2015 оны 8-р сарын 10-ны өдрөөс эхлэн аяллын болон ах дүү, төрөл садан, найз нөхдийндөө зочлох, бизнесийн зорилгоор “Богино хугацааны олон удаагийн виз”-ийг дараах нөхцөлийг хангасан тохиолдолд мэдүүлэх боломжтой болсон. Японд ашиг олох бизнесийн үйл ажиллагаа, ажил хөдөлмөр эрхлэл зорилгод энэхүү богино хугацааны олон удаагийн “Аяллын виз”хамаарахгүй. Тухайлбал, Үндэсний энгийн паспорт эзэмшигч Монгол Улсын иргэн байх, өнгөрсөн гурван жилийн хугацаанд богино хугацааны ангиллын визээр Япон улсад зорчиж байсан, Япон улсын хилээр нэвтрэх болон зорчих хугацаандаа тус улсын хууль дүрмийг зөрчиж байгаагүй бөгөөд зорчих зардлаа хариуцах санхүүгийн боломжтрй байх, Японд зорчиж байгаагүй ч тодорхой орлоготой, санхүүгийн хувьд бие даасан байх. Дээрх болзлуудыг хангасан бол виз мэдүүлэх боломжтой.
Нэг зорчихдоо 15 хоног. Харин үүнээс олон хоног зорчих тохиолдолд визийн нөхцөлд хамаарахгүй. Хүчинтэй хугацаа нь нэг болон гурван жил байна.
Өнөөг хүртэл тус ЭСЯ-наас “Олон удаагийн виз” олгодог байсан боловч Японы хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компанитай тогтмол холбоотой Монголын томоохон аж ахуй нэгжийн удирдах албан тушаалтан, эрдэмтэн зэрэг төрийн өндөр албан тушаалтан, урлагийн алдартан зэргээр хязгаарлагддаг байсан. Харин энэ удаагийг хөнгөлөлт нь шаардлага хангахуйц тодорхой орлоготой, санхүүгийн чадамжтай энгийн паспорт эзэмшигч аялах, ах дүү, төрөл садан, найз нөхдийндөө зочлох, бизнесийн зорилгоор “Олон удаагийн виз” мэдүүлэх боломжтой болсноороо давуу талтай юм.
Энэ удаагийн “Богино хугацааны олон удаагийн виз” мэдүүлэх журмын өөрчлөлт нь дипломат болон албан паспорт эзэмшигч нь ямар ч тохиолдолд урьдын адил виз мэдүүлэх шаардлагатай. Харин Дипломат паспорт эзэмшигчийн тухайд визээс чөлөөлөх Монголын талын хүсэлтийг Японы Засгийн газар судалж байгаа.
Японд зорчих гэж буй Монгол Улсын тухайн иргэн эмнэлгийн яаралтай тусламж авах, амь насанд нь ноцтой аюул учирсан эсвэл Японд оршин сууж буй Монгол Улсын иргэн осол, гэмт хэрэгт холбогдсоны улмаас эмнэлэгт хэвтсэн эсвэл нас барсан тохиолдолд түүний ар гэрийнхэн яаралтай Японд зорчих шаардлага гарсан гэх мэт хүндэтгэх шалтгааны улмаас яаралтай виз мэдүүлэх тохиолдолд тус ЭСЯ бодит байдал, материалыг шалгасны үндсэн дээр визийн хариуг сонгодог. Энэ тохиолдолд тус ЭСЯ-ны Консулын албатай шууд холбогдох нь зүйтэй.
Визийн хариуг виз мэдүүлсэн өдрийг тооцон ажлын дөрөв хоногт хянан шийдвэрлэнэ. Жишээлбэл, Даваа гарагт мэдүүлсэн бол тухайн долоо хоногийн пүрэв гаригт, лхагва гаригт мэдүүлсэн бол дараагийн долоо хоногийн даваа гаригт паспортыг буцаан олгох хуваарьтай. Бүрдүүлж өгсөн бичиг баримт нь ямар нэгэн асуудалтай байх юм бол шалгах хугацаанд шийдэгдэхгүй хойшлох магадлалтай.
“Богино хугацааны олон удаагийн виз”-ээр Японд зорчих үедээ хугацаа хэтрүүлэн үлдэх тохиолдолд Японы хуулийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэж арга хэмжээ авах эсвэл Японоос албадан гаргана. Аль ч тохиолдолд зарчмын хувьд Япон руу дахин зорчих боломжгүй.
Богино хугацааны олон удаагийн визийн хураамж 102 мянган төгрөг бөгөөд визийн хураамжийг жил бүрийн дөрөвдүгээр сард шинэчлэн тогтоодог тул, виз мэдүүлэхдээ тус ЭСЯ-ны цахим хуудсыг үзнэ үү.
Японд хууль бусаар оршин суугч монгол иргэдийн тоо, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, ард иргэдийн амьжиргааны түвшин өсөлт зэргээс хамааран цаашид нэг удаа зорчих хугацааг үе шаттайгаар 30, 90 хоног болгож сунгаж болно.