40000 жилийн тэртээх хүний яс Монголоос олдлоо.

 

Монгол Улсын нутагт ажилласан олон улсын багийхан 40000 настай гурван “хүн”-ийг малталтын үеэр илрүүлсэн тухай Оросын сайтуудад мэдээлжээ. Монгол, Япон, Новосибирск, Владивостокийн судлаачид тус багт багтан ажилласан бөгөөд Монголын хойд хэсэгт оршдог нэгэн голын орчмоос олдсон тэдгээр олдворыг 12-40 мянган жилийн өмнөх үеийнх гэж археологичид баталж буй ажээ. Тухайн нутгийн орчмоос олон үеийнхний ул мөр болсон эд өлгийн зүйл элбэг олддог учир он цагийг тодорхой хэлэх боломжгүй ажээ. Эртний хүмүүсийн яснаас гадна чулуугаар хийсэн зэвсэг, ясан зүүлт, чимэглэл болон тэмээн хяруулынхтай төстэй өндөгний хальс олдсоныг судалж, щинжилсэнээр хүн судлалд шинэ хуудас нээгдэж буйг үгүйсгээгүй байна. Хамгийн сонирхолтой нь палеолит буюу чулуун зэвсэгийн эхэн үед амьдарч байсан тэд махыг шарж иддэг, арьс ширийг хатааж, боловсруулдаг байсан хэмээжээ. Гэхдээ судалгаа үргэлжилж байгаа бөгөөд нягтлах ажил жижигхэн зүйлс дээр л зөрвөл он цагийн баримжаа хэдэн арваас хэдэн зуун жил зөрөх магадлалтай гэж эрдэмтэд мэдээлсэн ажээ.