Монгол орон эртний амьтан ургамлын үлдэгдлээр баялаг болохыг АНУ-ын “Байгалийн түүхийн музей”-н ажилтан Ч.Эндрюсээр удирдуулсан 1922-1926 оны палеонтологийн экспедицийнхэн нээснээс хойш 80 жил болж байна. Энэ хугацаанд манай оронд Зөвлөлтийн палеонтологийн экспедици (1946-1949), Монгол-Польшийн палеонтологийн экспедици (1966-1990), Монгол-Японы палеонтологийн экспедици (1993-2001)-ийн шинжилгээ судалгааны үр дүнд дэлхийд олдоогүй мэдэгдээгүй байсан ховор нандин олдворууд олдсон нь түүхийн хөгжлийн тухайн үе шатыг тод илтгэж байгаагаас гадна эрдэм шинжилгээний олон зуун ажлууд хэвлэгдэн гарах нөхцөл болсон юм.
Үлэг гүрвэлийн аймаг 160 сая жилийн туршид тасралтгүй хөгжсөөр бүрэн мөхсөн боловч шувууны аймгийн эх үндсийг тавьсан бөгөөд хувьсах хөгжлийн өвөрмөц шинж чанар, ерөнхий зүй тогтлоороо шим ертөнцийн, сонирхлыг ихэд татдаг байдлаараа нэлээд онцлог юм.
Шинжилгээ судалгааны ажлаас үзэхэд дэвшигдсэн төрлийн тоогоор 1-р байрыг АНУ (64), дараа нь Монгол (40), Хятад (36), Канад (31), Англи (26), Аргентин (23) байруудыг тус тус эзэлж “Үлэг гүрвэлийн судалгаанд дэлхийд тэргүүлэгч гүрэн” гэж нэрлэгддэг ба Ази тивд Монгол, Хятад улс нь үлэг гүрвэлийн бүх төрлийн олдворын 80-90%-ийг эзэлдэг юм. Манай оронд үлэг гүрвэлийн олдворт газар 50 гаруй, эртний хөхтний олдворт газар 20-иод байгаа билээ. Эдгээр олдворт газраас олдсон материал дотроос дэлхийн хэмжээнд ховор нандин олдворын тоонд өвсөн тэжээлт үлэг гүрвэл Протоцераптосын 16 зулзага, өндгөн дотроо чулуужин хадгалагдсан Овирапторын зулзага, монголэмис яст мэлхийн зулзага зэрэг олдворыг нэрлэж болно.
Монголын эртний үлэг гүрвэл, сээр нуруут амьтадын олдворт газрыг эрдэм шинжилгээ, тусгай сонирхогчдын аялал жуулчлалд ашиглахад тохиромжтойг нь харгалзан хэд хэдэн бүсэд хуваан үзэж маршрут чиглэл гаргаж болох юм.
1. Хүрэн духын бүс: Улаанбаатараас – Шивээ Овоо хүртэл яваад тэндээсээ 30-аад км явж Халзан овоогийн рашаан амралтын газар очиж болно. Халзан овоогийн рашаан амралтаас Хүрэн дух хүртэл 8-10 км. Хүрэн духын олдворт газар нь одоогоос 135 сая жилийн өмнө байсан нуур усны хурдас бүхий нарийн Ширхэг ногоон өнгөтэй элс хайрга, нүүрсжиж амжаагүй хар бараан наанги шавар зэргийн хурдсаас тогтсон бөгөөд эндээс усны өвсөн тэжээлт игунодон, хоёр төрлийн яст мэлхий, загас, матар элдэв төрлийн ургамал ба ургамлын үр тоосонцор олддог.
2. Зүүн баяны орчим: Зүүн баян хүртэл галт тэргээр яваад цааш яван дээд цэрдийн 75 сая жилийн настай Баянширээгийн давхаргадаст хамрах улаан, цайвар өнгөтэй элсэн чулуу, шавар элсэнцрээс тогтсон олдворт газар Мөнгөн толгой, Хонгил цав, Бурхант, Баянширээт зэрэг олдворт газрыг үзэж болно. Эдгээр олдворт газраас өвс тэжээлт үлэг гүрвэл гадрозавр, хоёр төрөл яст мэлхий, сегнозавр, зауроподын төрлийн амьтад олддог юм.
3. Ханбогдын бүс: Улаанбаатараас Өмнөговь аймгийн Манлай чиглэлээр явж сумын төвөөс 10 км зайд орших Могойн дэл уулын ойролцоо доод цэрдийн хурдаст тархсан шавьж ургамлын олдворт газрыг үзэн урагш 100 орчим км газар яваад Байшин цавд очно.
Энэ орчимд дээд цэрдийн (75 сая жилийн настай) Баянширээ давхаргадасын цайвар, улаан өнгийн элсэн чулуу, элс элсэнцэр бүхий олдворт газар Байшин цав, Амттай, Өрөлбө худаг, Могойн булаг, Шар цав зэрэг олдворт газруудтай бөгөөд гадрозаврид төрлийн үлэг гүрвэл, дромеозавр, сегнозавр, жижиг махчин, авиомемис (шувуу) маягийн үлэг гүрвэлүүд түгээмэл тархалттай байдаг. Эдгээр олдворт газрууд дундаас хамгийн сонирхолтой газар нь Шар цавийн олдворт газар юм. Энд үлэг гүрвэлийн олдвор бараг байхгүй боловч том талбайд төрөл бүрийн үлэг гүрвэлийн холхиж явсан мөрийн үлдэгдэл хадгалагдсан нь Төв Азийн хэмжээнд ховор үзэгдлийн нэг юм. Энэ бүсэд үлэг гүрвэлийн мөрөөс гадна хулангийн сүрэг хуйлран давхисан “Хулангийн нутаг” юм.
4. Арц богдын бүс: Арц богдын бүсийн олдворт газруудаас Баянзагийн олдворт газрыг хүн болгон сайн мэддэг аль эртнээс гол газар болж байсан. Арц богд уулаас эхэлсэн тэр хөндий хотгорыг нэлэнхүйд нь Цахиуртын хөндий гэж нэрлэдгийг тэр болгон хүн мэдэхгүй байж болно. Энэ хөндийд Баянзаг, Хашаат, Төгрөгийн ширээ, Алтан тээг, Авдрант, Хонгил цав зэрэг газрууд бий.