхоор гадна орчныг харж дулаахан сайхан аялдаг бол манайд морин чарган дээр дах нөмөрч, дэгтий өмсөн, үнэгэн лоовууз толгой дээрээ тавьчихаад аялж яагаад болохгүй гэж? Хойд туйлд ойрхон тэдгээр бүсүүдэд 10-20 мянган америк доллар зарцуулан байж аялдаг жуулчдын 90%-ийг Хятад тэргүүлж, Япон удаалж, Америк гуравдугаарт орж эзэлдэг судалгаа байна. Хятад, Японы хувьд хаяанд нь байгаа Монголыг алгасан тэр алс холын цас мөс рүү явж байгаа нь сонирхолдоо хөтлөгдсөн биш гэж үү.  ITB, WTM, JATA, Бээжин, Хонконгийн гэх мэт олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцохдоо өвлийн аялал жуулчлалтай холбоотой сурталчилгааг түлхүү хийх...  


Аляскийн хойг


Улаанбаатараас гадна Дархан, Эрдэнэт, Багануур гэсэн томоохон хотуудаа түшиглэсэн аялал жуулчлалын эвентүүдийг бий болгож, 300 гаруй жилийн түүхтэй Цайны зам, 2000 жилийн түүхтэй Торгоны зам дагуух аялал жуулчлалын тухай сэтгэж, алдартай бренд болсон ноолууран  бүтээгдэхүүнээрээ дэлхийн жуулчдын анхаарлыг татах томоохон “Ноолуурын баяр”-тай болъё.  Дах, дэгтий, үслэг малгайнуудыг сэдвээ болгосон үндэстэн ястны “Өвлийн монгол хувцасны шоу”-тай болъё.  МУГТ, уулчин Г.Өсөхбаяр хойд өргөрөгийн 90°-д хүрсэн 240 дэх хүн болж байсантай адил Монголын төв цэгт хүрсэн тэд дэх аялагч, эсвэл Монгол-Орос-Хятад гурван улсын уулзвар цэгт хүрсэн тэд дэх аялагч гэх мэтээр алдаршуулан онцолж болох бүхнийг маршрутандаа сэтгэн оруулъя.  “Улаанбаатар – Скай ресорт – Горхи Тэрэлж – Налайх - Тоньюкукийн хөшөө – Зуунмод - Манзуширийн хийд” гэх мэтээр өвлийн аяллын хамгийн ойрхон маршрутуудыг бий болгож байгалийн болон түүх, соёлын аялал жуулчлалыг одоо байгаа материаллаг баазыг түшиглэн хөгжүүлье. Өвлийн морин аялал, тэмээн аялал, морин чарганы аялал, нохойн чарганы аялал, цана тэшүүрийн аялал, мөсөн хананд авирах, цаа буга унах, өвлийн нар мандахыг харах,  цас мөсний баяр үзэх, шинэ жилийн баяр үзэх, цагаан сарын баяр үзэх, мал төллүүлэх, ан хийх, цооногоос загас барих, харзны усанд орох, Цэнхэрийн халуун рашаанд орох, шинийн гуравны бөөгийн тахилга үзэх аялал гэх мэт маш олон сонирхолтой аяллын хөтөлбөрүүдийг сурталчлая.  Ид зуны улирлаар тэмээн унаж  элсэн дээгүүр аялахад “хэцүү” тул намрын 9, 10, 11 дүгээр саруудыг “Тэмээн аяллын улирал” болгон хөгжүүлцгээе. Санамсаргүйгээр нөлөөлдөг мэдээллийг багасгаж “манай орон маш хүйтэн, өвөлдөө -30 хэм хүрч хүйтэрдэг, эх газрын эрс тэс уур амьсгалтай,  цас ордог, та зун л аялсан нь дээр дээ” гэж ухуулдагаа больж  жуулчдын сонирхлыг гацаадаг сөрөг үр дагавраас зайлсхийцгээе.


Харбины мөсөн хотхон 


Эцэст нь хэлэхэд, Монголын аялал жуулчлал сүүлийн 25 жилд БОР ЗҮРХЭЭРЭЭ ЯВЖ ИРЛЭЭ. Харин Азийн бусад орон тухайлбал, Тайланд, Хятад, Солонгос, Вьетнам, Тайван, Хонконг, Малайз гэх мэт олон орны аялал жуулчлал ТӨРИЙН БОДЛОГООРОО ХӨГЖИЖ ИРЛЭЭ.  Монгол улсын Засгийн газар аялал жуулчлалынхаа салбарт хэзээ төрийн бодлогоо хандуулах вэ.


10-р сараас 4-р сар хүртэл төр засаг, ард иргэдэд хүндрэлтэй үе бөгөөд дулаан халаалт, түлээ түлш, зузаан хувцас гээд хаа сайгүй зардал нэмэгддэг энэ хүнд үеийг даван туулахад аялал жуулчлал чухал хэрэгтэй нэг гарц гэдгийг бүх шатанд ойлгож анхаарах цаг болжээ.


Шулуухан хэлэхэд Монголын Аялал Жуулчлал янз бүрийн яамны ХАВСАРГА бус бие даасан,  цомхон бүтэцтэй ӨӨРИЙН ГЭСЭН ЯАМТАЙ болж байж хөгжих бүрэн боломжтой. Аялал жуулчлалын салбарт оногдох төсөв бага, төр засгийн анхаарлын төв рүү орохгүй байгаа хэрнээ Монгол Улсын ТЭРГҮҮЛЭХ САЛБАР гэж яригдаад байгаа нь авцалдахгүй байна.