Монголын хамгийн өндөр хүний нэг бол Пүрэвийн Гонгор юм. Ард олонд өндөр Гонгор хэмээн алдаршсан тэрбээр Далай чойнхор вангийн хошуу, одоогийн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутагт 1883 онд төржээ. Түүний биеийн өндөр болоод бяр чадлын талаар домог болсон хууч яриа хөөрөө их байдаг. Тэрбээр 4 хүүхэдтэй байсны 2 нь охин байжээ. Охин Г.Будханд амьд сэрүүн байхдаа “Миний өвөө Пүрэвийнх олон хүүхэдтэй айл бөгөөд манай аав тэдний 3 дахь хүүхэд байсан юм. Аав багадаа тийм ч өндөр байгаагүй, харин гарын сарвуу урттай байсан гэдэг. Аав хоол их иддэг болохоор жаахан шоовдор байжээ. Тиймээс аав жинчид дагаад Их хүрээ явчихсан гэсэн. Нэг өдөр зах дээр явж байтал нэг хүн ирж, чамайг эзэн Богд хаан аваад ир гэсэн гээд дагуулаад явсан гэнэ. Ордныхон аавын биенд тохирсон хувцас хийлгэж, бүрэн хувцаслаад, минжин малгай өмсгөж өгсөн гэдэг. Нэлээд удсан хойно 2 лам дахин ирж, дагуулан айлд очиж, нэгэн эмэгтэйтэй уулзуулж, Богд эзэн та хоёрын заяа төөрөг таарах учир айл гэр бол гэсэн хэмээжээ. Аавыг ингэж Богд хаан гэрлүүлсэн гэдэг. Миний ээж Должинсүрэн их уран хүн байсан болохоор Богд эзний малгайг оёдог байсан” хэмээн хуучилжээ. Богд хаан Гонгорыг их сангийнхаа даамал, Богдын зааны маллагчаар ажиллуулж байсан гэдэг. Ардын хувьсгалын дараа Гаалийн хороонд байцаагчаар хэсэг хугацаанд ажиллаж байжээ.