Музейн үзмэр бүр бодит хүн эсвэл ямар нэг үйл явдлын гэрч байдаг. Эд зүйл бүр үнэн баримт мэдээн дээр тулгуурлан шинжлэх ухааны үндэстэй тодорхойлогдож үзмэр болно. Дурсгалт зүйлийг нээн илрүүлж цуглуулах эсвэл музейд анх авчирсныг хүлээн авахдаа эх сурвалж түүхийг сайтар судлах, тодруулах нь музейн ач холбогдолтой шууд холбоотой чухал ажилбар юм. Музейд эд зүйлүүд бэлэн бичигдсэн түүх намтартайгаа ирэх нь тун ховор юм. Түүхэн холбогдлыг тодруулах нь музейн ажилтны үүрэг боловч түүх намтар нь бүдэг зүйл музейд их ирдгээс судалгаанд бэрхшээл учируулдаг. Музей мэдэхгүй танихгүй зүйлсийн бөөгнөрөл болох учиргүйн үүднээс шуурхай шинжлэх ухаанч судлах зайлшгүй шаардлагатай. Гагцхүү цаг хугацаа, хүн хүч, шинжлэх ухааны арга зүй шаардагдана. Үзмэрийг тодорхойлох баримт ба судалгааны материал нь тухайн дурсгалт зүйлийн агуулга ач холбогдолд нөлөөлөх талаар авч үзье. Музейн дурсгалт зүйлийг тодорхойлох олон улсын жишиг “ID”-г манай музейнүүдэд ашиглаж байгаа боловч асуулга бүрийг хариулахад түвэг бэрхшээл байна.
Музейн үзмэр болсон жинхэнэ дурсгалт зүйлийг хугацаагүй олон жилээр хадгалахын тулд ижил зүйлгүй, дахин давтагдашгүй, цорын ганц дурсгалт зүйлийг бусдаас ялгаж онцлон хамгаалах нь мэргэжлийн бодлого шаардсан ажиллагаа юм. Цорын ганц давтагдашгүй дурсгалт зүйл тухайн музейн бахархал болдог. Дахин хэзээ ч хаана бий болохгүй тэдгээр дурсгалаа хадгалж хамгаалах нь музейн нэн чухал асуудал юм. Музейн үзмэрүүд ижил төстэй олон байх нь ховор. Жишээ нь: Үндэсний музейн Хүннүгийн үеийн ширмэл ширдэг, 13-14-р зууны үеийн пайз ба тамгууд, Дүрслэх урлагийн музейд Занабазарын язгуурын 5 бурхан, Б.Шаравын “Монголын нэг өдөр” , “Гүүний үрс гарч байгаа нь ” зургууд , мөн Богд хааны ордон музейд Ногоон, Цагаан дара эх бурханы хүрэл баримал, Богд хааны хувцас, хэрэгсэл, Байгалийн түүхийн музейн аварга том солир, болон ховор амьтан, ургамал зэрэг тухайн музейн төрхийг илэрхийлсэн гоц дургсгалуудыг олноос ялган хэрхэн таних тодорхойлох батламжийг бодолцох хэрэгтэй юм. Өнөөдөр данс бүртгэлийн хувийн дугаараар нь, эрхэлсэн ажилтнууд мэддэгээр нь, байршиж байгаа байраар нь таньж мэдээд байгаа боловч эдгээр нэрлэсэн албан тушаалтан, байршил өөрчлөгдвөл хэрхэн таних, хаа нэгтэйгээс яг ижлийг нэрлээд гараад ирвэл гэдэг асуултад хариулахад бэлдэх хэрэгтэй юм. Хэдэн арав зуун жилийн дараа бидний дараа энэ дурсгал байж байх болно, тэр үед хөдлөшгүй батламж нь юу байх вэ. Техник технилоги асар хурдацтай хөгжлийн үед эх дурсгалыг хувилан олшруулах, дуурайлган хийхийг хянах, зогсоох, хязгаарлаж чадахгүй байна. Дурсгалт зүйл чөлөөт зах зээлд сайн гүйлгээтэй эрэлт хэрэгцээтэй бараа болсноор эх орондоо төдийгүй гадаадад халин гарах үүд хаалга нээлттэй болжээ. Ийм нөхцөлд музейд байгаа цорын ганц жинхэнэ эх дурсгалт зүйлийг хэрхэн хамгаалах, асуудал музейн бодлогын эн тэргүүний асуудлын нэг байх ёстой юм. Давтагдашгүй жинхэнэ эх дурсгалаа музейгээс гадуур олон ижил хуулбараас ямар онцгойлох шинжээр ялгах вэ? Музейд ч эх дурсгалын хуулбарууд хадгалж байна. Тухайлбал, Б.Шаравын “Монголын нэг өдөр” , “В.И.Ленин” зургуудын яг ижил хэмжээтэйгээр хуулсан хуулбарууд эх бүтээлтэй хамт хадгалагддаг. Музейн цуглуулгыг үхлээр нь чухалчилж хамгаалах шаардлагатай тул цөөн зүйлийг онцгойлох хэрэггүй гэсэн үзэл санал музей судлалд гардаг. Гэвч олон орны музейн туршлагаас үзэхэд музейд тусгайлан хадгалж хамгаалж байгаа дурсгалууд байна. Бусад дурсгалуудыг мөн дээд зэргийн хамгаалалтын түвшинд хүргэх үе шаттай хамгаалалтыг хэрэгжүүлдэг. Энэ зорилго нь бусад үзмэрийг анхаарахгүй үлдээх гэсэн утга агуулаагүй, зөвхөн шуурхай цаг алдахгүй бодлого хэрэгжүүлэх юм. Бараа бүтээгдэхүүн, онцгой чанарын “Брэнд” гэж яригдах болсонтой адил тухайн үзмэр уг музейн ач холбогдолыг илэрхийлж байгаа, музейн төдийгүй улс орон, дэлхийд давтагдашгүй чанарыг нь өргөж хүндлэхийн тулд би хоёр асуудлыг дэвшүүлж байна. Нэгдүгээрт: Тухайн үзмэрийг таних тэмдэгтэй болгох. Сан хөмрөгт хадгалагдаж байгаа хэдэн арван мянган үзмэрээс давтагдашгүй онцгой дурсгалд зөвхөн тухайн музей өөрөө таних нууц тэмдгийг хийе гэсэн санааг дэвшүүлж байна. Хоёрдугаарт: Зарим үзмэрт онцгойлон хамгаалалтыг бий болгох. Бусад үзмэрээс тусгай сав шүүгээ, хоргонд байрлуулж, арчилгаа ба үзлэгийн онцгой горимтой байх, тусгай хэдэн байгууллагын шийдвэрээр ашиглах, хөдөлгөх, тусгай байгууллагуудын лац тэмдэгээр тэмдэглэх шаардлагатай байна. Засгийн газраас баталсан Монгол Улсын Түүх, соёлын “Хосгүй үнэт дурсгал” гэсэн зэрэглэлтэй дурсгалт зүйл байсаар байхад бас юу гаргах гээд байна гэж хүмүүс бодож болох юм, онцгойлон хамгаалах менежментийг дэс дараатай шуурхай хэрэгжүүлэхийн тулд энэ саналыг дэвшүүлж байна. Засгийн Газрын тогтоолоор Хосгүй үнэт дурсгалаар хэдэн зуун дурсгалт зүйлийг баталсааар 20 жил болох нь, гэвч онцлон хадгалж анхаарсан юу ч үгүй байна, илүүгээс гэрчилгээ, гадаадад гаргах үед шийдвэр гаргах юм. Эхлээд онцгой хэдэн дурсгалыг тусгайлан хамгаалж, дараа нь шат дараалсан арга хэмжээ авахын зорилго нь цаг алдалгүй ажиллах мөн хөрөнгө төсвөөс хамаарч ийм замыг сонгож болох юм. Үзмэр таних нууц тэмдэг санал болгож байгаагийн учир нь дээр дурьдсанчлан дурсгалт зүйлийн арилжаа наймаа газар авчээ. Шинэ музей, галерейг олноор байгуулж байгаа, энэ шинэ музейд ч нэр хүндтэй, ховор үзмэртэй байх сонирхол байгаа нь буруу биш юм. Хэн нэгэн Г.Занабазарын “Ногоон дарь эх” ,”Монголын нэг өдөр”- ийн жинхэнэ нь энэ гэж нэрлээд эхэлвэл музейнхэн юу гэж хариулах вэ? Судалгааны ямар үндэслэл, анх эх музейд ирсэн баримт материал хир билээ. Бодит үзмэрийн ямар тэмдэгт, түүнийг батламжилсан баримт гэх мэт олон асуудал гарна. Зарим үзмэрийн судалгааг музейнхэн дангаар гүйцэтгэх ажил биш, судлаачид, эрдэмтэд ба музейн хамтын ажиллагаа их шаардлагатай байна. 1990-д оны эхээр Б.Шарав зураачийн зурсан гэх бурханы зургийг 4 саяар музейд зарна гэж яваад байсан. Одоо энэ нэрээр хувийн цуглуулагчид байна. Шинэ хүүхдэд нэр өгч байгаа шиг ингэж болохгүй юм. Дуураймал дурсгалт зүйл маш элбэгшжээ. Археологийн олдвор дээр ярья. “Эртний эдлэлийн дэлгүүр”-ээр дүүрэн дуураймал археологийн олдвор. Тэдгээрийг няцааж, илрүүлж байгаа юм алга. Харин ч арилжаа гүйлгээтэй байгаа нь хөхүүлэн хөөргөж байгаа гэсэн үг. 2008 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 7 хүний хувийн цуглуулгаар эртний дурсгалт зүйлийг музейд дэлгэж үзүүлсэн хаалттай үзэсгэлэн 2 хоног ажиллаж гадаадын элчин сайд, УИХ-ын гишүүд, БСШУЯ-ны дарга түшмэл ирж нээлт хийж дараа нь “Их тэнгэрийн ам”-д очиж хэлэлцүүлэг хийсэн гэсэн. Энд ховор дурсгалууд их байлаа. Гэвч хуурамч зүйлүүд нэлээд байсныг ялгаж таниж хэлэх хүн алга. Энэ арга хэмжээнд нэг ч музейн ажилтан, судлаач, археологчийг оролцуулаагүй. Археологийн хуурамч олдворууд газар авч музейд аль хэдийн орж ирээд байна. 2008 онд Хэнтий аймгийн музейд улсын тооллогоор очиход дарга нь Улаанбаатар хот орж археологчоор заалгаж зөвлөгөө авч дэлгүүрээс худалдаж авсан гэх хуурамч олдворууд байлаа. Анх олдворыг антикын дэлгүүрээс авахаар ямар эх сурвалж байх вэ? Археологчийн нэрийг хэлж байна. Дахиад л бас сүлжээ юу? Улсын музейн танхимд ч ийм хуурамч олдвор үзэгдэх боллоо. Иймд Монгол улсын Соёлын өвийн хуулинд заасны дагуу тухайн орон нутагт нь археологийн малталтын тайланг өгч байгааг үндэслэн хаанаас хэн олсныг баримтжуулж авах хэрэгтэй байна. Археологийн хуурамч олдворыг хэн бэлдээд байгааг уран дархан, судлаачдаас асуухад хятадад ийм зүйл зардаг бүхэл бүтэн зээл гудамж олон байдаг, Тэндээс л ирдэг гэнэ, бараг хүн бүр энийг ярих юм. Харлуулж, хуучруулж, зэврүүлж эртний зүстэй болсон хуурамч эдээс музейн жинхэнэ дурсгалт зүйлийг ангид байлгах, хольж хутгахгүй байлгах шуурхай арга хэмжээг нэн даруй авах хэрэгтэй.