Жуулчин сервис гэсэн стандартыг бий болгоё


Аялал жуулчлал бол гадаадын иргэдийн мөнгийг саахаас илүүтэй цогц бодлого шаардсан салбар. Жуулчин сервис гэсэн стандартыг бий болгох шаардлагатай. Үүнд тээвэр, орон байр, хоол унд, үзвэр үйлчилгээ, орчуулга, үйлчилгээний ажилчдын зан харилцаа, бэлэг дурсгалын зүйлс гээд бүгдийг багтаан ойлгож байна.

1990 онд Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжсэний дараа Монголын нийгэм, эдийн засаг бүхэлдээ нуран унасан. Эдийн засгийн шинэ бодлого, шинэ гарц, шинэ зах зээл хэрэгтэй байлаа. ЗХУ болон социалист лагерийн орнуудын эдийн засгийн тусламж зогслоо. Хурдан сэргэхийн тулд уламжлалт мал аж ахуй, хөдөө аж ахуйгаас гадна аль болох хөрөнгө оруулалт багатай, түргэн хугацаанд ашгаа өгөх шинэ бизнес хэрэгтэй байлаа. Чухам энэ үед аялал жуулчлал гэдэг салбарыг хөгжүүлж чадвал Монгол улсад тухайн үед тэгтлээ дутаад байсан “ногоон” гэдэг юм урсаад л ороод ирнэ гэж ярьж эхэллээ. Ийм онгон дагшин байгальтай, нүүдэлчин ахуйтай Монгол орныг гадаадынханд үзүүлээд мөнгийг саана гэдэг л ойлголт шат шатандаа байлаа. Харин түүнээс хойш хүмүүний нэгэн үе өнгөрсөн ч энэ салбар биднийг тэжээх хэмжээнд очиж чадаагүй л байна. Уул ус нь тэгширсэн байгалийн сайхан орчинд хэдэн монгол гэр бариад жуулчид аваад ирнэ гэсэн олон хүн компани байгуулан олох ашгаа тооцсон ч тэр болгон санасан хэмжээнд хүрсэн нь үгүй. Албан ёсны тоо баримтаар авч үзвэл Монгол улсад жуулчлан ирж буй гадаадын иргэдийн тоо өссөн дүн харагддаг ч энэ салбар эдийн засгийн үр өгөөжөө хэр өгч байна вэ гэдэг асуудал чухал. Соёл, спорт, аялал жуулчлалын яамны мэдээгээр өнгөрсөн 2012 онд Монгол улсад 475917 жуулчин айлчилсан нь өмнөх онтой харьцуулбал дөрвөн хувь өссөн дүн аж. Эдгээр жуулчин Монгол улсад 286.5 сая ам.долларын орлого оруулжээ. Гэвч Соёл, спорт, аялал жуулчлалын яамны цахим хуудсанд мэдээлснээр эдгээр иргэний 113047 нь жуулчлах зорилгоор ирсэн хэмээн мэдээлсэн байна. Хэрвээ зөвхөн жуулчлах зорилготой ирсэн гадаадын иргэний тоо 100 мянга гарантай байгаа гэж үзвэл өмнө өгүүлсэн орлогын хэмжээ буурах нь дамжиггүй. Ирсэн жуулчдыг орноор нь ангилж үзвэл БНХАУ тэргүүлж ОХУ, Өмнөд Солонгос, Япон, АНУ, Герман зэрэг орон удаалжээ.

Яагаад гадаадын иргэд Монголд жуулчлахгүй байна вэ? Судлаачид үүнд хамгийн түрүүнд жуулчдад үзүүлж байгаа үйлчилгээний чанар муу гэсэн шалтгаан хэлж байна. Мөнгөө төлөөд ирсэн жуулчин тав тухтай орчинд тухлаад, бас дээрээс нь өөрийн нутаг орондоо үзэж чадахгүй зүйлээ үзээд буцах сонирхолтой. 2010 оны байдлаар Монгол улсын хэмжээнд 340 зочид буудал үйл ажиллагаа явуулж байгаагаас 64 нь 1-5 одны зэрэглэлтэй, 360 жуулчны бааз үйл ажиллагаа явуулж байгаагаас 80 нь 1-2 цэцгийн зэрэглэлтэй ажээ. Өөрөөр хэлбэл, ирсэн жуулчдын ая тухыг гомдолгүйгээр хангаж чадах зочид буудал, жуулчны баазын эзлэх хувь хэмжээ дөнгөж 10 орчим хувьтай гэсэн үг. Аялал жуулчлалын салбар хөгжиж чадахгүй байгааг дэд бүтэц сул хөгжсөн, жуулчин тээвэрлэх, хүлээн авах хүчин чадал хязгаарлагдмал, үйлчилгээний чанар, түвшин сул, үзвэр, үйлчилгээний хөгжил муу, жуулчин хүлээн авах улирал богино /нийт жуулчдын 80 хувь нь зун ирдэг/, жуулчдад зориулсан аялал жуулчлалын бүтээгдэхүүн өөр хоорондоо ялгаа багатай зэрэг шалтгааныг тоочдог. Гэвч энэ шалтгааныг бид аль арван жилийн өмнө сонсож л байсан. Магадгүй өнөөдрөөс хойш арван жилийн дараа ч сонсоод сууж байж мэдэх юм. Гадаадын жуулчдыг татах Монгол брэнд юу вэ? Нүүдэлчин ахуй, Чингис хаан, онгон дагшин байгаль гээд л дуусч байна. Бидэнтэй яг ижил брэндийн сурталчилгааг БНХАУ, ОХУ-ын Буриад, Казакстан улсууд аль хэдийнэ хийгээд эхэлсэн. Чингисийн Монгол хэмээн дэлхий даяар сурталчилдаг ч агуу эзэн хаантай холбоотой жуулчдад зориулсан цогцолбор өнөөг болтол босгоогүй. Гэтэл урд хөрш маань Ордост жуулчдад зориулсан Чингисийн маш том цогцолбор бариад, тэнд хөл тасрахгүй байгааг бид ярьсаар л сууна. Харин Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц. Оюунгэрэл аялал жуулчлалын нэгэн шинэ брэнд санал болгож байгаа нь Т-Батаар. Одоохондоо байр сав олдохгүй төв талбайд залраад байгаа Т-Батаар энэ зун Улаанбаатарт ирсэн жуулчдын очих газар болоод байгаа. Аялал жуулчлал бол гадаадын иргэдийн мөнгийг саахаас илүүтэй цогц бодлого шаардсан салбар. Жуулчин сервис гэсэн стандартыг бий болгох шаардлагатай. Үүнд тээвэр, орон байр, хоол унд, үзвэр үйлчилгээ, орчуулга, үйлчилгээний ажилчдын зан харилцаа, бэлэг дурсгалын зүйлс гээд бүгдийг багтаан ойлгож байна. Энэ салбарын хөгжлийн талаар хангалттай ярилаа, жуулчдын тоотой хангалттай ноцолдлоо, одоо тооноос чанар руу, ярианаас бодит ажил руу шилжих цаг аль хэдийнэ болсон. Жич: Түүх сөхвөл, 1954 оны аравдугаар сарын 2-ны өдөр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 507 тоот тогтоолоор Худалдааны яамны дэргэд жуулчдад үйлчлэх “Жуулчин” товчоог байгуулж ажиллуулснаар Монгол улсад аялал жуулчлалын салбарын эх суурь тавигдсан хэмээн үздэг. Тухайн үед “Жуулчин” товчоонд 60 ортой “Алтай” зочид буудал, ресторан, 21 автомашинтай бааз харъяалагдаж байжээ. Хоёр жилийн дараа буюу 1956 онд “Жуулчин” товчоог өргөтгөн Гадаадын жуулчинд үйлчлэх газар болгон өргөтгөсөн байна. Улмаар 1962 онд Тэрэлжид, 1965 онд Өмнөговьд анхны жуулчны баазуудыг байгуулсан байна. Тэр үеийн аяллын чиглэлүүд нь Улаанбаатар хот, Ёлын ам, Хонгорын элс, Хужирт, Хархорин, Улаанцутгалан, Тэрэлж, Сонгино, Сөгнөгөр зэрэг байв.