Ганцхан авиазүйн тэмдэглэлээс болж “монгол” гэдэг нэрийг “тэнэг, мулгуу, бүдүүлэг” гэж ойлгох болсон бололтой.
Монголчуудын захиргаанд байсан Уйгарын түрэг бичээч, туслахууд Монгол эздэдээ зориулан монгол хэлээр гаргасан зарлиг, бичгийн эх зэрэгт Mongγol гэж дандаа зөв бичиж ирсэн хэрнээ өөрийнхөө хэлээр эздийнхээ нэрийг бичихдээ Moγul (=Moγol) гэж яагаад бичдэг байсан нь ойлгомжгүй.
Түрэг хэлний “мунхаг, мулгуу” гэсэн утга бүхий muŋγul хэмээх үг нь уйгар бичгээр бол Mongγul гэсэнтэй яг адил бичигддэг (Гүюг хааны тамганы бичээс дээрхтэй адил) байна.Үүнээс харахад Монгол хааны эрхэн дор ажиллаж байсан бичээч нар түрэг хэлээр “мунхаг” хэмээх үг хэрэглэх нь зориудаар доромжилсон хэрэг мэт байжээ.
“Монгол” хэмээх үг түрэг хийгээд перс, энэтхэг, араб зэрэг олон хэлэнд Могол, Мугал, Могул болон хэвшсэн байсан. Нэрт монголч эрдэмтэн Игорь де Рахевилз “Ази болон Европ дахь Монголчуудын нэр” өгүүлэлдээ “XII-XIII зуунд Төв болон Өрнөд Ази, мөн Европод монголчуудыг Tatar (Tartar) эсвэл Mogol (Moγol)хэмээн нэрлэдэг хувилбар л байсан. Mongol (Mongγol) хэмээх үг хааяа тааралддаг. Түрэг, перс, Монголтой ойр харилцаатай бусад үндэстнүүд ч бүгд Монголыг “n” үсэггүй бичсэн байдаг.
Цагаадайн түрэг хэлэнд Moγul, перс хэлэнд Moγōl (Muγūl мөн Moγāl), араб хэлэнд харин Mughūl (перс шиг), индустанд Mugh(a)l, армени хэлэнд Muγal, сири хэлэнд Muglaye буюу Mugal-ын авиа тонгорсон хэлбэр, грек хэлэнд харин Moυγούλιοι (Muγul-аас үүдэлтэй) хэлбэр тус тус тохиолдоно. Энэ бүх хэлбэр дэх эгшгийн хувирлыг хялбархан тайлбарлаж болох ч мөнөөх л “n” үсэг алга байна.
Mongγol хэмээх нэр Уйгарт Moγul болсон, түүнээс шалтгаалан Афганистан дахь монголчууд Moghol нар болсон, Энэтхэг дэх алдарт хаад Mughal хэмээгдэх болсон аж. Эдгээрээс үзэх юм бол “монгол” гэдэг үгний “нг” авиаг түрэг хэлээр бичихдээ ганцхан авиан тэмдэглэлийг өөрчилж бичсэнээс үүдэн уйгар хэлний “тэнэг мунхаг” гэдэгтэй адилхан болсон бололтой. Бараг “монгол” гэснээс “Могул” гэдгээрэ явж байсан бол тэр “тэнэг мангар” гэсэн утгууд гарч ирэхгүй байсан биз ээ.
Дэлхийн түүх бичлэгт Чингис хааныг Genghis khan хэмээн бичсэн нь маш түгээмэл байдаг. Түүнийг дагаж бид Чингис хаанаа “Гэнгис хан” гэж хэзээ ч бичиж дууддаггүй. Монгол хэл бичиг дэх “хан”, “хаан” хоёрт агуулгын хийгээд бичлэгийн ихээхэн ялгаа бий.
Дундад Ази, Иран, Энэтхэгт тархсан монголчуудыг нэрийдэх Могол, Мугал, Могул гэх зэргээр бичиж дуудахгүйгээр Монгол хэмээн дуудаж бичиж байх нь зөв юм. Бусад нутагт байсан монголчууд болох Алтан орд, Ил хаад, Цагаадайн улсынхнаас ялгахын тулд “Энэтхэг дэх Их Монголчууд” (Great Mughals) гэх нь зөв болох юм. Ил хаад, Алтан ордныхон зэрэг өөр бус нутагт очсон монголчууд улс орноо нэрийдэхдээ Монгол хэмээх нэр огт оруулаагүй, зөвхөн Энэтхэгт очсон монголчууд л Бабур хааны 1526 онд үндэслэсэн улс гүрний нэрийг Их Могол буюу Их Монгол хэмээн нэрлэсэн байдаг онцлогтой.
Сүүл үед зарим судлаачид Хятадад байсан Их Юань гүрнийг “Юань” гэх харь хэлний дуудлагаар нь биш, анхлан Хубилай хааны болгоосон “Хөх” хэмээх үндсэн утгаар нь буюу Хятад дахь “Их Монголын Хөх гүрэн” хэмээн дуудаж хэвших тухай санал бодол гаргаж буй нь дээрхтэй мөн адил агуулгатай юм.
Эх сурвалж: www.dayarmongol.com сайтын “Зохиогчийн булан: М.Саруул-Эрдэнэ”