Харзны усанд орохын ач холбогдол

Харзны усанд орох нь биеийг хасах цэнэгтэй ионоор цэнэглэж биеийг сэргээж өгөхөөс гадна хүний биеийн цусны эргэлтийг сайжруулж, судасны энд тэнд бөглөрсөн бөглөөсийг арилгаж, хүний биеийн зарим хэсэгт бий болсон үхжилийг сааруулж, суларсан арьс ба булчинг сэргээж өгдөг ач холбогдолтой. Эртнээс нааш монголчууд усан эмчилгээний гайхамшигт чанарыг мэдэж байжээ. Намрын дунд сарын 15-наас урсгал ус рашаан болж, таван махбодийг эмчилдэг гэж ярьсаар ирсэн бөгөөд намар болмогц рашаан усны эмчилгээнд явдаг нь үүнтэй холбоотой аж.


Харзны усанд орохын тулд сэтгэл санаагаа бэлдсэн байх хэрэгтэй болдог. Хувийн бэлтгэлийн хувьд усанд орох хувцас, уснаас гарч ирээд бие арчих алчуур, нөмрөх хувцас, шаахай зэргийг бэлдэх шаардлагатай. Усанд ороод гарсны дараа шар тос самарсан халуун сүүтэй цай уувал сайн. Шар тостой цайг монголчууд осгосон хүн малд өгдөг нь хүний голын тамирыг сэргээж, голд хуралдсан хүйтнийг зайлуулж өгдөг гэж үздэг тул усанд орсны дараа уухад зүгээр гэж үздэг. Уснаас гарч ирэнгүүтээ тамхи татах, 100гр архи уух зэрэг нь тийм ч зохистой хэрэг биш ажээ.

Харзны усанд орохдоо бүх л биеэ, тэр ч байтугай толгойгоо хүртэл бүрэн дүрж 3-5 секунд ороход хангалттай байдаг. Харзны усанд орж заншсанаар элдэв архаг хууч өвчин, бөөрний дутагдал, астма, хорт хавдар зэрэг өвчин засардаг хэмээн мэргэжлийн хүмүүс ярьдаг.

Гадаа хүйтний хэм хасах 40 хүртэл хэм байхад харзны усны хэм тэг градустай байдаг ба хөлддөггүй онцлогтой. Бусад эргэн тойрон нь тэс хөлдсөн байдаг нь гайхалтай. Гол мөрний усанд нар, сар, од эрхэсийн гэрэл байнга ээлжлэн тусаж энерги өгч байдаг. Харзны усанд орно гэдэг нь тэрхүү усанд шингэсэн энергээр өөрийгөөр цэвэрлэн ариусгаж, байгаль эхийн хүчийг өөртөө шингээн авч байна гэсэн утга юм. Харзны усанд орохдоо өвлийн ид улирлаар ордог ба 3 дугаар сар хүртэл үргэлжлүүлж болно. Гуравдугаар сараас эхлэн усны чанарт өөрчлөлт ордог тул тэрнээс хойш ордоггүй заншилтай. Харзны усанд орохдоо нэг л удаа шумбан орох ба олон дахин орж, хүйтэн усанд удаан байж болохгүй. Хэт удаан байвал яс янгинах, үе мөч өвдөх зэргээр өвчилж болзошгүй. Харин орох үедээ байгаль, уул усаа шүтэж бишрэн, өөртөө итгэлтэй, уснаас эрч хүч, сайн энерги авна гэсэн чин сүжигтэй байж чадвал харзны усанд орсны ач холбогдол, утга учир биелэх юм. Мөн зарим хүмүүс харзны усанд орж биедээ гэнэтийн цочрол авснаар биед хуримтдлагдсан муу ёрын зүйл ч арилан алга болдог хэмээн итгэдэг.