Хэнтийн тайгад баавгайтай таарсан.

“Морьтон монгол” ТТБ-ын залуус монгол морьтойгоо эх орныхоо хилийг бүтэн тойроод иржээ. Тавдугаар сард эхэлсэн аялал 188 хоног үргэлжилж өнгөрсөн Бямба гарагт дууссан юм. Боловсролын их сургуулийн оюутан М.Батчулуун, Ц.Даваахүү, Н.Ганзориг болон ETV телевизийн зураглаач Д.Нацагдоо, гэрэл зурагчин Ч.Ганболд нарын таван залуу эх орноо нар зөв тойрчээ. Тэдний аян замын сониныг тус багийн гишүүн Ц. Даваахүүгээр яриуллаа.

Эх орныхоо хилийг бүтэн тойроод ирлээ. Ямархуу маршрутаар яваад ирэв? Бид 5-р сарын 15-нд Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас аяллаа эхлүүлсэн. Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Дорноговь аймгийн нутгаар дайрсан. Хилийн бүс дагуу явсан болохоор 15 аймгийн нутгаар аяллаа. 188 хоногт 10394км зам туулжээ.


Энэ хол замыг хэдэн морьтой туулав. Морьдоо сэлгэсэн биз дээ? Монгол орноо морьтойгоо туулах нь гэдгийг сонсоод маш олон хүн дэмжсэн. Монгол улсын Тод манлай уяач Д.Даваахүү, Д.Онон болон Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Ж.Энхболд нарын хүмүүс адуун сүргээсээ морь өгсөн. Тавдугаар сард гарахдаа 13 морьтой гарсан. Замдаа мэдээж морьдоо сэлгэлгүй яахав. Нийт 88 морь сэлгэж унасан байгаа. Нутаг нутгийн морийг уналаа, нутаг нутгийн салхинд илбүүллээ. Харин аялал эхлэхэд бидэнтэй хамт гарсан буурал морь маань буцаж ирсэн. Монгол морины чадал тэвчээрийг харуулан 10 мянга гаруй км яваад ирлээ. Биднийг явахад уяачид маань их дэмжсэн. “Хөнгөн шингэн, шилбэний яс нарийн, яс хөнгөнтэй адуу уралдааны зориулалттай байдаг юм байна. Толгой, хөл бахим бүдүүн, гэдэс томтой, бяртай хүн шиг харагдахаар морь унаж яв. 8-13 насны морь голчилж унаарай. Холын замд хань болно гэж захисан. Уяачдынхаа зөвөлгөөгөөр морь унаж явлаа. Морьтойгоо Монгол орныхоо дөрвөн захын цэг дээр гарлаа. Баруун захын Алтай таван богд, Хойд захын Монгол шарын даваа, зүүн захын Монгол Соёлз уулын Модот хамар, өмнө захын Орвог гашууны бор толгой гэсэн цэгүүдэд хүрлээ.


Эндээс хөдлөхдөө төдийд ирнэ дээ гэх багцаатай гарсан байж таараа. Хугацаандаа амжив уу? Уг нь бид аяллаа эрийн хийморь сэргээсэн Шилийн богдоос эхлүүлье гэж бодож байлаа. Гэтэл яг тэр үед малын шүлхий өвчин гараад онц байдал тогтоочихсон байсан.


Хоол ундаа яаж зохицуулж байв? Түүдэг галаа асаагаад хээрийн тогоогоо тавиад хоолоо хийж иднэ. Аян замд гарахдаа хөдөө гэр рүүгээ борц захисан байсан. Борцоо буцалгаад гоймонтой шөл хийж идээд явчихна. Боломжтой үедээ өдөрт 2 удаа хоол иднэ. Голдуу нэг хоолтой л яваад байлаа. Дээд тал нь гурван өдөр хоолгүй явж үзсэн. Усаа уугаад жимсээ идээд явна. Ой дундуур морьтойгоо явж байхдаа хааяа ганц нэг жимс самардана шүү дээ. Арга ядсан үедээ түүхий самар ч идээд явчихна. Бас малчин айлтай таарна. Монгол ёс заншлаа авч үлдсэн хөдөөний сайхан айлууд зөндөө. Хонь гаргаж, шинэ шөл уулгасан айлуудын тоог хэлж мэдэхээргүй байна. Холоос морьтой тосож аваад гэртээ аваачих жишээтэй. Айлын эзэгтэй нар ааруул, ээзгий уутлаад өгнө. Түүнийг нь аглаг газар явахдаа хүлхээд өнжиж байгаа. Ер нь суурин газар л зах зээлд шилжсэн болохоос хөдөөнийхөн жинхэнэ монголоороо байсан. Бид очсон газар бүртээ мотоцикль биш морио унаж байгаарай гэж уриалж явсан. Мөн бусаддаа үлгэрлэх гэж дээл, малгай, хантаазаа өмсөөд эмээл, хазаараа зөв хэрэглэж явлаа. Давхар монгол ёс заншлаа сурталчилах ёстой байсан юм.


Наадмаар хаана явж байв. Энэ жил олон сумын 90 жилийн ой болсон. Ойн наадамтай таарав уу? Наадам олон таарсан. Очсон газрынхаа наадамд зодоглож байлаа. Баян-Өлгий, Увс, Завханы сумдын наадамд зодоглосон. Шөвгөрч, үзүүрлэж ч явлаа.


Эзгүй хээрээр их явсан байх. Ховор, сонин содон амьтантай таарав уу? Ер нь хандгай, мазаалайгаас бусад бүх амьтантай таарсан байх шүү. Хөвсгөлийн тайгад мөр их байсан. Тайгад бол чонотой байнга таарна. Шөнө унтаж байхад дэргэд ирчихэв үү гэлтэй л улиад байх нь тэр. Хадан хясаанд дуу нь цуурайтаад байдаг юм байна. Шөнө нэг нэгээрээ манаанд гарч байсан. Түүдэг галтай болохоор ойртож ирэхгүй л дээ. Гэлээ ч олон чоно тойрч улиад шөнө унтуулахгүй шүү. Хэнтийн тайгад бас баавгайтай таарсан. Хээрээр олон хоног явахаараа бие биенээрээ тоглоом хийнэ. Манай зураглаач урд явж байснаа хүрч ирээд “Баавгай ирж явна. Чимээгүй бай” гэсэн. Тоглож байгаа юм болтол яах аргагүй мод хугарах чимээ гарч байна. Тэгсэн бамбарууш гараад ирлээ. Зэрлэг гахай шиг л харагддаг юм байна лээ. Араас нь эх баавгай нь гараад ирсэн. Баавгай төсөөлж байснаас том. Бид битүү бургасанд явж байлаа. Морьтой хүнийг давахаар өндөр бургас. Тэгсэн баавгай хоёр хөл дээрээ босоод зогсоход тэр өндөр бургаснаас цээж нь шууд харагдаж байсан. Тийм том биетэй. Дөрвөн хөллөөд явж байхдаа 1.40 метртэй гэсэн. Босоод зогсохоороо 2 метр хол давна.


Та нар руу дайрсангүй юу? Азаар тийм зүйл болсонгүй. Бид нар хараад мэл гөлөрчихөж байгаа юм чинь. Бамбарууш нь түрүүлээд гүйсэн болохоор эх баавгай цаашаа яваад өгсөн. Сүүлд нутгийн хүмүүс та нар гэм хор хүргээгүй болохоор аюулгүй өнгөрч. Хэрэв бамбаруушаар нь тоглосон бол хүүлэх байж гэж байсан. Энэ мэтчилэн сонин содон их. Сүрэг сүргээрээ яваа зээр, гөрөөс, бугаас эхлээд хулан, тахь, аргаль, янгир бүгдийг нь харлаа.


Тайгад бүгсэн хүн байдаг гэсэн, тийм хүн хартай таарав уу? Таарсангүй. Харин нутгийхан тийм хүмүүсийн тухай ярих юм байна лээ. Азаар янз бүрийн муу хүмүүстэй таараагүй. Монгол хүний заяа түшсэн биз. Эр хүний очих ёстой, хийморь сэргээх бүхий л газраар явлаа. Монголынхоо хаана ч очсон дэндүү сайхан байсан. Эх орноороо аялаач гэж хэлмээр байна, ялангуяа залуус маань яваасай.


Бороо шороонд яав? Бороонд явж дээл хувцас норох энүүхэнд. Хуурай хувцасгүй хэдэн өдөр явна. Норсон өмдтэй олон өдөр явахаар эмээл холгоно. Гэхдээ хэцүү байна гэж бодож байсангүй. Зуун км газарт 80 гаруй булаг, шанд, гол, горхи гаталж Монгол шарын даваанд гарах жишээтэй. Ихэнх голыг гүүрээр гаталсан. Харин уулын  голууд их хүчтэй. Мориноос унах л юм бол тэр чигтээ урсчихаар айхтар ширүүн урсгалтай гол олон. Хөвсгөл нуурын захын тохойд морьтойгоо ус руу унасан. Морио услаад зогсож байтал гэнэт эрэг нураад явчихдаг юм байна. Юу юугүй их ус руу унаж дээл хувцас хамаг юмаа норгох энүүхэнд. Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа гэдэг үг бий. Зорьсон хэргээ бүтээгээд ирсэндээ баяртай байгаа. Ер нь аяллын үед ганц л зүйл бодогдож байсан. Тэр нь юу вэ гэхээр Монгол нутгийн байгаль. Өдөр бүр дуу алдмаар үзэсгэлэнтэй газраар явж байлаа. Юуных нь гадаад улс вэ. Чин сэтгэлээсээ эх орноороо бахархсан.


Тэр сайхан байгальд амрах боломж олдов уу? Долоо хоног яваад найм дахь дээр нь амарч явсан. Морьдынхоо багцаа байдлаас болж байгаа юм. Морь эцэхээрээ, гөлийгөөд толгойгоо унжуулаад зогсчихно. Тэр үед цаашаа явах аргагүй болчихно. Анзаараад байхад нутаг нутгийн морьд өөр байх юм. Говь нутгийн адуу монгол орны бүх хэсэгт ажрахгүй явж чадна. Говийн хөрс хатуу, ургамалгүй учраас чулуулаг ихтэй. Тийм газар яваад сурчихсан адуу аль ч нутагт явдаг юм байна. Талын морь говийн хатуу хөрсөнд улдаж байсан. Тайгын морьд тал руу, говь руу орохоор улдаж байлаа.


Өдөрт дунджаар хэдэн км явж байсан бэ? Газрынхаа байдлаас болно. Хамгийн ихдээ 120 км явж байлаа. Өдөрт 10-20 км явах үе ч тохиолдоно. Алтайн өндөр ууланд хэцүү шүү дээ. Дандаа уулын хавцлаар явах хэрэг гарна. Нэгэн жигд хурдтай шогших маягтай явж байсан.


Ингэж олон сар морьтой явахаар бөөр, бөгс өвдөнө биз? Багаасаа морин дээр өссөн монгол эрчүүд болохоор өвдөж хавдах зүйл байсангүй. Хичнээн хүйтэн бороонд нороод нойтон хувцастай явсан ч гэлээ хамрын ханиад ч хүрээгүй. Тэр сайхан байгалийн цэнгэг агаараар амьсгална гэдэг харин ч эмчилгээ болж байсан.


Хээрээр гэр хийж явсан байх. Хааяа нэг зочид буудалд хонох боломж гарав уу? Ерөнхийдөө майхандаа хонож явсан. Сумын төвд ирэхээр орон нутгийнхан хүлээж авна. Тийм үед байранд хонож байлаа. Гэхдээ л цөөхөн. Шилийн сайн эрс ингэж явдаг байсан байх даа л гэж бодоод явлаа.


Усанд орох уу? Тэр олон гол горхитой таарахад усанд оролгүй яахав. Учиргүй саван шампунь болохгүй ч голд орсон чигээ л явж байлаа. Аялал эхлэх үе хаврын сүүл сар байсан. Хангай газар руу хавсаргатай, харин говьд дулаахан сайхан байсан. Зуны ид халуунд Алтай, Хөвсгөл, Хэнтийн нутгаар явсан. Намар сэрүү орох үеэр Дорнод, Дорноговь руу ороод ирсэн.


Эх орноо бүтэн тойрчихлоо. Ингэж яваад ирсний үр дүн юу байх бол? Гол утга нь монгол өв уламжлал, ёс заншил, морин соёлоо хадгалж үлдэх байсан. Уламжлал алдагдаж байгаа өнөө цагт уламжлалаа сэргээе гэж явсан. Залуу насандаа эх орноо бүтэн тойрно гэдэг бахархалтай. Бас газар нутгийн судалгаа хийгээд ирлээ. Удахгүй олон нийтэд тайлагнах байх. Аяллын явцад олон удаагын нэвтрүүлэг хийсэн. Нутаг нутгийн онцлог, зан заншлыг харуулсан нэвтрүүлэг болсон гэж бодож байгаа. Дээрээс нь маш олон гэрэл зураг авсан. Өдөрт бараг мянган зураг авч явсан байх.


Олон сар аялахад зардал мөнгө хэр их гарав? Зардал гайгүй ээ. Борцоо гэр гэрээсээ аваад явчихсан. Гоймонд нээх их орохгүй. Шатахуун, сэлбэгт нээх их мөнгө зарцуулахгүй болохоор тун боломжийн яваад ирсэн. Унаа морио сэлгэхэд мөнгө зарахгүй. Очсон нутгийнхан сэлгээд өгчихсөн. Дээл хувцасаа эндээс аваад явчихсан. Дөрвөн дээл, хоёр гутал элээгээд ирлээ. Харин ажил хийдэг хоёр хүний цалинг УИХ-ын гишүүн Х.Баттулга гаргаж өгсөн. Бас хотоос гарахад хэрэгтэй бэлтгэлийг хангасан байгаа.


Эх сурвалж: Өдрийн сонин