“Бахархалт Монгол орон – 2011” аяллын тэмдэглэлээс

Тэмдэглэсэн: Аяллын багийн гишүүн Ч.Буянбадрах

Guide төвийн “Бахархалт Монгол орон” аялал 4 дэх жилдээ зохион байгуулагдлаа. Энэ удаагийн аялал маань  6 дугаар сарын 23-наас 7-р сарын 1-ний хооронд амжилттай болж өнгөрлөө. Ээж хад,  Их газрын чулуу, Өөш манхан, Ханбогд, Цогтцэций сум-Тавантолгой,  Дэмчогийн хийд, Даланзадгад, Ёлын-Ам, Хонгорын элс, Баянзаг, Онгийн хийд, Сүм хөх бүрд, Бага газрын чулуу, Зорголхайрхан гэсэн газруудаар нийт 2300 км аялаад ирлээ. Эхний өдрөө шаварт сууж хээр хоносныг эс тооцвол тун хөгжилтэй, аян замын сонин хачин ихтэй аяллаа. Аяллын багт Guide төвийн шилдэг төгсөгч нар болон УБ-Хүрээ арслан клубын гишүүд оролцлоо. Аялал эхлэхээс 2 өдрийн өмнө Монгол орны ихэнх нутгаар бороошсон тул говь нутгийг сайхан ногоон өнгөтэй болгосон байлаа. Зам зуурт тааралдсан малчин хүмүүс “ойрын 10 жилд ороогүй сайхан хур буулаа, энэ зун тун сайхан ногоорох нь дээ” хэмээн сэтгэл тэнэгэр ярьж байхыг олонтаа сонсов. Ингээд аяллын явцад үзэж харсан, сонссон дуулснаа интернет хэрэглэгч та бүхэнтэйгээ хуваалцая.

 

6-р сарын 23. Пүрэв гариг: Энэ өдөр өглөө 7 цагт Guide төвийн байранд цугларлаа. Ачаа бараагаа янзалж хөдлөх гэсээр байтал бараг 40 минут болов. Монголчууд л болсон хойно ямар цаг барих биш, гэхдээ жуулчны хөтөч хүн цагаасаа эрт ирэх ёстой хэмээн урьдын адил үглээд авлаа. Дараа нь Nomads сүлжээ рестораны нэг рүү захиалсан өдрийн хоолоо авах гээд явлаа. Манайхан тэр ресторанаас жуулчиддаа боолт хоол авдаг учраас өөрсдөө захиалж аваад ер нь ямар байдгийг нь шалгая гэж бодлоо. Бас л урьдын адил нөгөө ресторан маань захиалсан цагаас хоцорч бараг 30 минутын дараа халуунаар нь гаргаж өглөө. Аялал маань замдаа гарч эхлээд “Ээж хад”-нд хүрлээ. Ээжийг тойруулж барьсан хашааны доторхи үнэр танар гэж авах юм алгаа. Мөргөлчид сүү авчирч цацдаг учраас гашилсан сүүний эхүүн үнэр, бас арц, будаа гээд бүгд л холилдсон үнэр бололтой. “Ээж” маань харин хачин гоё торгон дээл өмсгөлтэй, тэргүүндээ малгайтай, бүснээс нь хадаг яндар зүүгээстэй харагдана. “Ээжийн” өмнөх ширээн дээр хоорондоо ижилгүй хувин сав харагдаж байлаа. Түмпэнд нь авчирсан тавгийн идээгээ хийж, хувинд нь сүүгээ хийх ёстой гэнэ. Дараа нь ээжид хадаг барин золгоод, бүсэнд нь хадгаа хавчуулна. Түүний дараа эрчүүд ээжийн баруун мөрөнд нь хүрч чихэнд нь өөрийн гуйж хүсэх зүйлээ хэлнэ. Харин эмэгтэйчүүд зүүн чихэнд нь хүслээ хэлэх ёстой гэнэ. Хашааны хаалганы баруун талд арц уугиулах бойпор байсан боловч салхи салхилж байвал асаана гэж санахын ч хэрэг алга. Тэр хавийн хэдэн айлууд энэ Ээж хадыг түшиглэн мөргөлчдөөс орж ирэх орлогоос хүртэж амьдардаг бололтой.  Гэвч санаачилгаараа хийж янзлах зүйл бишгүй л харагдлаа.

 

Аяллын дараагийн цэг болох Их газрын чулуу руу орон нутгийн замаар чанх урагш чиглэн хөдөллөө. Өдрийн хоолны цаг болж бүгдээрээ тойрч суугаад идэх гэтэл идэхийн аргагүй бөөн тос царцсан байв. Салатны байцаагаар зууш хийж тусад нь савласан байсан боловч нөгөөдөх нь байдгаараа харлаж шарлаад идэхийн аргагүй болсон байлаа. Уг нь тэр өдөр тийм ч халуун биш байсан ба бид эйркондишн асааж явсан болохоор амархан муудахааргүй байсан гэж бодлоо. Хуушуурыг өдрийн боолт хоолонд өгдөг маш олон жуулчны бааз бий. Тэднээс суралцвал таарна гэж бага зэрэг бухимдаад, ямартаа ч дахиад энэ ресторанаас боолт хоол авч байхгүй ээ хэмээн шийдэв. Бидний өмнөх жуулчид ямар хуушуур идсэн юм бол доо...?

 

Замын турш нойтон замаар явсан төдийгүй бидний замд нэг ч машин тааралдсангүй. Хонох газраас 40 км-ийн наана шаварт суучихваа хөөрхий. Жолооч маань нас тогтсон, аяллын туршлагатай гэсэн мэдээлэл ирсэн болохоор бодож санах юмгүй аяллын жолоочоороо сонгосон байлаа. Бүгдээрээ машинаас буугаад шавраас гаргахаар хөдөлцгөөлөө. Тэгсэн чинь хүрз байдаггүй ээ. Би жигтэйхэн гайхлаа. Жолоочоосоо яагаад хүрз аваагүйг асуутал хээв нэг “говь юм чинь гайгүй биз гэж бодоод...” гэдэг байгаа. Би харин жолоочдоо Ц.Дамдинсүрэн гуайн говийн тухай 4 мөртийг хэлж өгөөд “говийг хамаагүй басаж болдоггүй юмаа” гэж зэмлэх маягтай төгсгөв. Тэгээд миний өндөг шарна гэж авч гарсан хайруулын таваг маань хүрз орлов. Бусад гишүүд маань чулуу цуглууллаа. Гэвч машинаа гаргаж чадсангүй, яг л баримлын шавар шиг наалдангитай байсан бөгөөд улам л доошоо шигдлээ. Бүх хүний гутал, хувцас нил шавар болчихов. Аяллын үед дугуй хагарах, машин эвдрэх, ус намаг, элс шаварт суух нь байдаг л явдал болохоор би нэг их тоосонгүй ээ, харин хамт аялж яваа гишүүд маань над шиг олон удаа аялалд явж байгаагүй болохоор яана даа гэж түгшиж байгаа нь илт байлаа. Хамгийн хачирхалтай нь эргэн тойронд ямар ч айл байсангүй, ямар ч машин бидэнтэй зөрж өнгөрсөнгүй. Харин бид GPS –дээ найдаж орон нутгийн замаар зоригтой гарч явсан юм. Оройны 8 цаг болсон тул ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол болохгүй байлаа. Тэгтэл зүүнтээ нилээн зайтай нэг намхавтар уулын оройд 2 хар юм харагдав. Хүн сууж байгаа юм шиг байна хэмээн Сараа эгч хэллээ. Би дурангаа авч хартал яах аргагүй 2 хүн маш жижигхэн харагдаж байв. Гэнэт надад нэгэн цагт Жасрай сайдын хэлж байсан үг санаанд оров. “Хонгилын үзүүрт гэрэл харагдав” гэж.. Сараа эгч тод ногоон курткаа тайлан далласан боловч тэр хоёр хөдлөх шинж алга аа. Тэгээд бүгдээрээ хоолой нийлүүлэн зэрэг хашгирч тэдний анхаарлыг өөрсөддөө татаж чадлаа. Арай гэж тэр 2 хүн босож морио унасан боловч нэг нь эхлээд цаашаагаа хөдлөөд явчихав.  “Өө цаашаа явчихлаа шүү дээ” гэж намайг хэлтэл манайхан “өө” хэмээн дуу алдлаа. Харин нэг нь наашаа чиглээд ирэх шиг болоход манайхан ч бөөн баяр болов. Тэр нутгийн малчин өвгөнийг ирэхэд хаахна байгаагаа, яагаад айл байхгүй байгааг, машин явдаггүй энэ замын талаар ч асуугаад амжив. Өвгөн ах шаварт суусан машиныг харангуутаа “өө энэ түлхээд гарахгүй, харин сумын төвөөс машин олж ирж татуулахгүй бол болохгүй, энд маш олон машин сууж байсан юм” хэмээлээ. Өвгөн ахын гэр бидний шаварт суусан газраас 3 км зайтай гэнэ. “Юу ч болсон гэртээ очоод, тэр хавиас хүн хар олж туслахыг бодъё, сумын төв рүү холбоо барьж татчихаар машинууд байна уу үгүй юу лавлая, энд сүлжээ барихгүй учраас мотоциклтой хүн гуйж сүлжээтэй газар руу дөхөж холбоо барихыг хичээе” гэж хэлсэн боловч эдгээр үгнүүдийг нилээн чихээ чилээж байж сонслоо. Хамгийн гол нь мөнгө төгрөг өгье, та ямар ч байсан тус хүргэж өгөөч гэж гуйсны эцэст нааштай хариу сонслоо. Бид энэ хооронд шавар туучин ачаа бараагаа буулгаж аятайхан газар сонгож майханаа бариад, эмэгтэйчүүд нь оройн хоол бэлтгэж дуусахад харанхуй болсон байв. Өвгөн малчинтай уулзсанаас хойш бараг 2 цаг гаран болсон байлаа. Тэгтэл нэг мотоциклын дуу гарч байгаа нь тодрон тодорсоор бидэнд ойртсон боловч ямар ч гэрэл чийдэн харагдсангүй. Тэгсэн чинь нөгөө өвгөн ах маань шал согтуу унтаж байсан хөрш айлынхаа хүнийг босгоод мотоциклийг нь бариулж ирлээ гэнэ, тэр согтуу хүн л машины жолооч танина гэнэ ээ. Согтуу туслагч маань “...мотоциклын гэрэл шатчихсан учраас харанхуйд ингэж явах осолтой хэдий ч та нарын хэцүүдэж байгааг сонсоод наашаа гарахаас өөр аргагүй гэж бодлоо, явуулын хүмүүст туслалгүй яахав гээд ирлээ гэнэ, энэ арын уулын оройд гарч нэг хүн рүү ярь,  машинтай хүн байгаа юм, дугаар нь энэ..” хэмээлээ. Аяллын багийн 2 эрэгтэй гишүүн маань арын уул руу гарч сумын төвтэй холбоо барьснаар машинаа шавраас гаргахаар боллоо. Удалгүй цаг хагасын дараа машин ирж манай машиныг татаж гаргалаа. Бид ч санаа амарч маргаашийн төлөвлөгөөгөө ярилцаад унтацгаалаа...  

 

6-р сарын 24. Баасан гариг. Явах зам хол учраас эрт босоцгоолоо. Урд оройны шавар ухсан хайруулын тавгаа зад угааж аваад хамгийн түрүүнд муудах хүнс юм болохоор авч явсан өндгөө шарж өглөөний цайгаа бэлтгэлээ. Сумын төв Говь-Угтаалаар дайрч түлш авах гэтэл Петровис нь хаалттай, Магнай трейд дээр иртэл 1л нь 3000 төгрөг гэдэг юм байна. Яагаад ийм үнэтэй байгаа юм бэ, өчигдөр хотод дизель 1750 байсан, нэг өдрийн дотор ийм өндөр болох ёсгүй, тэгээд ч танай сум хотоос тийм хол биш шүү дээ гэтэл “авбал ав, авахгүй бол боль” гэж байна аа. Тэгэхээр нь би “Оюу толгой, Тавантолгой руу чиглэн урагшлах юм чинь түлш олдож таарна, ийм өндөр үнэ хүрэх ёсгүй” гэж жолоочдоо хэлээд авалгүйгээр цааш хөдөллөө. Сумын төвөөс баруун урд бараантан харагдах чулуун уулсын бүс “Их газрын чулуу”-нд хүрч очлоо. Манайхан харангуутаа л дуу алдлаа. Бага газрын чулуутай харьцуулбал чулуулгийн тогтоц нь босоо, үелэн зэрэгцсэн байдалтай харагддагаараа ялгаатай билээ. Энэ чулуун уулархаг бүс дотор нийт 21 км аялж 7-8 газрыг үзэх боломжтой. Дотор нь “Төв боржигон” хэмээх жуулчны бааз бий. Чухам яагаад ингэж нэрлэснийг мэдэхгүй ч Алдарт уртын дууч Норовбанзад гуайн дуулдаг аялгуу нь төв халх буюу “төв боржигон” аялгуу юм гэнэ лээ, харин зүүн тийш Хэнтий Сүхбаатар аймгийн уртын дуучид ихэвчлэн арай бүдүүн аялгуу буюу “хардэл” аялгуугаар дуулдаг хэмээн сонсож байснаа саналаа. Магадгүй Эзэнт гүрний үед Хэрэйд аймаг, Манжийн үед Түшээт хан аймаг суурьшиж байсан учраас яах аргагүй манай төв халхуудын уугуул нутаг болох юмаа. Баазын ажилтнаас хаанаас нь эхэлж тойрвол болох талаар лавлаад хэд хэдэн газарт очлоо. Эхлээд эрт цагт лам нар даяан хийж байсан гэх агуй руу дээш авирч гарлаа. Уулын дунд хавь хэмжээний өндөрт байрлаж байсан хэдий ч бид нар ямар ч төвөггүй янгир ямаа шиг л авираад гарчихлаа. Агуйн мухарт хадаг яндар өлгөсөн байдалтай, хуучны гуутай бурхан хоёр гурав харагдлаа. Адтай амьтан болохоороо ямаа л их орж ирж нарны халуун, бороо уснаас хоргоддог бололтой, газраар нь дүүрэн хоргол байлаа.  Дараа нь гайхалтай санагдсан чулуун тогтоцуудыг харангаа бага зэрэг алхацгаалаа. Мөн нутгийнхны шүтдэг “боов” хаданд очлоо. Байгаль эхийн урлан гайхалтай адилхан бүтээжээ. Сайн хань нөхөр, үр хүүхэд хүсэж эмэгтэйчүүд голдуу мөргөдөг гэнэ. Манайхан л болсон хойно нэг нэгнээ гоочилж хөгжилдөн хүн бүр л дотроо хүсэлтэйгээр мөргөөд авлаа. Хаана ч явсан нутгийнхны заншлыг дээдэлж, байгаль усыг хайрлаж шүтэж явах нь мэдээжийн хэрэг билээ.

 

Аяллаа цааш үргэлжлүүлэн Гурвансайхан сум руу чиглэн явлаа. Сумаас сум хооронд явахад GPS шиг амар юм алга аа. Түрүүчийн Говь-Угтаалыг бодвол хүн мүн явж харагдаад овоо хөл хөдөлгөөнтэй сум байлаа. Дизель 1950  гэж байна, түрүүчийн сумаас 3000-аар авсан бол овоо “шатах” байжээ гэж бодлоо. Өөш манхан явах зам асуутал чанх урагш Буянт багаар дайрч явбал арай ойр дөт гэлээ. Буянт нь баг юм болохоор GPS дээр гарч ирдэггүй ээ. Өмнөговийн Манлай сумаар тааруулж аваад цааш хөдлөв. Өөш манхан ойртож байгаа бололтой байгалийн үзэмж өөрчлөгдөөд ирлээ. Ар талаас нь харахад хадтай уул шиг харагдсан боловч дундуур нь гарсан замаар ороод зүүн тийш чиглэн явтал урд энгэрээрээ элстэй хадан цохионууд үзэгдэж эхлэв. Өөш манханд анх удаагаа ирж байгаа болохоор нүдээ бүлтийлгэн явлаа. Замын зүүн үзүүрт хэдэн гэр байшин харагдсан нь Өөш манхан элсэн сувилал ажээ. Сувиллын ажилтан “өнөөдөр бид элсний  баяраа тэмдэглээд.., сумынхан ирсэн.., тэмцээн уралдаан болоод хөл хөдөлгөөн ихтэй байна.., байрлах гэр бол байхгүй, байшин байна... 1 ор нь 10 мянган төгрөг, гэхдээ цэвэрлэж амжаагүй тоостой байгаа, яахав нэг хүн нь 5 мянгаар орвол ор” гэлээ. Тэгээд сувиллын ажилтан 2 байшингийн тоос шороог цэвэрлэж өгөв. Бид ч байрандаа оронгуутаа оройн хоолоо бэлтгэлээ. Баахан хүнс авсан болохоор ачаагаа хөнгөлөх санаатай эхэн үедээ авч явсан хүнсээрээ өөрсдөө хоол хийж явлаа. Байшингийн гадаа нэг хэсэг маань аяны сандлууд тавьж амрангаа цай кофе ууж замын ядаргаагаа тайлж байлаа. Манайхныг босоод явтал тэр хавьд цугласан хүүхдүүд гүйлдэн ирж бидний аяны сандлуудыг эзлээд авав. Хөл гараа савчуулан суух нь тэдэнд их таатай байгаа бололтой. Та нар манай сандал дээр суухдаа үнэ төлөх хэрэгтэй гэсэн чинь нэг нэгээрээ дуулж бүжиглээд, шүлэг уншаад бүхэл бүтэн концерт тоглоод өгөв. Хөдөөний хүүхдүүд гэхэд дэндүү чөлөөтэй, нүүр хагарчихсан өхөөрдмөөр хөөрхөн байлаа. Манай хотын хүүхдүүд бол баахан гуйлгаж “үнэд орж байж” дуулж өгнө дөө. Гэхдээ эдгээр хүүхдүүд бүүр хөдөө малчных биш сум суурин газрын хүүхдүүд болох нь мэдэгдэж байлаа.

 

Дараа нь бид алдарт Өөшийн элс рүү гарлаа. Нар шингэж байсан болохоор сүүдэр газартаа элс нь хөрсөн байсан ч доош ухахаар халуунаараа байв. Харин нутгийнхны хэлдгээр өрөмний хар цох хорхой ямар их байсан гээч. Элсэн дээгүүр чөлөөтэй гүйлдэж байлаа. Тэр хорхой хумсны толионы чинээ том бөгөөд нутгийнхан өрмөнд ороож байгаад идчихдэг гэнэ. Хорт хавдрын эсрэг сайн эмчилгээ болдог гэж сонссон болохоор сонирхож баахан харлаа. Хажуунаас манай жолооч “Хүн чулууны нулимс кинон дээр жүжигчин Цэрэнпагма гуайн хөлийг нь тасдаж, арвагануулж байгаад иддэг хорхой шүү дээ” гэлээ. Энэ хорхойг цагаан архинд 7 ширхэг хийгээд 3 жил дараад бага багаар уувал элдэв хорт хавдрын тархалтыг зогсоодог гэж сонссон билээ. Уураа хүрэхээр хаздаг гэнэ. Бид элснийхээ оройд гарч хөрч амжаагүй элсээр өөрсдийгөө булах нэг нь буллаа. Би нэг газар суугаад хажууд нь явж байсан хар хорхойн дээрээс элс асгаад хаагуур гарч ирэхийг нь хүлээж суулаа. Тэгтэл гарч ирдэггүй ээ. Гайхаад хэсэг хүлээтэл хөлний булчин загатнаад явчихлаа. Хөлөө сугалан хартал нэг доор заналтай нь аргагүй 3 хазсан байв. Хэсэг хугацааны дараа бага зэрэг хавддаг юм байна лээ. Хорхойг чадах гэсэн биш өөрөө чадуулчихваа хөөрхий...

 

Өөшийн элсэн сувилалд эмчлүүлэхээр хол ойроос хүмүүс ирсэн байлаа. Тэд эмчийн заавраар элсэн дээр гарч биеэ булах, шарах гэх мэт аргуудаар эмчлүүлдэг гэнэ. Биднийг очиж байх үед нэг сувилуулагч элснээс бууж ирсэн бөгөөд куртка өмсөж, толгойгоо хүртэл битүүлсэн байлаа. “Баахан хөлөрлөө, салхи авхуулж болохгүй ээ, өвчин маань овоо намдаж байна..” гэж сувиллын ажилтантай ярьж байхыг сонслоо.  Сүүлийн үед энэ элсний ид шидийн тухай сонингуудаар бичдэг болсон гэдгийг та бүхэн мэдэж байгаа бизээ. 

 

6-р сарын 25. Бямба гариг. Энэ өдөр Манлай сумаар дайрч, Ханбогд суманд үдийн алдад хүрлээ. Яах аргагүй уул уурхайнхны урсгал хөвөрсөн хүн ихтэй сум байлаа. Хачирхалтай нь гуанзангууд нь хуушуураас өөр хоол хийдэггүй юм байна. Бараг бүх гуанзыг тойрсны дараа арай гэж цуйвантай гуанз олов. Тэр гуанзанд хүмүүс их ирдэг бололтой. Оюу толгойд ажилладаг гэсэн хүмүүс нилээд орж гарч байлаа. Гадаадын иргэн ч хоол идээд сууж байв. Машиндаа дизель литрийг нь 2000 төгрөгөөр авлаа. Дараагийн очих газар бол Энергийн төв буюу Дэмчогийн хийд. Зам заалгаж аваад тийм ч их удсангүй, 20 км орчим яваад хүрчихлээ. Хамгийн инээдтэй нь эхний айлаас “Дэмчог маань одоо хаана байна аа” гэсэн чинь “энэ л байна шүү дээ” гээд толгойгоо зүүн тийш гилжийлгэв. Хаяанд нь ирчихээд олж харахгүй асуугаад байдаг, тэр айлын хүн ч гайхаж хараад, бид нар ч өөрсдийгөө баахан шоолов.

 

Очиж үзэхийг хүссэн газрын нэг болохоор эрт очсондоо их олзуурхлаа. Оройн хоол хүртэл цаг их байгаа болохоор бүгдээрээ тааваараа үзэж сонирхон, тухтай мөргөж залбиран, баахан энерги авлаа. Хамгийн их сэтгэгдэл үлдээсэн зүйл бол хийдийг хариуцагч өвгөн манаач бидэнд ёстой дэлгэрэнгүй сайхан тайлбарлаж өглөө. Тасалбар нь 1000 төгрөг гэнэ. Хийдийн голд байх том суварга нь Авидын суварга гэж нэрлэгддэг бөгөөд дотор нь орж болохоор давхар сүм байдлаар барьжээ. Голд нь Улааны урсгал буюу Нимава урсгалыг үндэслэгч Ловон Бадамжунайн баримал заларсан байна. УИХ-ын гишүүн Бадамжунай энэ бурханыг өөрийнхөө нэртэй ижил юм болохоор тэр бэлгэдлийг бодож бүтээлгэсэн гэнэ. Өвгөн манаач энэ Дэмчогийн хийдэд хэрхэн яаж эргэл мөргөл хийх “журам”-ыг зааж өглөө. “Суварга руугаа, хад чулуу руу, хадаг яндар луу сүү архи энэ тэрийг асгаж цацаж болохгүй, тэнгэр газарт өргөхдөө хүртэл палхийтэл асгаж болохгүй” гээд аль суварга, хад чулуунаас эхэлж мөргөж залбирахыг хүртэл нэгбүрчлэн газарчилж өглөө. Үнэхээр сайхан газарчилсан болохоор би ч талархсан сэтгэлээ илэрхийлж цайны мөнгө өглөө. Хаана ч очсон энэ өвгөн ах шиг сэтгэл зүтгэл гаргадаг, нутаг усаа хайрладаг, хэн ч ирсэн бай хүндэтгэн харьцдаг, уул усныхаа үлгэр домгийг хүртэл яриад өгдөг байвал тун сайн юмсан гэж бодлоо. Өвгөн ах надад “чи ч овоо юм уншдаг хүүхэд бололтой. Тэр болгон ингэж асуугаад байдаг залуу хүн ховор шүү дээ” гэж намайгаа хөөрхөн магтаад авлаа. Хөгшин залуу хоёрын санаа нийлж байна гэж жигтээхээн. Хэ хэ ..

 

Энд бас л “боов” хэмээн нэрлэгддэг хад байна аа. 26 м өндөр ургаа хад бөгөөд 1830 онд Говийн догшин ноён Хутагт Данзанравжаа энэ газрыг шинжиж 7 хоноод, эргэн тойрны газраар 30 өдөр мориор тойрч эргээд “энэ газар бол ер бусын шидтэй газар байна” хэмээгээд энэхүү хийдийг байгуулж байжээ.

 

Өвгөн ахын зааснаар нийт 9 суварга, боов хадыг гороолоод, сүүлд нь энерги авдаг хаднууд дээр очлоо. Тэнд Данзанравжаа хутагтын “энергийн төв цэг нь энэ юм шүү” гэж зааж өгсөн хадан тавцан дээр нэг “хадаасан шүрүф” зоосон байна аа.  Сайн харж байж олохгүй бол өөрөө дээр нь гишгэчихээд олохооргүй санагдлаа. Хадаасан шүрүфнээс өөр юмаар тэмдэглэж болоогүй юм байх даа гэж бодоод өвгөн ахаас асуух гэснээ больчихлоо. Хойно нь баахан хадаг яндар өлгөсөн байна. Данзанравжаа энд сууж бясалгал хийж байж энэ цэгийг илрүүлсэн гэнэ. Тэр хадан тавцангаас доошоо  улаан, цагаан, шар хадагтай хаднууд байх бөгөөд тэнд энергийн хамгаалалт хийж 1 минут бясалгана. Мөн толгой хүзүү, нуруу, үе мөч, бөөр савны өвчинг илааршуулах энерги авах увьдастай хадан тавцангууд дээр бүхлээрээ хэвтэж, эсвэл сандайлан сууж, толгойгоороо дэрлэж, түшлэгтэй сандалд сууж байгаа юм шиг  хадны завсар тааруулан суух зэргээр энерги авдаг юм байна.

 

Ингээд дараа нь Дэмчогийн хийдийн баруун талд байх  айлаас гэр асуухад жуулчин буулгах гэр байна аа. Ямар гэр гээч...  Хачин гоё эрээн гэр, таван ханатай, хаалганыхаа дээд талд том модон пайз байрлуулаад дээр нь “Ажнай тур компаниас дотоод гадаадын жуулчин буулгахад зориулж барив” гэж бичсэн байлаа. Инээд хүрээд явчихлаа. Хөшөөний бичээс ч юм шиг, социализмын үед илгээлтийн эздийн машинд уриа лоозон бичээд хадсан байдаг байсан даа. Яг л тэр дүр төрх харагдаад явчихлаа. Гэрт орсон чинь сайхан зайтай, шинэ модон орнуудтай, монгол угаалтууртай, эрээн хээтэй сандал ширээтэй, хөшиг мөшиг нь жигтэйхэн гоё оо гоё. Манай аяллын баг өдөр ирэх тусам “сайжруулан” хоноглож байлаа. Эхний өдөр майханд, дараагийн өдөр нь яйжгар модон ортой байшинд, өнөөдөр шинэвтэр модон орон дээр гэж бодлоо. Таван ортой энэ гэр 30 мянган төгрөг. Айлын хүмүүс мотор асааж шөнийн 1 цаг хүртэл гэрэлтүүлж өглөө. Бүгдээрээ цуглаад баахан хуучилж, хөзөр тоглож, инээлдэж ханиалдан энэ үдшийг өнгөрөөлөө... Хэт их энерги авчихсан бололтой....

 

6-р сарын 26. Ням гариг. Өглөө нь бид аажуухан хөдөлж Даланзадгад руу явцгаалаа. Дэмчогийн хийдээс хөдөлж төдийлөн удалгүй хар зам тавьж байгаатай тааралдав. Аварга том том орчин үеийн техникүүд тэнд ажиллаж байх бөгөөд жолооч нар нь харваас илт нилээн залуу хүмүүс байлаа. Өнөө цагт хаана цалин сайн байна, тэнд залуучууд цуглардаг болсон болохоор ямартаа ч хөдөөний гэхээргүй залуучууд тэдгээр аварга том машинуудыг жолоодож байх юмаа. Хэдхэн сар битгий хэл хэдхэн хоногийн дотор бий болж буй асфальтан замыг хараад манай хотын зам засварын ажил өөрийн эрхгүй нүдэнд харагдав. Тэгтэл тийм ч холгүй алсад тоос татуулан давхих ачааны урт урт машинууд харагдаж эхлэв. Уул уурхайнхны хэлдгээр “мангасууд” бөгөөд 100 тн даацтай. Зам дээр  нэг л цуваанд орж явахгүй бол хажуугаар нь бас нэг урсгал эсрэг зүгт чиглэнэ. Нүүрстэй машинууд урагш Гашуун сухайтын боомт хүртэл 250 орчим км явдаг гэнэ. Буцаад Тавантолгой руу хоосон давхина. 3-4 хоногт 1 удаа ингэж явдаг бөгөөд нэг удаагийн рейс хийхэд ихээр бодоход 1 сая төгрөгний зардал гардаг, үлдсэн 5 сая нь шууд тэрхүү “мангас” машины эзний хармаанд орно. Тэгэхээр ямар их ашигтай бизнес болох нь тодорхой байгаа биз. УИХ-ын 1 гишүүн доод тал нь арав, тавь жар, бүүр 100 хүртэл “мангас” машинтай гэх яриа чих дэлсээд авлаа. Нийт 4000 – 5000 машин ийнхүү нүүрс ачиж буулган давхилддаг юм байна. Өнөө цагт залуучууд юу хийж чаддагаа харуулж чадахгүй юм байж цалин мөнгөө голж өндөр цалинтай газар руу тэмүүлэх нь их байдаг. Тэд үнэн хэрэг дээрээ жинхэнэ “мөнгөний боол” болон ажиллаж эрүүл мэндээрээ хохирч байгаагаа огт ойлгодоггүй нь харамсалтай. Гэсэн хэдий ч нөгөө талаар энэ нь ач холбогдолтой. Яаж зовж зүдэрч мөнгө олдогийг биеэрээ мэдэрч үзнэ гэдэг нь ядаж 21 мянган төгрөгөө аваад шууд баар цэнгээний газарт ууж идэж суугаа тархи нь хоосон залуусаас хамаагүй дээр юм. Ямартаа ч уул уурхайн салбарт ажиллаж хүнд хэцүүг туулж байгаа тэдгээр залуус амьдралдаа зорилго тээн  зүтгэж байгаа бизээ. Тийм болохоор тэднийг хүндлэх ёстой гэж бодож байна. Ийнхүү өнөөг хүртэл телевиз, сонингоор л сонсож байсан тэрхүү аймшигтай харамсмаар дүр зургуудыг анх удаа өөрийн нүдээр харлаа.

 

Бидний машин тэдний эгнээ цуваанд оролгүйгээр хажуугаар нь гарсан шороон замаар явлаа. Замаасаа жаахан хазайж нэг толгой ороотол газарт яах аргагүй нүүрс хэвтэж байна. “Яахаараа энд ингээд нүүрс асгачихдаг байна аа” гэсэн чинь, жолооч маань “наадах чинь нүүрс асгасан юм бишээ, нөгөө Тавантолгойн нүүрс чинь ингээд л энэ өнгөн хөрсний доор нэлийгээд байж байгаа шүү дээ, наадах чинь ургаа чулуу шиг ил гарчихсан хэсэг байна” гэдэг байгаа. Өөрийн эрхгүй гайхлаа. Нээрээ энэ харагдаж байгаа ногоон талын өвсөн доогуур жаахан ухахад л нил нүүрс гэж үү дээ гэж бодоход итгэхийн аргагүй санагдлаа. Гэнэт гадна талдаа нүүрс овоолсон, 2 урт яндан бүхий байгууламж гараад ирлээ. Тавантолгойн нүүрсийг коксжуулан боловсруулах үйлдвэр байгуулан туршиж байгаа юм гэнэ, улсынх биш хувийн компанийх юм байх. Түүхийгээр нь гаргаж байхаар боловсруулаад гаргавал эдийн засгийн хувьд хамаагүй үр ашигтай гэдэг нь ойлгомжтой, дэмжмээр зүйл байна даа хэмээн бодлоо.

 

Цогтцэций сумын нутгаас гарч Хан уулын тал руу гараад иртэл үнэхээр нүд алдам цэлийсэн ногоон талд тэмээн сүрэг нь бэлчээд өөрийн эрхгүй дуу алдмаар сайхан байгалийн үзэмж тосон угтлаа. Нөгөө “Жуулчин говь”-ийн Түмээ ахын яриад байдаг газар мөн дөө гэж бодсон боловч давхар харууслын бодол ч нөмрөөд авав. “Удахгүй энэ сайхан талд нүүрс зөөн давхилдах машины зам тавина, Хүрмэн сумдын урдуур байдаг өнөө үед унаган төрхөө хадгалж үлдсэн өвөрмөц тогтоцтой цорын ганц нутгуудыг уул уурхайн эзэд эвдэж сүйтгэхээр төлөвлөгөөгөө аль эрт гаргачихсан” гэж түүний ярьж байсныг саналаа. Саяхан 6-р сарын эхээр Японы 10 гаруй жуулчидтай говьд ирж Жуулчин говь бааз дээр байрласан билээ. Тэр үед говь нутаг сүүлийн үед хэрхэн яаж томчуулын гарт сүйдэгдэж байгааг сонсоод өөрийн эрхгүй сэтгэл өвдөхийн зэрэгцээ, баазын дарга Түмээ ахын манай жуулчдад хандан хэлсэн үг одоо ч хүртэл мартагдаагүй байна.  “Та бүхэн бараг хамгийн сүүлчийн унаган байгалийг харж байна, одоо дахиад 1, 2 жилийн дараа ирэхэд тань энэ сайхан газар нутаг манай Монголын сайд дарга нарын гарт сүйдэгдэж эвдэрсэн байх болно, үзэж харж гайхуулах унаган байгаль, ан амьтан, ус ургамалгүй болно. Та бүхний харахыг хүссэн Ёл шувуу, Хэрмийн бялзуухай, Эрээн хавиргат хахилаг гэх мэт олон шувуудыг чинь харуулж чадсангүй ээ, гэхдээ Та бүхэн үнэхээр азтай юм, хамгийн сүүлчийн унаган байгалийг харсандаа баярлах хэрэгтэй” гэж хэлсэн билээ.  

 

Нилээн явсны эцэст үдээс хойхно явж байгаа зам маань нил хогон дотор яваад орчихов. Даланзадгад хотын хогийн цэг бололтой. Баруун талаасаа үнэхээр цэвэрхэн аймгийн төв боловч зүүн талаасаа бол авах юм алгаа, арай дэндүү их хогтой байв. Хотод орж ирээд гуанз хайлаа. Цайны газар гэсэн хаягтай байвал хуушуураас өөр хоол хийдэггүй юм байна. Кафе гэсэн хаягтай хоёр гурван газар байна, бүтэн сайн өдөр л биш бол янз бүрийн европ хоол хийдэг юм байна. Мөн УБ хотын дундаж буудлаас дутахааргүй зочид буудал хэд хэд байгуулагджээ. “Гандирс” гэдэг нэртэй шилэн худалдааны төв байна, урсдаг шаттай, хүүхдүүд шатаар нь өгсөж уруудан тоглож байгаа нь илт сонирхож байгаа бололтой.  Арай гэж хоол олж идээд “Галакси” гэдэг шинэ байгуулагдсан кинотеатр руу явлаа. Бүтэн сайн өдөр байсан болохоор кино үзэж чадсангүй, харин дотор нь орж үзлээ, манай хотын кинотеатруудаас дутах юм юу ч алга. Тэнд Говийн гайхамшигт байгаль болон Америкийн эрдэмтэн Рой Чепмэн Эндрюсийн Монголд аялсан тухай баримтат кино зэргийг үзэж болно. Нэг билет 2000 төгрөг. Дараа нь хотын төвд байх цэцэрлэгт хүрээлэнгийн хажуугаар гарлаа. Тэрхүү хүрээлэнгийн дотор урт сандал байрлуулж орох үүднүүд дээр аварга үлэг гүрвэл, эртний хөхтөн амьтадын баримлыг хийж байрлуулсан нь өвөрмөц содон харагдаж байлаа. Зүүн үзүүр хэсэгт 1950-60-аад оны үеийн “69 машин”-ыг хөшөө болгон байрлуулжээ. Манай Зайсан толгойн бэлд танктай хөшөө байдаг даа, яг тэрэн шиг харагдаж байлаа. Бичигч миний бие жил бүр л Даланзадгад хотод ирдэг бөгөөд ирэх тутамд шинээр ямар нэгэн барилга байгууламж нэмэгдэн улам бүр өнгө засан хөгжиж байгааг мэдэрдэг билээ. Зочид буудал сурагласан чинь бүх өрөө пиг хүнтэй байна. Энгийн 2 ортой өрөө нь 90 мянга атал хоосон өрөө байхгүй, зочинтой гэнэ. Буусан эзэд нь гадныхан биш Монголчууд байна. Гадны жуулчид болохоор хамгийн хямд гэст хаусаар хоноглоно. Амьдрал өөр болжээ. Хэдхэн жилийн өмнө гадны хүн харахаараа хөл алддаг  байсан Монголчуудын амьдрал орвонгоороо эргэжээ. Буудал олдохгүй болохоор нь өөрийн байгууллагын жуулчдаа буулгадаг “Хэрлэн-2” гэст хаусыг хайлаа. Төвдөө биш захдуу байдаг юм байна. Анх удаагаа очиж байгаа бөгөөд үнэхээр цочин гайхав. Цахилгаан байхгүй, энд тэндээс эвлүүлж тавьсан эрээвэр хураавар модон орнуудтай, цагаан хэрэглэл нь үжирч муудсан, хадаас нь дээшээ ёрдойж нил шороо тоос болсон, хээ хуар нь харагдахгүй болтлоо халцарсан ширээ сандалтай байх юм. “Арай ч дээ, хот газрын гэст хаус биз дээ, ямар хөдөө сум биш дээ, 24 цагийн цахилгаантай газар биз дээ” гэж үглэж дуулж байгаад эвдэрсэн цахилгааны унтраалгыг засуулж авав. Алх авчруулж ёрдойсон хадааснуудыг хадуулав. “Манай ийм тийм жуулчид танайд хоносон байх ёстой, ийм “юманд” хоносон юмуу?” гэсэн чинь хариуцагч авгай “тийм” гэж байна, манай хөтөч орчуулагч болохоор юу ч хэлээгүй байдаг, жуулчид гомдол гаргаагүй, энд ганц л хонох юм чинь гэж байдалтайгаа эвлэрсэн юм байх даа хэмээн бодож амжлаа. Орой нь жолооч маань танилтайгаа тааралдаад гараад алга болчихов, нилээд удсаны дараа ирлээ, “за Буяа минь энд дизель олдохгүй байгаа юм байна” гэж их л сүрхий ярив. Би болохоор байж л таараа гэж их л тайван байлаа. Олон дахин давтаад байхаар нь юу билээ гэж санаа зовоод “маргааш өглөө эрт босож хайя даа” гэлээ. Ингээд нэгэн өдөр өндөрлөв өө.

 

6-р сарын 27. Даваа гариг. Өглөө эрт босож хэд хэдэн шатахуун түгээх газар очсон чинь үнэхээр дизель алга аа, харин ямар нэгэн “сан” гэсэн хаягтай хувийн газарт 2010 гэж байна. Азны юм болж түлшээ авчихаад Ёлын-Ам руу хөдөллөө. 40 км яваад хүрэх газраа ирлээ. Цэцэг алаглаж согоовор ерхөг найгаж ёстой говь биш хангай газрыг санагдуулахаар байлаа. Аялагч би бээр бараг 10 хоногийн өмнө  япон жуулчидтай очиход урьдын адил харагдаагүй атал 2 хон өддрийн борооноор сүүлийн 10 жилд ургаагүй өвс ногоо хүртэл ургалаа хэмээн нутгийн морь унуулдаг залуус ярьж байлаа.

 

Машины зогсоолыг урд байсан газраас нь нилээн наашлуулж зассан байлаа. Хавцлын голоор урсах горхины усыг таслахгүй гэж ийнхүү арга хэмжээ авчээ. Бас нэг сүүдрэвч байгуулсан байсан нь өдрийн боолт хоол авч яваа жуулчдад тун таатай байлаа. Харин үүнийгээ дахиад хэдийг нэмж байгуулах хэрэгтэй мэт санагдсан. Манайхан бүгд морь унаж хавцлын ам руу зүглэв. Надаас бусад нь анх удаагаа ирж байгаа болохоор дуу алдан үнэхээр гайхамшигтай сайхан тогтоц юмаа хэмээн уулга алдсаар л явав. Харин би шувууны зураг авах гэж хөөцөлдөөд тун завгүй явлаа. Бидэнтэй зөрж байгаа гадны жуулчид болохоор явган алхаж, манай Монгол жуулчид болохоор морь унаж явааг харахаар хэдхэн жилийн өмнөхтэй харьцуулбал байдал шал өөр болжээ. Нэгэн жуулчны баазын дарга надад хэлж байсан үг санаанд орлоо. “Өнөө үед гадныхан төлбөр төлж чадахаа байгаад юм л бол хямдруул гээд хэцүү байдаг болчихсон, харин Монголчууд нь хэдэн арваараа буугаад ямар ч асуудалгүй төлбөрөө хийгээд явдаг болчихоод байна, энэ нь ч амар юм” хэмээн ярьж байсан билээ. Би өөрийн унаж явсан морины хөтөч охиноос асуутал үнэхээр Ёлын-Аманд ирсэн Монгол жуулчид л морь унаж орлого оруулдаг, гадныхан бараг морь унадаггүй юм гэж байлаа.

 

Дараа нь бид нэг аятайхан газар зогсож үдийн цайгаа уугаад Хонгорын элс рүү хөдөллөө. Говь гурван сайхан уулынхаа хойд бэл дагасан замаар биш Баяндалай, Сэврэй сум руу чиглэсэн замаар гараад явчихсан чинь ямар их ядрав аа. Дэржигнүүртэй маш муу замтай бөгөөд нөгөө алдарт элсэн манхны зүүн үзүүр харагдаж эхлээд яг хажуугаар хэдэн арван км үргэлжлээд ёстой залхмаар санагдлаа. Ядаж байхад жолооч маань “одоо тэгээд буух газар чинь болоогүй л байна уу, энэ нөгөө хүрэх ёстой элс чинь мөн биз дээ, чи энд олон удаа ирсэн гээ биз дээ, нөгөө баазууд чинь хаана байна аа” гээд хажууд үглээд байх юм. Ер нь энэ замаар жуулчинтай явахад хамгийн тэнэг санагдлаа. Хэдийгээр замаа дөтөлж байгаа боловч машиндаа ч, жолоочдоо ч, жуулчиндаа ч ядаргаатай, нөгөө алдарт Хонгорын элсийг үзэх гэсэн жуулчдын сонирхлыг бууруулахаар онцгүй зам байлаа. Тэрний оронд залхууралгүй 30км илүү явалт хийгээд уулынхаа ард гарч хойд бэлээр нь донсолгоо багатай замаар явж Баруун сайхан уулаа сэтэлж гарахаар Хонгорын элс маань гэнэт нүдэн дээр мэлсхийн гарч ирвэл илүүтэй жуулчиндаа гайхалтай санагдах билээ. Тэгээд харуй бүрий болсон хойно “Жуулчин говь-2” баазыг олж очлоо. Оройтсон байсан болохоор маргааш нь элс рүүгээ гарахаар болж, өдрийн явдалдаа ядарсан бид унтаж амрахаар тус тусын гэр лүү явцгаалаа...

 

6-р сарын 28. Мягмар гариг. Нилээн сайн унтаж амарсан байлаа. Өглөөний цайгаа уучихаад Хонгорын элс рүү гарахаар хөдөллөө. Жолооч маань гол хүртэл яваад зогсчихлоо. Суучихвал амаргүй болно гэж бодсон бололтой. Манайхан хөл нүцгэлэн Хонгорын голыг туулж гараад цааш элс рүүгээ нилээн алхаж байж хүрэв. Энэ элс бол говийн бүсийн хамгийн алдарт газар билээ. Говь руу ирсэн хэн ч бай Хонгорын элс рүү аялахгүйгээр буцвал говь нутгийг үзсэн гэж хэлэхэд хэцүү. 160-180 км урт үргэлжилсэн, 2-5 км өргөнтэй энэ элсэн манханы араар Хонгорын гол урсаж хавь орчноо ногооруулан Баянбүрдийг үүсгэдэг. Элсний оройд гарахдаа хамгийн намхан толгодын оройгоор дамжин нөгөө толгой руу өгсөхдөө заавал хярлаж өгсөхгүй бол элсэнд хөл булагдан тийм ч амар яваад оройд нь гарчихна гэж байхгүй. Элсний оройд гарсан жуулчид дор хаяж 2 цаг саатаж байх буухаас гадна энэ элс рүү гарахдаа өглөө эрт юмуу орой нар жаргах үед гарвал илүү тохиромжтой. Үдийн наранд маш их халдаг учраас бусахд цагт авирч гарахад халууцаж ангахаас гадна нарших аюултай. Мөн салхи шуургатай үед элсэн дээр гарна гэж саналтгүй. Урдах юм харагдахгүй болтол элсээр шуурч нүдэх нь бий. Тийм ч учраас жуулчны баазууд элснээс багаар бодоход 7-10 км хол байрладаг. Элсний захаар байх малчин айлд түр саатаж цай уухад л аяганы ёроолд нь элсний ширхэг үлдсэн байх нь харагдана. 

 

Одоогоос 5, 6 жилийн өмнө эргэн тойронд нь 10 гаруй жуулчны бааз байсан боловч өдгөө тал хувь нь ажиллахаа больжээ. Ийнхүү цөөрсөнд нь нөлөөлсөн нэг зүйл бол малчин айл бүр “гэр гэст хаус” гэгчийг ажиллуулдаг болсонтой холбоотой. Тэнд Ваанчиг хэмээх нэг өвгөнийх бий. Хавь ойрынх нь айлууд хачин дургүй ээ, тэр өвгөнд. Яагаад гэвэл очсон хүн болгоныг дотоод гадаадгүй “мөнгө” болгож харна, хийж өгсөн нэг аяга цай нь хүртэл дор хаяж 200 төгрөг. Таваг идээ гаргаж өгсөн ч “мөнгө” шүү дээ. Ганц жуулчин ирвэл тоох ч үгүй, тэмээгээ ч унуулахгүй, тэр өвгөний хувьд 3-аас дээш хүн харвал сая нэг “хөдөлдөг”.  Гэхдээ говийнхон маань сайхан сэтгэлтэй хэвээрээ байгаа шүү. Жуулчны бүс нутгаас бусад бүсэд буй малчид маань нөгөө л сайхан зочломтгой зангаараа угтдаг. Дундговийн нутагт ороод ирэхэд л андашгүй байдаг. Харин Дундговь өнгөрөөд Төв аймгийн Баян-Өнжүүл рүү ороод ирэхэд айлын хүмүүс нь хүний өөдөөс ч олигтойхон эгцэлж харчихаж чадахгүй, нүүр буруулсан, таагүй зантай байдаг юм билээ.

 

Манайхан Хонгорын элсэн дээр нилээн саатмаар байсан боловч тэр өдрийн явах зам хол байсан болохоор төд удалгүй хөдөллөө. Дараагийн зогсоол Баянзаг байв. Энэ удаа Баянзагийг баруун урдаас нь хойд зах хүртэл тойрч дуртай газраа зогсон тааваараа үзлээ. Сонин содон хэлбэртэй заг модны дэргэд янз бүрийн “поозтой” зураг татуулж өөрснөө баахан заг модны “мөчир” шиг болов. Заг модыг говийнхон “ургаа нүүрс” гэдэг бөгөөд мөчир нь байнга мурийж тахийж нэг нэгнийхээ дээр доор гарч, эсвэл ороож мушгирч ургасан байдаг онцлогтой.  Говийн халуун нарнаас зугтаж тийнхүү бие биенийхээ дээр доор орон сүүдэр хайж ургадаг бөгөөд газраас дээш хамгийн өндөр нь 2 метр хүртэл, харин үндэс нь газрын чийг хайн 8 хүртэл метр ургах нь бий. Маш хатуу мод бөгөөд нүүрс шиг удаан цогшиж дулаан илчээ хадгална. Баянзагийн бас нэгэн гайхамшиг бол Монголын палеонтологийн шинжлэх ухааныг дэлхийд алдаршуулсан үйл явдал юм. Одоогоос дор хаяж 60 сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн ертөнцийг тэр чигээр нь хөрсөн доороо хадгалж байсан газар билээ. 1920-иод онд тэндээс олдсон олдворууд өнөөг хүртэл Монголоор овоглон Америкийн байгалийн түүхийн музейд хадгалагдаж байдаг. Уншигч Та хэрвээ Америк явбал заавал тэр музейг очиж үзээрэй.

 

Баянзагийг үзэж сонирхсоны дараа Онгийн хийдийг зорин хөдөллөө. Харуй бүрий болж байхад хийдийн тууринд хүрч “Цагаан-Овоо” хэмээх жуулчны баазад буулаа. Баазын ажилтнууд маш найрсгаар угтан авлаа. Үйлчилж байгаа нь маш хурдан шуурхай байсанд манайхан их баяртай байлаа. Дотоодын аялагч нарыг ч гэсэн ингэж угтаж байгаа нь тун сайшаалтай. Баазынхан халиартай гамбир хайрч өгөв. Ёстой час хийсэн амттай байсан болохоор манайхан амаа олохгүй идэцгээв.

 

6-р сарын 29. Лхагва гариг. Энэ өдрийн аялал маань Онгийн хийдийн туурь үзэхээр эхлэв. Баруун зүүн гэсэн 2 үндсэн том хэсгээс бүрдэж байсан тус хийдэд 1000 гаруй лам хувраг шавилан сууж байжээ. Барилгын туурийг харвал тухайн үед маш сайн загвар дизайнтай байсан нь илт байлаа. “Буяны шат”-аар өгсөж хийдийн туурийг дээрээс нь харав. “Буяны шат” гэдэг нь хийд болгонд байдаг бөгөөд лам нарыг өглөөний хуралдаа морилохыг урьж лавай үлээн дууддаг харуулын тавцан шиг өндөр саравч билээ. Тэндээс харахад зүүн хойд захад нь тухайн үед байсан суварганы үлдэц, тэндээс баруун тийш хэд хэдэн том сүмийн тууриуд эмх цэгцтэйгээр уулын энгэр дэвсэн үлдсэн нь харагдаж байлаа. Эрт цагт томоохон хийдүүдийг барьж байгуулахдаа ихэвчлэн уулын бэлээс орой хүртэл энгэр дүүрэн эгнүүлэн барих нь онцлог байжээ. Өдгөө хийдийн туурины дэргэд, гол дунд нь “Зүүн гүдэнгийн дуган” хэмээх сүмийг сэргээн барьж хийдийн үйл ажиллагааг сэргээжээ. Тэрхүү сүмд тухайн үед Онгийн хийдийг байгуулж байсан Хутагт лам Ишдоньлхүндэв, түүний шавь Барь лам Дамцагдорж нарын хөргийг байрлуулжээ. Зуны цагт лам хөвгүүд шавилан сууж хол ойрын зочин гийчинд ном хурж өгдөг. Энэ өглөө сүмд 2 жижигхэн баньд, нэг залуу ламын хамт гурвуул байсан бөгөөд аялагч бид нарт “Хийморийн сан”, “Аян замын ерөөл” уншиж өглөө. Хоёр жижиг баньдийн нэг нь хэнгэрэг цохиж, нөгөө нь лавай үлээх ёстой байжээ. Гэтэл хэнгэрэг болохоор хүрэв үү үгүй юу дуугардаг болохоор цохигч бандийг зовоосонгүй, харин лавай үлээгч банди маань харин хичнээн үлээсэн ч хүч нь дутаад дуугарсангүй ээ. Биднээс ичиж банйа гэж тоймгүй, бараг л нүүрээ буруулан их л зовсон янзтай сууж байгааг хараад бидний инээд хүрч, өхөөрдөж суулаа. Ном уншиж дуусангуут тэр гуравт талархан өглөг өглөө. Сүмийг гороолж мөргөхдөө ч “багагүй” хандив өргөв.

 

Онгийн хийдийн туурины дэргэд гэр музей бий. Тус музей нь 2001 онд байгуулагдсан бөгөөд маш ховор сонин үзмэрүүдтэй байв. Бид тэр музейг бараг 40 гаруй минут үзлээ. Яагаад тэгэж их удсан бэ гэхээр музейг хариуцагч эмэгтэй бидэнд үзмэр болгоныг нягт нямбай тайлбарлаж өгсөн юм. Сонсогч бидэнд ч тун сонирхолтой байлаа. Барь лам Данцагдоржийн зохиосон 21 боть судараас гадна өөрийнх нь хэрэглэж байсан гавлын ясан аяга, дунд чөмөгний ясаар хийсэн чөмгөн бүрээ, хийдийн лам нарын хэрэглэж байсан зэс домбо, сав суулга, лагайнамжир хэмээх хувцас хэрэглэл, балин зуурдаг модон тэвш, цай нүддэг модон уур нүдүүр, хүрэл тогоо тулга, мод цоолдог өрөм дрилл, монгол жинлүүр, туухайнууд, тэмээнд тэгнэдэг өөжин авдар, Онгийн хийдийг эвдэж устгах үед үлдсэн барилгын чимэглэлүүд гэх мэт зүйлүүдийг дэлгэн үзүүлжээ. Бидний өмнө 4 жуулчин дагуулсан нэг орчуулагч тэр гэрт орж байгаа харагдсан боловч 5 минут хүрэхгүй хугацааны дараа гараад ирэв. Унаж ирсэн машиныг нь харвал манай томоохон компаний лого харагдаж байна. Орчуулагч нь жуулчдаасаа түрүүлж гарч ирээд гадаа нь зогсоод байх юмаа. Бараг 3 минут өнгөрсний дараа жуулчид нь гарч ирж байна. Тэднийг гарсны дараа бид тэр гэр музейд орлоо. Бид нарт маш сонирхолтой байсан тэр музейг тэдгээр жуулчин болон орчуулагч яагаад сонирхоогүй юм бол гэж бодоод хариуцагч эгчээс асуулаа. Тэгсэн чинь “орчуулагч нь буддын шашны талаар ямар ч юм мэдэхгүй ээ, өөрөө христ гээд гараад явчихсан, харин жуулчид нь жаахан харж байгаад гарлаа” гэж байна. Энэ үед надад нэг зүйл бодогдлоо. Ер нь манай компаниуд хөтөч нарынхаа мэдлэгийг нарийн шалгадаг юм болов уу. Зүгээр л гадаадаар ярьдаг “ухаантай” болохоор нь хөтөч болгоод явуулчихдаг нь л дийлэнх байх даа. Хөтөч нь ийм байсаар байхад тухайн компаний захирал өөрөө ямар сүртэй юм ярьдаг гэдгийг би саналаа. Анх хөтөч шалгаруулж авахдаа бөөн сүр бадруулж бараг л “та нар шиг юмнууд яаж хөтөч хийж чадахын муусайн оюутнууд, юу ч чадахгүй хүний оронцгууд” гэж ирээд л загнадаг мөртөө, өөрийнх нь сонгоод явуулчихсан хөтөчийг нь хар даа, “би христ” гээд жуулчиндаа юу ч орчуулж өгөлгүй түрүүлээд гараад ирчихсэн байгаа юм даа, инээд ч хүрэх шиг. Тус гэр музейг үзэхэд нэг хүн 2000 төгрөг.

 

Дараа нь бид “Бага газрын чулуу”-г зорин хөдөллөө. Цаг нилээн оройтсон байлаа. Гадны жуулчинтай явсан бол юун ингэж тааваараа явахтай манатай байсан байх даа. Дундговийн Адаацаг сумаар дайрч хүрэх ёстой байлаа. Уг нь GPS –ээ харвал хүрчихсэн байх юм, гэтэл сумын төв харагддаггүй, гайхаад нэг уулын бэлд хэдэн айл харагдахаар нь дөхөж очоод сигнал дуугаргатал хэн ч гарч ирдэггүй ээ. Бид тэдгээр айл байгаа энгэрийн зүүн талаас нь орж ирсэн бөгөөд захын гэрээс арай гэж нэг охин хаалгаа онгойлгон зөвхөн толгойгоо цухуйлгалаа. “Адаацаг хаана байна аа” гэж асуутал “цаана чинь” гэж хэлээд хүүе гэхийн завдалгүй хаалгаа хаачихав. Жолооч маань “цаана чинь гэв үү” гэлээ. Би “харин тэх, цаана чинь л гэлээ шүү дээ” гээд урагш хартал ямар ч байшин савны сүүдэр ч алга, энэ урд байгаа толгойн цаана юм болов уу гээд чиглэн давхилаа. Тэгтэл хамгийн инээдтэй нь, тэр толгойг ороов уу үгүй юу баруун талд нь “говьд нар мандахдаа гэнэтхэн мэлс гээд л гараад ирдэг шиг” бидний өмнө нөгөө Адаацаг сум чинь  гэнэтхэн “пөд” гээд л гараад ирэв. Тэр охины хэлсэн “цаана чинь” гэдгийг сая л ойлгож манайхан машин дүүрэн хөхрөлдөв. Нээрээ л “цаана чинь” байсан байна шүү дээ, гэж.

 

 

Сумын төвөөр дайрч түлш хийлгэж аваад Бага газрын чулуу хаана байгааг сайтар заалгаж аваад явлаа. Юу юугүй харанхуй нөмрөөд авав. Алсад хоёр гэрэл асаж байна аа. Одоо бид ямар сум суурин руу явах гэж байгаа биш, нөгөө GPS түр амралтын байдалтай байв. Нөгөө хоёр гэрлийг л алдаж болохгүй шүү, лав машины гэрэл байх, гээд л ярьж явсан чинь тэр хоёр гэрэл өөдөөс ойртон хөдөлж байгаа шинж алга аа. Тэгтэл машины гэрэл биш “Эрдэнэ Ухаа” гэдэг жуулчны баазын үүдэнд “зоосон” гэрэл байв. Тэндээс “Бага газрын чулуу” гэдэг баазыг сураглан зам заалгаад цааш хөдлөв. Явсаар хариугүй хүрдэгийн даваан дээр машины дугуй хагарчихав аа хөөрхий. Гадаа таг харанхуй байлаа. Манай энэ жилийн сургалтын хамгийн шилдэг төгсөгчөөр шалгаран аяллын багийн гишүүн болсон Намхай, Гантуяа хоёр маань л хамаагүй хурдан шуурхай байлаа. Тэр хоёргүй бол ч энэ жолооч ч “бүтэхгүй ээ” гэж бодож зогслоо би. Харин манай Гантуяа дөнгөж 20-хон настай, жижигхэн биетэй хирнээ хир баргийн эрчүүдээс хамаагүй дээр, бас аяллын туршлага байхгүй хирнээ амархан суралцаж байлаа. Маш сайн жуулчны хөтөч болохоо харуулсаар байв. Ямар сайн даа л манай багийн бусад гишүүд “Гантуяа” биш “Гантөмөр” байвал зохино хэмээн эцэг эхээс заяасан нэрийг нь “сольж” орхив. Дугуйгаа сольж аваад 3 минут ч хүрэхгүй яваад зорьсон бааздаа ирлээ. Захиалга өгсөн байсан болохоор биднийг хүлээж байв. Мотороо асааж гэрэл өглөө. Манайхан хэтэрхий оройтсон ч гэлээ хоолоо хийлгэж идээд, аяллын хамгийн сүүлчийн орой байсан болохоор нэг гэртээ цуглан хөзөр тоглож, баахан чалчиж аваад унтацгаав.

 

6-р сарын 30. Пүрэв гариг. Өглөө аажуу уужуу босоцгоож өглөөний цайндаа ороод Бага газрын чулуугаар аялав. Тэрнээс өмнө амжуулж хийсэн нэг ажил бол “өрөмний хар хорхой түүх” байлаа. Энэ хорхойг говийнхон элдэв янзын хорт хавдрын эсрэг хэрэглэдэг гэж өмнөх тэмдэглэлдээ бичсэнийг та бүхэн санаж байгаа биз ээ. Надад тэр хорхой их хэрэгтэй байсан болохоор Өмнөговиос нэг шил цагаан архи худалдаж авсан боловч хар хорхойгоо хийж амжихгүй явсаар аяллын сүүлийн өдөр болгочихсон байв. Архиндаа 7 ширхэг хар хорхойгоо хийхдээ уурлуулж болохгүй гэнэ, уурлахаараа хамаг хэрэгтэй хий болон ямар нэгэн шингэн зүйлээ гадагшаагаа цацаад гаргачихдаг гэнэ. Өөрөө шууд хүрч барьж чадахгүй байсан болохоор багийн нэг гишүүнээр туслуулан арай гэж 7 ширхэг хорхой авч хийлээ. Тэгтэл “Бага газрын чулуу” баазын сахиул ах “уржигдархан би 3 ширхэгийг аваад залгичихсан. Араас нь жаахан ус уугаад л цаашлуулчихсан” гэдэг байгаа. Би ч “аан л” гэлээ, өөр юу гэж хэлэхээ мэдсэнгүй, хэ хэ...

 

Бага газрын чулуу нь манай аяллын компаниудын говь руу чиглэсэн маршрутанд хамгийн түрүүнд жуулчнаа хонуулдаг газар билээ. Би өөрөө бараг 8 жилийн өмнө л ирж байсан байх. Яагаад гэвэл япон хэлний хөтөч нарт англи хэлний хөтөч нарын үзэж хардаг шиг сайхан маршрут тун ховор тохиодог. Япон жуулчид бол “ямбатай” тал руугаа орох бөгөөд ихэвчлэн онгоцоор шууд Даланзадгад руу нисээд тэндээс бас л УБ руу нислэгээр буцдаг учраас тэр болгон газраар явж аялах нь бараг байдаггүй л дээ. Өөрөөр хэлбэл япон жуулчид тав тух, амар хялбар л аялал хайна уу гэхээс адал явдалтай, өөрийгөө шалгасан эрсдэлтэй аяллаас татгалздаг. Тийм учраас бичигч надад Дундговийн хэдэн газар бараг л очиж үзээгүйтэй адил байлаа. Гэвч би англи хэлээ маш эрчимтэй үзэж байгаа болохоор удахгүй өөр өөр орны жуулчидтай хаа сайгүй “тэнэх” боломж гарах биз ээ гэж найдаж байна, хэ хэ ...

 

Бага газрын чулууны бүсэд байх улиас ба хус модон төгөлтэй, сүмийн байшингийн туурьтай “Сөдөтийн ам”-нд хүрлээ. Маш сонирхолтой байлаа. Нутгийн байгаль хамгаалагчаар баахан үүр түүхийг нь яриулж авав. Дараа нь “нүдний рашаан” руу явлаа. Манайхан ямар сонин тогтоц вэ гээд л дор дороо шуугилдав. Уулын бэлээс арай дээхнүүр тогтсон хад чулуун тавцан доогуур урсах бөгөөд зөвхөн 7-8 см голчтой нүхээр шагайн доош 50см орчим гүнд урсаж байгааг харах боломжтой.  Бидний хоол иддэг амны цагаан халбаганы утгуур хэсгийг нарийхан саваа модонд бэхэлж хажууд нь тавьсан байв. Тэр “шанагаа” доош явуулж рашаанаас утган гаргаж ирээд нүдээ угаах ёстой байв. Бид ч ном ёсоор нь гүйцэтгэв.

 

Ингээд аяллаа цааш үргэлжлүүлэн Сүм хөх бүрд рүү явлаа. Цагтаа овоо устай, зэгстэй, усны шувуу ихтэй нуур байсан юм. Гэвч нуурын усны зүүн тал нь бараг тэр чигээрээ ширгэж, баруун талдаа жаахан хэсэг газар л устай харагдаж байв. Тэнд баахан цагаан шувууд цугласан байхыг манайхан хараад “хун” юм уу гэлээ,  би дурангаа авч хартал бүгд цахлай байлаа. Цахлай байхыг бодоход энэ жаахан ус нь загастай л юм байх даа гэж бодосхийгээд хэдэн зураг дарж аваад УБ-ын зүг буцах замдаа орцгоолоо.

 

Замдаа Зорголхайрхан уулыг харлаа. Үнэхээрийн сүрлэг сайхан уул байна, наана нь “Хайрхан” нэртэй нилээн том нуур байна. Тэр хавьд түр амарч биеийн чилээгээ гаргаад цааш хөдөллөө.

 

Орой 7 цагийн алдад УБ-т харьж ирлээ. Хөдөөний замд чөлөөтэй сайхан давхиж явсан машин маань Шувуун фабрик, Био комбинатын дэндүү аймаар “шүүрэн шанага” шиг замаар орлоо. Тэр замыг хараад, эргэн тойронд нь байгаа айлуудыг хараад, нүсэр том камаз машинууд яаж тэдгээр замыг эвдсэнийг, эргэн тойрны газрын хөрсийг аяж сэндийлж хаясныг, тоосон дотор амьдарч байгаа тэр олон ард түмний дүр зургийг хараад хэлэх ч үг олдсонгүй ээ. Өнгөрсөн жил телевизээр энэ Биокомбинатын орчимд хайрга зөөж байгаа машинуудын тухай, тэдгээрийг хариуцсан захирал нь дандаа солонгос, хятад авгай нар байдаг тухай, тэд зөвшөөрөл лицензгүй байсан тухай ярьж сурвалжилж байсныг гэнэт саналаа. Бидний толгой дээр заларч байгаа “76 тэнэг толгой, хотын 1 тэнэг толгой миний энэ тэнэг толгойноос арай дээр л сэтгэдэг болоод тэнд заларсан баймаар юм, чухам юугаа хийж суудаг байна аа” гэж өөрийн эрхгүй “төрийн төлөө оготно боож үхнэ” гэгчтэй адил уур минь хүрч байлаа. Ганц би ч биш, хүн бүхэн хот руу орж ирэхээрээ л уур бухимдлаар дүүрдэг гэдэгтэй та бүхэн санал нийлэх биз ээ... 

 

За ингээд манай аялал энэ жил энд хүрээд өндөрлөлөө. Та бүхэнд бага боловч хэрэг болохоор тэмдэглэл болсон бол чин сэтгэлээсээ “баярлалаа” гэж хэлмээр байна. Дараа жилийн аяллын маршрутыг одоохондоо арай шийдээгүй хэдий боловч Монголынхоо зүүн бүсээр аялах юм сан гэж бодож байгаа. Ирэх жил бусад хүмүүсийн зөвлөснөөр улам олон хүмүүсийг хамруулж өргөн хүрээтэй зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Ингээд Интернет сайтанд маань үргэлж зочилж байдаг та бүхэндээ энэ зуныг сайхан амарч өнгөрүүлэн, ирэх намрыг эрч хүч дүүрэн угтаж, хүйтэн өвлийг өнө их амжилт гарган үдэж, урин хаврыг урамтай сайхан угтахыг ерөөж хүсье.