“Guide” төвийн захирал Ч. Буянбадрах: Жуулчин болгон өөр өөрийн сонирхолтой байдаг болохоор Улаанбаатар хот дахь түүх дурсгалын газруудад ч янз бүрээр ханддаг. Тухайлбал, Зайсан толгойн хувьд герман болон япончуудын сонирхлыг илүү татдаг. Тэнд фашист германы болон японы хуучин тугийг гишгэж, хугалж буй дүрслэл байдаг учраас тэдэнд их сонирхолтой санагддаг. Харин Америк, европын зарим жуулчдад Байгалийн түүхийн музейн палеонтологийн танхим дахь үлэг гүрвэлийн чулуужсан олдворууд, Чойжин ламын сүм музейн Занхан сүмд байх тамын орныг дүрсэлсэн чимэглэл, халуун хүйтэн тамын дүрслэл зэрэг нь их сонирхолтой санагддаг. Монгол ардын язгуур урлагийн тоглолт явагддаг “Түмэн-Эх” чуулгын байрыг жуулчин бүрийн сэтгэлийг хөдөлгөдөг газар гэж би боддог. Тэнд очсон ихэнх жуулчид “үнэхээр гайхалтай” хэмээн дуу алдсаар гарч ирдэг юм.
Миний анх ажлаа эхлүүлж байх үеийн нийслэл хотыг одоогийнхтой харьцуулахад сайн, муу зүйлийн аль аль нь байна. Орчин үеийн өндөр хөгжилтэй хотуудын жишигт хүрэхүйц тансаг зэрэглэлийн үйлчилгээний газрууд нэлээд бий болжээ. Гэвч үйлчилгээний соёлын талаар дутагдалтай хэвээр. Бас гадна гараад ирэхээр өнөөх л хог, эвдэрхий явган зам үргэлжилнэ шүү дээ. Үүнээс гадна усан оргилуур бүхий том, жижиг цэцэрлэгт хүрээлэн сүүлийн үед олноор байгуулагдаж буйд сэтгэл хангалуун байдаг. Нэг харамсаж явдаг зүйл гэвэл, хөдөө орон нутгаас хот руу ирэх хүн амын урсгал хэт их байна. Үүнийг цэгцлэх шаардлагатай. Тухайлбал, шилжин ирэгсдээс нэг удаагийн өндөр татвар авч, тэр мөнгийг хотын хөгжлийн санд оруулах нь зүйтэй гэж боддог. Хэдхэн жилийн өмнө сайхан цэвэрхэн охид хөвгүүд, сайхан намбалаг өвөө эмээ нар хотын гудамжаар алхаж яваа нь нүдэнд их тусдаг байлаа. Харин одоо тийм биш болжээ. Хотын төв гудамж буюу Төв шуудан, Сүхбаатарын талбайд бакал, тавчик гэрийн шорт, майк, бие тамирын халтар өмд гээд тааралдсанаа углачихсан юм уу гэмээр залуус, хөгшчүүл их харагддаг болсон байна. Өөрөөр хэлбэл, хотын иргэн байх соёл тэдэнд дутагдаж байна. Нийслэлд ямар асуудал тулгамдаж байна вэ гэж асуувал хүн болгон л өөр өөрийнхөөрөө тоочих байх. Манайд байгаа эдгээр асуудлыг дэлхийн өндөр хөгжилтэй орнууд их, бага хэмжээгээр туулсан л байж таарна. Тэгэхээр бид 4-5 оронд зэрэг судалгаа хийж, бусад орнууд хэдэн жилийн дотор ямар менежментээр тэдгээр асуудлыг шийдэж чадсаныг судалсныхаа дараа төсөл хөтөлбөр боловсруулах юм бол үр дүнд хүрнэ гэж боддог. Гэтэл бид маш их цаг алддаг, маш их мөнгийг хий дэмий үрдэг. Энэ үрэлгэн, салан задгай байдлаа хэзээ орхих юм бол доо. Харин сүүлийн үед бага зэрэг найдлага төрөөд байгаа. Ажил хийхгүй бол яадгийг өнгөрсөн сонгууль бидэнд харууллаа шүү дээ.
МУЭ-ийн шагналт зураас Д.Баттөмөр: Маршлын гүүр баригдсаны дараа, дөрвөн ой давхацсан жилд зориулсан “Хаан хаалга”-ыг хийсэн. Анх надаас эх загварыг нь гаргаж өгөөч гэж хүсэхэд их айдас төрж байсан даа. Маш том байгууламж шүү дээ. “Ямар юм хийх вэ” гэж бодож байгаад голд нь соёмбо, дээр нь монгол эртний 32 хаадын ургийн тамгыг нуруун дээрээ залсан морьд, түүн дор Хүннү гүрний 2220 жил, Их монгол улс байгуулагдсаны 805 жил, олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойд зориулан босгов. Монгол улс өнө мөнх бадарч, хөгжин дэвших болтугай гэсэн бичиг байрлуулсан. Хамгийн гол нь хугацаа маш бага байсан. Харин бүр материалыг нь яг миний хүссэнээр гаргаж өгсөн. Тэр үед цаг агаар -35-40 градуст хүрч байлаа. Тийм үед манай залуучууд шаргуу ажиллаж зорьсоноо хийсэн. Харин одоо өнгөлгөөг нь хийчихвэл бүр гоё болно. Материалын зардлыг шийдчихвэл нэгэнт эхэлсэн ажлаа жин тан дуусгачихмаар л байна. Гүүрний цаад талд нь бас “Хаан хаалга”-ны үргэлжлэл болж тамгатай найман морины хөшөө босох ёстой юм. Уг нь энэ ажлыг цогцоор нь дуусгачих юм бол миний хувьд олон уран бүтээл дундаас үүгээр л хамгийн их бахархаж суумаар санагддаг. Цаашдаа хийхээр төлөвлөсөн ажил гэвэл, монгол бичгийн монументаль хөшөө хийх санаатай байна. Зураг төсөл скизээ гаргачихсан. Нийслэлээс зайтай сэлүүхэн газар л хийх санаатай. Голоороо олон зайтай, түүгээр нь салхи үлээж чимээ гаргадаг байх юм. Сүүлийн үед гоё гоё шилэн барилгууд бариад сайхан л байна. Гэхдээ уг нь дан барилга биш, түүнийг дагасан хөшөө дурсгал байвал зүгээр юм. Бусад оронд тухайн барилгын нийт өртгийн тодорхой хувийг урлагын бүтээлд зориулна гэсэн хуультай байдаг. Миний санаагаар бол төв талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэнг барималын парк болгомоор харагдаад байдаг юм. Жишээ нь драмын театрын урд байсан гурван унаганы баримал, өвөө эмээ хоёрын хөшөө гээд маш гоё бүтээлүүдийг хэнд ч хэрэггүй газар аваачаад тавьчихсан. Бас Солонгос улсын дэлхийд алдартай уран барималчийн Улаанбаатар хотод бэлэглэж байсан балетчидын барималыг /балетчидын дээшээ өргөсөн олон хөлийг дүрсэлсэн баримал/ одоо хаана аваачиж тавьсан юм бүү мэд. Одоогийн залуучууд хөшөө дурсгалд тун хайр гамгүй ханддаг. Юу юугүй л элдвийн юм сараачаад хаячихдаг. Энэ бол хүүхэд байхаас нь тоогоор “бөмбөгдөж” өгсөний гай. Би үүнийг буруу гэж үздэг. Үүний оронд багаас нь галерей үзүүлж, урлагийн бүтээлийг хайрлах сэтгэлтэй болгож өсгөх хэрэгтэй. Нийслэлийн иргэд, залуучууддаа хандаад, хотын хүн болж төлөвшөөч ээ гэж хэлмээр санагддаг. Дуртай газраа хогоо хаяж яваа хүн бол хотын иргэн биш шүү. Хөдөөнөөс ирж болно. Харин нэгэнт усыг ууж байгаа бол ёсыг нь дагах хэрэгтэй. Ер нь манай хот хүнийг нь хэтэрхий олон болгочихсон юм даа. Уг нь анх 600,000 хүнд зориулж маш сайн төлөвлөсөн хот шүү дээ. Гэтэл “амьдрах газраа өөрөө сонгох эрхтэй” гэдгээр түрий барьж хүнийг нь хэтрүүлчихээд, хот төлөвлөлтийг нь шүүмжлээд байдаг. Улсынхаа нийслэлээр мэдээж би бахархдаг. Өглөө эрт гэрээсээ алхаж ирээд Сүхбаатарын талбайд хэсэг суух дуртай. Тархин дахь бодлоо цэгцэлж, өглөөний сэрүүнд гучин минут хэртэй суучихаад, ажил руугаа явахад сайхан байдаг.
МУЭ-ийн шагналт уран барималч, чөлөөт уран барималч А.Очирболд: MCS группын залуучуудын хотхон дахь Мандухай сэцэн хатны хөшөө бүхий усан оргилуур одоогоор миний хамгийн сүүлд хийгээд байгаа бүтээл юм. “Мандухай сэцэн хатны” ... гэж байгаа боловч цаад утга агуулгад нь “Таван сумны түүх” бас давхар явж байгаа. Шинэ залуу гэр бүлүүдийн хотхон учир тэнд амьдрах залуу хүмүүс энэ хөшөөний учир утгаас эрч хүч аваасай гэж бодож хийсэн. Монголчууд ямар мундаг дайчин хүмүүс байсныг, таван сумаа дандаа багцлаатай нь авч явдаг байгаагүйг илэрхийлэхийн тулд давхиан дундаа харваж буйгаар дүрсэлсэн. Барималын нумнаас сум харвах байдлаар ус оргилох юм. Мөн хадгаар холбосон таван морьт баатар Мандухай сэцэн хатныг хадган дээр авч явж байгаагаар дүрсэлсэн нь эмэгтэйчүүдээ хүндлээсэй гэснийх. Нөгөө талаас Мандухай сэцэн хатан бол дэлхийд хаадын дайтай, монголын түүхэнд хадган дээр залрахын дайтай үнэлэгддэг гавьяатай нэгэн. Иймээс түүний дүрийн зарим хэсгийг алтаар чимэглэсэн. Тансаг бүтээл болсон гэж бодож байгаа. Оргилуурын ус нь Мандухай сэцэн хатан кинонд зориулж Н.Жанцанноров гуайн зохиосон хөгжмийн аялгуунд оргилж байх юм. Нийслэлд маань усан оргилууртай хөшөө, цогцолбор ховор шүү дээ. Миний уран бүтээлийн бусдаас ялгагддаг онцлог нь аливааг арай амьд байдлаар харуулахыг хичээдэгт оршдог. Чингүнжавын морь нь цоройсон хөшөө, Цогт тайжийн нөмрөгтэй хөшөө, давхиан дундаа харваж буй мортны хөшөө гэх мэт. Миний хувьд, нийслэл маань гоёж гоодохоосоо урьтаад сайхан замтай л байгаасай гэж хүсдэг. Машины, явган хүний, хүүхдээ тэрэгтэй нь түрээд явчих зам бидэнд хэрэгтэй. Дэлгүүр рүү орохдоо, эсвэл ямар нэг барилга руу орохдоо шатаар нь тэрэгтэй хүүхдээ өргөж гаргадаг баймааргүй байна. Уг нь би алхах дуртай. Тэгээд алхах гэхээр хажуугаар машин нь шавар шавхай цацаж, тоос шороо босгоод байхаар хэцүү юм. Хотынхоо гудамжинд чөлөөтөй алхах гоё талбайтай байхсан. Энэ мэт асуудлыг эхлээд шийдчихвэл бусад нь үүнийгээ дагаж хөгжөөд, нийслэл маань илүү өргөжөөд ирнэ шүү дээ. Нийслэлийн иргэддээ зориулж, хүн бүрийн хэлдэг нэг л зүйлийг давтаж хэлмээр байна. Соёлтой байцгаая!!!.