Төвдийн тухай тэмдэглэл

1904 онд Ян Хазбэндээр толгойлуулсан англи цэрэг Төвдөд орж ирэв. Төвдийн  тэргүүн XIII Далай лам нь Оросын тагнуул Агваан Доржиевийн нөлөөнд их орсон байжээ. Энэ тохиолдолд Ян Хазбэндийн цэрэг Лхаст орсон нь нэгдүгээрт Төвдийн Бирм, Энэтхэгтэй залгах хилийг тодорхой болгох, хоёрдугаарт Оросын нөлөөнд орох нь аюултайг ойлгуулах, гуравдугаарт хэрэв Далай лам зөвшөөрөх юм бол Англи улс төвдийг хамгаалалтдаа авах гэсэн даалгавартай аж. Харин далай лам нь Агваан Доржиевийн ятгалгаар Санкт Петрбург орж Оросын хаанаас тусламж гуйхаар умар тийш зугтаан Монголд хүрээд иржээ.




Далай ламыг Хүрээнд ирэхэд нь Богд түүнийг тосоогүйгээр үл барам ерөөс уулзсангүй. Монголчууд хэдэн зуун жил үргэлжилсэн Төвдийн оюун санааны дарангуйллаас салах гэж оролдож байв. Тийм учраас “Умрын бурханы шашин” гэсэн нэр томьёо гаргаж “Миний сургаал ирээдүйд умраас умарт түгэх болно” гэсэн  Буддагийн үгийг ишлэх нь их болсон байв. Хожим Ерөнхий сайд Бадамдорж Чэнь И-тэй  64 зүйлт хэлэлцээр байгуулахдаа “Умрын бурханы шашин” гэдгээ ихэд онцолж, Төвдөөс үл хамаарсан шашны төвлөрөл буй болгох, түүний удирдагч нь Төвдөөс биш Халхаас тодрох, Жавзандамбын дараагийн дүр нь Далай лам, Банчинбогдын дараа эрэмбэлэгдэх ёсыг халж, Умрын Бурханы шашны толгойлогч байх гэдгийг хэлэлцээрт тусгахаар чармайж байв. Богд хаан нас барсны дараа Монголын шашны мяндагтнууд IX Богдыг одоогийн Сэлэнгэ аймгаас тодруулж байжээ. Ийм шалтгаанаар 1904 онд VIII Богд нь XIII Далай ламыг хүлээж аваагүй бололтой.


Үл хүндлэгдсэн Далай ламыг Халхын Чинван Ханддорж нутагтаа залан Вангийн хүрээнд өвөлжүүлжээ. Далай ламыгаа хордуулж алах гэсэн хэсэг төвдийн хэрэг илчлэгдэж Ханддорж тэднийг хатуу шийтгэсэн байна. Энэ явдалд өсөрхсөн төвдүүд Ханддоржийн Бээжинд байх хүүг хууран хааны ордонд зөвшөөрөлгүйгээр дагуулж орон хууль зөрчүүлчихээд ордныхонд зааж өгөн цаазаар авахуулжээ.



1911 онд Монгол Улс тусгаар тогтнолоо зарласан авч үүнийг нь хэн ч хүлээн зөвшөөрсөнгүй. Харин 1913 онд Төвдийн төлөөлөгчид өөрсдийнхөө тусгаар тогтнолыг зөвшөөрүүлэхээр ирсэн тул хоёр орон харилцан хүлээн зөвшөөрсөн гэрээнд гарын үсэг зуржээ. Чин улсын харъяанд байсан энэ хоёр үндэстний тусгаар тогтнолоо олох болон хүлээн зөвшөөрүүлэх тэмцэл нь шал өөр замаар явсан юм. Монголчууд Хятадын өөдөөс Монголыг булаацалдах Орос улсыг хань татан сөргүүлэн тавьжээ. Төвдүүд болохоор Хятадтай сөргөж чадахуйц англичуудаас зугтаажээ. Монголчууд өөрсөнөө зарласан тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх гэж гуч гаруй жил махран хөөцөлдсөн бол Төвдүүд хаалгаа тас хаагаад ертөнцөөс тасарсан. Монголчууд дэлхийн II дайнд ялагч гүрнүүдийн талд зогсон Японд хүртэл дайн зарласан. Харин төвдүүд дэлхий шинээр хуваагдаж байгааг бараг сонсоо ч үгүй нүд чихээ таглан өнгөрөөсөн.


1952 онд Хятадын чөлөөлөх арми Лхаст орж ирэхэд Төвдийг хэн ч өмөөрөөгүй, учир нь дэлхийн их гүрнүүд 7 жилийн өмнө Төвд бол Хятадын салшгүй нэг хэсэг мөн гээд тохирчихсон байжээ. Өнгөрсөн хугацаанд XIII Далай ламын хөөрхийлөлтэй бодлогыг XIV Далай лам хожим нь ихэд харамсан дурсдаг аж.


Хүчинд автсан XVI Далай лам “чөлөөлөгдсөн” Төвдийг төлөөлж бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хуралд дэд даргаар “сонгогдон” ажиллаж байсан. Гэвч тэсэхээ болиод 50-иад оны сүүлчээр Энэтхэг рүү дүрвэн зугтаж тэндээ Төвдийн орогнолын Засгийн газар байгуулж өөрөө тэргүүн нь болжээ. Төвдийн тусгаар тогтнолын төлөө олон жил тэмцэж дэлхий даяар асар их нэр хүндтэй болсон авч нэгэнт хуваагдсан ертөнцөд эх орондоо тусгаар орон зай гаргаж чадсангүй. Бодит байдалтай эвлэрсэн тэрбээр 1988 онд Штутардтад Төвд нь Хятадын автономит муж байхыг хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл хийлээ. Ердөө жилийн дараа коммунизм сөнөнө гэж мэдсэнгүй. 1990 онд тэрээр коммунизмын дараах чөлөөт ардчилсан Монголд яаран ирж хоёр жилийн өмнөх Штутгардтын мэдэгдлээсээ татгалзаж байгаагаа зарлалаа. Төвдийн буддизм нь Төвд, Бутан, Энэтхэгийн Ладаг, Оросын Буриад, Тува, Халимагт шүтэгчидтэй. Харин энэ шашин тусгаар тогтносон Монголд 70 жил хориглогдож байгаад эргэж сэргэж байсан учир ийм мэдэгдлийг Улаанбаатарт зарлах нь улс төрийн хувьд маш ач холбогдолтой байсан бололтой.



1911 онд Халхад 13 тамгатай хувилгаан, 50 гаруй тамгагүй хутагт байжээ. Тамгатай гэдэг нь өөрийн газар нутагтай, тэндээ шавь гэгдэх өөрийн мэдлийн халамж боолтой, төрд татвар төлөхгүй эрхтэй байв. Тамгагүй хутагтын хувьд өөрийн мэдлийн газар нутаггүй байжээ. Энэ дампуурлыг 1928 оны төрийн хуулиар цаазлан хориглож, хутагт хувилгаадад дахин төрөхийг үл зөвшөөрөх болжээ.


Эх сурвалж: Өдрийн сонин