Нийслэл guide сэтгүүл
Аялал жуулчлал гэдэг аливаа улс орны хувьд жижиг чулуугаар том чулуу хөдөлгөх хамгийн таатай хувилбар байдаг. Өөрөөр хэлбэл өчүүхэн зардлаар эдийн засагтаа хувь нэмэр оруулах, валютын их урсгалыг татан авчрах боломжтой салбар юм. Хэрэв байгаль эх гоо үзэмж, сонин содон төрхөө төрөлх нутагт тань харамгүй заяасан бол үүнийг гадаадынханд зүгээр л үзүүлсэнийхээ төлөө доллар халаасанд сууна гэсэн үг. Гэвч өнөө үед аялал жуулчлалын ашиг орлого зөвхөн байгалийн сайхнаар хэмжигдэхээсээ нэгэнт өнгөрчээ. Дэлхийн өнцөг булан бүрийн улс орон бүхэн өдөр бүр шинэ зүйлс сэдэж, олон нийтийн сонирхол татаж, өөр рүүгээ чиглүүлж онцлог талуудаа сурталчилж байна. Мэдээж урин дулаан цаг нь аялал жуулчлалын хамгийн таатай үе ч жилийн талаас илүү хугацаанд эрч тэс, хатуу ширүүн хүйтэн уур амьсгалд аж төрдөг бидний хувьд чухам яавал аялал жуулчлалын хөгжлөөс хоцрохгүй байж болох вэ? Энэ талаар тодорхой дүр зураг гаргахын тулд монголын аялал жуулчлалын салбарын тэргүүн фронт дахь компаниудын удирдлагуудын санал бодлыг сонссон юм.
Монгол орон өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд юугаараа онцгой бүс болдог вэ. Бидэнд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ямар боломж байна вэ.
“Mongolian guide” төвийн захирал Ч. Буянбадрах: Сүүийн үед дэлхийн аялал жуулчлалын урсгал Ази, Номхон далайн орнууд руу чиглэж буй нь Монгол оронд ч ашигтай хандлага юм. Монголд аялж жуулчилж буй хүмүүс ихэвчлэн Хятадаар дамжин ирдэг. Харин Хятадад ирэх жуулчдын тоо жил бүр 8%-р өсч буй энэ таатай нөхцлийг бид чадварлагаар ашиглах хэрэгтэй. Манай улс өвлийн аялал жуулчлалын хүрээнд морин аялал, тэмээн аялал, морин чарганы аялал, нохойн чарганы аялал, цана тэшүүрийн аялал, мөсөнд авирах аялал, цаа бугын аялал, цаатаны урцанд хоноглох аялал, өвлийн наран мандахыг харах аялал, цас мөсний баярын аялал, монголын шинэ жилийн баяр үзэх аялал, монголчуудын цагаан сарын баярыг үзэх аялал, малчин айлын өвлийн амьдралыг турших аялал, ан хийх аялал, мөсөн цооногоос загас барих аялал, харзны усанд орох аялал, цасаар хучигдсан талд халуун рашаанд орох аялал, шинийн гуравны бөөгийн тахилга үзэх аялал, мөсөн шагайгаар наадах аялал гэх мэт маш олон сонирхолтой аяллыг зохион байгуулах боломжтой.
Гэвч мэдээж саад тотгор бий. Монголчууд “манай орон маш хүйтэн, өвөлдөө -30 хэм хүрч хүйтэрдэг, эх газрын эрч тэс уур амьсгалтай, цас их ордог” гэж байнга ярьдаг нь “монгол оронд өвөл очвол хүйтэн юм байна” гэх ойлголтыг санамсаргүйгээр бий болгодог. Мөн аялал жуулчлалын ихэнх компани зөвхөн дулааны аяллын маршуттай байдаг тул өвлийн аялал жуулчлал гэдэг ойлголт орхигдоод байна. Жуулчны баазууд өвлийн улиралд үйл ажиллагаагаа шууд зогсоодог нь бас сөрөг нөлөө үзүүлдэг. Угтаа бүс нутаг бүрт нэг жуулчны баазыг сонгон шалгаруулж, өвөл ажиллуулан, бүх татвараас нь чөлөөлж өгөөд, харин сонгогдсон бааз өвлийн улиралд хямдралтай үнээр үйлчлэх гэх мэтээр санаачилга гаргадаг байвал зүгээр. Мөн орчин үеийн шаардлага хангасан, жуулчдын сонирхолыг татахуйц засалтай цанын баазуудыг бий болгоход төрөөс хөнгөлттэй, хүүгүй зээл олгож дэмжих нь зүйтэй гэж боддог. Өвлийн болон тусгай аяллын зарим техник хэрэгслийг оруулж ирэхэд гаалийн татвар, НӨАТ-аас чөлөөлөх шийдвэр гаргасан нь төр засгийн зүгээс үзүүлж буй бодит дэмжлэг боловч энэ талаарх мэдээлэл тун бага байна. Монголд өвлийн улиралд жилд 80,000 орчим жуулчин ирдэг гэж мэдээлдэг боловч бодит байдал дээрээ аяллын хөтөлбөрүүдэд хамгийн ихдээ л 40-60 хүн харагддаг. Бусад нь дан орон нутгийнхан, зохион байгуулж байгаа хүмүүс нь өөрсдөө юм. Одоогоор манай өвлийн аяллын маршрут Хөвсгөлийн “Мөсний баяр” Өмнөговийн “Тэмээний баяр”, “Чингисийн хүрээ” баазад болдог “Бүргэдийн баяр” гээд л дуусна. Компаниуд эдгээр үйл ажиллагааг өөрсдийн хүчээр явуулах гэж оролдож байгаа ч жилээс жилд улам дордож байна. Энэ нь, төр засгийн зүгээс дорвитой дэмжихгүй байгаагаас зохион байгуулагчдын урам хугарч “За яах вэ, нэг юм хийсэн болохгүй бол болохгүй” гэх маягаар хандаж эхэлдэгтэй холбоотой. Уг нь бүх аяллын компани өвлийн аяллын хөтөлбөртэй болж, өргөн сурталчилгаа хийх нь чухал. Өвлийн аяллын бас нэгэн чухал хэсэг бол цагаан сар. Монголын цагаан сар Хятадын цагаан сартай ойролцоо цаг үед болдог ч зан заншлын хувьд өөр гэдгийг сурталчилах хэрэгтэй. Энэ тал дээр сүүлийн үед ӨМӨЗО-ны сурталчилгаа маш хүчтэй явагдаж байгаа. Манайхаас ITB, WTM гэх мэт олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцож буй байгууллагууд сурталчилгааны материалууддаа өвлийн аялал жуулчлалтай холбоотой мэдээллүүдийг түлхүү оруулмаар байгаа юм.
Одоогоор Монголд өвлийн аялал жуулчлал хэр зэрэг ашигтай, хүртээмжтэй байна вэ?
“Tseren tours” компаний захирал Э.Цэрэндолгор: Монголд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн төлөө Active and Adverture tours, Mongolia Expeditions зэрэг компани бусдаасаа илүү санаачлагатай ажиллаж байна. Миний ажигласнаар, улсаас тодорхой хөрөнгө гаргасан хувийн компаниудаа дэмжиж, гадаад сурталчилгаандаа дорвитой анхаарал хандуулахгүйгээр энэ салбар хөгжихөд бэрх. Сүүлдээ аялал жуулчлалын энэ төрөл орон нутгийн шинжтэй баяр маягийн болоод, хөгжиж ч амжихгүйгээр төгсөх хандлага харагдаж байна. Хамгийн гол нь өвлийн аялал жуулчлалыг бид хэнд зориулж хийх вэ гэдэг чухал. Одоогоор орон нутгийхан голцуу оролцдог энэ ажилд гадны жуулчдыг илүүтэй татаж чадвал, цэвэр валют орж ирэх боломж нээгдэнэ. Манайхан хөгжих алхамуудыг хийж эхэлж л байна. Гэхдээ Монголоосоо гадагш, дэлхий нийт рүү хандсан сурталчилгаа бараг алга. Гадныхан манай өвлийн аялал сонирхдоггүйдээ биш, бид сонорт нь хүргэж чаддаггүйд хамаг учир байна. Энэ хэдхэн хувийн компани олон улсын тавцанд өөрсдийн зардлаар бүгдийг хийж дийлэхгүй шүү дээ.
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нь Монгол улсад ямар үр ашиг авчрах вэ?
“Nomadic Expeditions” компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Д.Гэрэлтөв: Монголд аялал жуулчлал зуны хэдхэн сард л идэвхтэй өрнөдөг учир энэ салбарын нийгэм, эдийн засагт эзлэх орон зай, үр нөлөө хүчирхэгжиж чадалгүй өнөөг хүрсэн. Аялал жуулчлалын салбарын сайн боловсон хүчнүүд уул уурхайн салбар руу орж буйн нэг гол шалтгаан энэ. Өвлийн аялал жуучлал хөгжвөл үйлчилгээний байгууллагуудад илүү үр ашигтай, үр бүтээлтэй ажиллаж салбар ч өргөжин тэлж, ажлын байрны орон тоо нэмэгдэж, энэ бүхнийг дагаад Монгол улсад орох орлого ч өснө. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хөдөө орон нутгуудад жуулчид байрлах тохь тухтай байруудыг бий болгохоос эхлээд аялал жуулчлалын бүтээгдэхүүн буюу үзэж харах зүйлсийн тоог нэмэх хэрэгтэй болно. Үүнд төрөөс ихээхэн анхаарч, хөрөнгө, санхүүжилт гаргах шаардлагатай. Жишээ нь, Өвөр Монголд шинээр үзвэр үйлчилгээний газар, цогцолбор барихад хятадын төр санхүүгээр дэмжиж, “Цайны зам” гэх мэт аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн гаргахад ихээхэн анхаардаг. Тэд аялал жуулчлалаар дамжуулаад хятад соёлынхоо агууг танин мэдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Аялал жуулчлалын бас нэг ач холбогдол үүнд оршдог. Зөвхөн хувийн хэвшлийнхний оролцоогоор өвлийн аялал жуулчлал хар аяндаа хөгжинө гэвэл их л урт хугацаа орох байх даа.
Монгол өвлийн аялал жуулчлал хөгжихөд юу чөдөр болж байна вэ. Үүнтэй хэрхэн тэмцэх вэ?
“Mongolia Expeditions” компаний захирал С.Алдархишиг: Ер нь 10 дугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл Монголд аялал жуулчлал идэвхгүй байдаг. Засгийн газарт өвлийн болон олон асуудал тулгамдаж, мөнгө олох бүх салбар хумигдаж, валютын ханш ч чангардаг хэцүү үе. Харин аялал жуулчлал бол энэ хүнд үеийг даван туулах авралын гарц гэдгийг дарга нар ойлгохгүй байгаа юм. Аялал жуулчлалын салбарынхан төрийн дэмжлэггүйгээр өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн төлөө чадлаараа л ажиллаж ирсэн. Гэвч дан ганц тур оператор өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэдэг боломжгүй. Үүнд төрийн цогц бодолго, санхүүгийн асар их дэмжлэг хэрэгтэй. Ийм дэмжлэг үндсэндээ байхгүй нь хамгийн том чөдөр болж байна. Энд төртэй холбоотой хэдэн зүйл хэлье. Шинчлэлийн засгийн газар шинээр байгуулсан ССАЖЯ гэж бий. Шуудхан хэлэхэд энэ яам монголын аялал жуулчлалын салбарыг хэтэрхий давжааруулж байна. Яамны 2012-2013 онд хийж бүтээсэн ажлын тайланд бичсэнээр, тэд 1 том ажил хийсэн бөгөөд үүнд нь 16,392км аялалын замын чиглэл тогтоосон, цаашид сум болгон өөрийн бренд аялалтай болох зорилт тавин ажиллана гэх мэт зүйлс багтжээ. Энэ бол угаасаа жижиг байгаа салбарыг шууд мөхөл рүү чирж байгаа явдал юм. Аяллын замын чиглэл нь зах зээлийн эрэлтийн дагуу аялагчийн хүсэлтээр бий болдог болохоос биш, төрөөс заасан маршрут хүний сонирхолыг татаж, мөнгө олно гэхэд бэрх. Мөн брендийг хувийн хэвшлийнхэн бий болгодог байхад төр хувийн хэвшилтэйгээ өрсөлдөөд эхэллээ. Тэгээд ч эхлээд Монгол улсаа бүхлээр нь таниулж байж дараа нь аймаг, сумын тухай яривал зохино. Миний бодлоор өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлье гэвэл Улаанбаатар, Дархан, Эрдэнэт гэсэн томоохон хотуудаа түшиглэх хэрэгтэй. Жишээ нь: өлийн саруудад Дархан хотод томоохон мөс, цасан хотхонг урлагийн бүтээлийн хэмжээнд байгуулаад урлаг, спортын олон арга хэмжээг, каледарчлан төлөвлөж, зар сурталчилгааг сайн түгээх хэрэгтэй.
"Хятадаас ирэх жуулчдын тоо нэмэгдвэл үндэсний аюулгүй байдалд хор уршигтай” гэсэн хуучинсаг гэх үү, хэт эх оронч гэх үү үзлээ баримталсаар байна. Манайхан өвлийн аялалын арга хэмжээгээ хүн хүрэхэд хэцүү, хүрч очсон ч зардал мөнгө ихээхэн шаардагдах уулын мухарт шахам зохион байгуулаад байдаг. Бөөн зардал гаргасан учраас орлого гэх юмгүй болдог нь тур операторуудын хувьд өвлийн аялал сонирхохгүй, өвлийн аялалын бүтээгдэхүүн гарч ирэхгүй байх шалтгаан болж байна. Хөршүүдээсээ суралцья. Харбин хот өвөлдөө манай Улаанбаатараас ч хүйтэн. Тэгсэн ч 30 шахам жилийн өмнөөс тэд цас мөсний баяр зохион байгуулсаар ирсэн. Одоо эл арга хэмжээг зорин 10 сая орчим жуулчин ирж байна. Сүүлийн жилүүдэд дэлхий нийт манай өмнөд хөршийн аялал жуулчлалын ихээхэн сонирхох болсон. Гэтэл манай улс ”Хятадаас ирэх жуулчдын тоо нэмэгдвэл үндэсний аюулгүй байдалд хор уршигтай” гэсэн хуучинсаг гэх үү, хэт оронч үзлээ баримталсаар байна. Үүний оронд тэднийг хэрхэн татах, ямар бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгож болох талаар тодорхой бодлого боловсруулаад ажиллах хэрэгтэй. ССАЖЯ угтаа иймэрхүү зүйл л хийх ёстой. 300 гаруй жилийн түүхтэй Цайны зам гэж бий. Гурван улсын энэ замыг дэлхийн аялал жуулчлалын бренд болгож олон тооны жуулчин татна, ЮНЕСКО-гийн соёлын өв болгоно хэмээн ОХУ, Монгол, БНХАУ-ын холбогдох төрийн байгууллагууд санамж бичигт гарын үсэг зураад баталгаажуулсан юм билээ. Гэтэл манай улсын бодлого өнөөг хүртэл тодорхойгүй байгаа учраас энэ ажил гацаад байна. Монгол улсын Засгийн газраас энэ тал дээр анхааран ажиллаж, холбогдох зохицуулалтыг хийвэл эдийн засагт тодорхой нөлөө үзүүлэх нь дамжиггүй.