Нийслэлийн Аялал Жуулчлалын Газрын дарга Э. Баттулга
Сур: Өнөөдөр Монголын аялал жуулчлалын салбар альхан төвшинд хөгжиж байна вэ?
Монголд жил тутам 500 мянган жуулчин ирж байна гэдэг бол бага тоо биш. Нэгэнт ирсэн жуулчин багаар бодоход 7-10 хоног аялж байна. Тэгэхээр тэдний Монголд оруулж буй хөрөнгө оруулалт ч чамлахааргүй. Гагцхүү түүнийг нь бид эх орондоо шингээн авч үлдэх, өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болох нь эн тэргүүний зорилт баймаар байна. Зарим жуулчин аялалд зориулахаар халааслаад ирсэн мөнгөө бүрэн зарцуулалгүй буцдаг байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр гадныханд зориулсан сэтгэл ханамжтай үйлчилгээ, бүтээгдэхүүнийг санал болгодог байх хэрэгтэй байна. Гэтэл өнөөдөр жуулчны бааз, зочид буудлынхан голчлон импортын бараа бүтээгдэхүүн хэрэглэж байна. Яагаад зочид буудалд Монголдоо үйлдвэрлэсэн саван, шампунь хэрэглэж болохгүй гэж. Зарим компани махыг хүртэл Австралиас оруулж ирж байна. Гэтэл Монгол нутгийн органик өвс ургамлаар хооллосон амт шимт сайтай мах байж л байна шүү дээ.
Сур: Сүүлийн жилүүдэд гадны жуулчидтай зэрэгцэн дотоодын аялал жуулчлал хөгжиж байгаа. Энэ хэлбэрийн аялал жуулчлалын ирээдүй ямар байх бол?
Гадаад, дотоодын жуулчдын тооны харьцаа улс орон бүрт харилцан адилгүй боловч ихэнх орнуудад энэ харьцааг 1:10 гэж авч үзэх нь түгээмэл байдаг. Өөрөөр хэлбэл эдгээр орны аялал жуулчлал, дагалдах бизнесүүд нь гадаадын жуулчдаас илүү дотоод зах зээлээс хамааралтай гэсэн үг юм. Улс орны эдийн засгийн хөгжил, аялал жуулчлалд оролцогсдын уялдааг тайлбарласан Бартоны үечлэлээр бол үйлдвэржиж буй, суурин газарт төвлөрөл хүчтэй явагдаж байгаа, нийгмийн дундаж давхарга бий болж байгаа орнуудад дотоодын аялал жуулчлал ихээхэн дэлгэрдэг. Манай улс энэ үе шатанд байгаа болохоор дотоодын аялал жуулчлал цаашдаа ч өснө гэж харж байна. Харин дотоодын жуулчиддаа хандаж мэргэжлийн тур оператор компаниудад хандвал найдвартай, аюулгүй, үнэ хямд үйлчилгээ авна гэдгийг сануулж хэлмээр байна.
Сур: Аялал жуулчлал зочлох үйлчилгээ хоёр цогц байж сая үр дүнгээ өгнө гэж та хэллээ. Тэгвэл нийслэл хотод зочлох үйлчилгээний түвшинг дээшлүүлэх чиглэлээр юу хийж байна вэ?
Зочид буудал, дэн буудал, ресторан, зоогийн газар гээд зочид, жуулчдад үйлчилгээ үзүүлдэг бүхий л газрууд аялал жуулчлалын салбарын бүрэлдэхүүн хэсэг болж зочлох үйлчилгээний салбарыг төлөөлж байдаг. Тэдгээрт ажиллагсдын мэргэжил ур чадвар, харилцаанаас манай салбарын өнгө төрх харагддаг гэж хэлж болно. Хичнээн сайхан барилга байшин, тохижилттой байгаад үйлчилгээ тааруу байвал амжилт олохгүй. Манайд дутагдаж байгаа нэг гол зүйл бол үйлчилгээ гэдэгтэй уншигчид санал нийлэх байх. Үйлчилгээ бол мэргэжлийн, мэргэшсэн ажилтнуудаас шууд хамааралтай. Монголд айлчилж буй гадаадын иргэд, жуулчид ямар сэтгэгдэлтэй буцах нь тэднийг хэрхэн угтаж, үдэж гаргахаас шалтгаалдаг. Тиймээс гадаадын иргэд, жуулчдад Монгол Улс тэр дундаа Улаанбаатарын талаар таатай сэтгэгдэл үлдээхийн тулд тэдэнтэй шууд харилцдаг төрийн байгууллагын ажилтнуудад “Харилцаа, ёс зүй, хандлага” сэдэвт сургалтыг зохион байгуулсан, цаашид жил бүр явагдана. Амжилттай яваа байгууллагын амжилтын түлхүүр нь хүн байдаг. Хүнийг хамгийн үнэтэй капитал гэдгийг манай салбарынхан маш сайн мэднэ. Угтаа бол Монголчууд шиг ирсэн зочноо уяан дээрээс угтаж аваад үүдээ сөхөж өөрөө араас нь ордог, буцахад нь тохойноос нь түшиж мордуулдаг зочломтгой ард түмэн тийм ч олонгүй. Энэхүү зочломтгой зан заншлаа аялал жуулчлалын бизнесийн мөн чанарт суулгаж өгөх л хэрэгтэй байгаа юм.
Сур: Жуулчдын тоог 2015 онд нэг саяд хүргэх зорилт тавьсан. Мэргэжлийн хүний хувьд аялал жуулчлалын салбарт байх ёстой хамгийн чухал бодлогыг юу гэж үздэг вэ?
Энэ асуултад хариулахын тулд нэг жишээ авч, бидэнтэй ижил төстэй аялал жуулчлалын бүтээгдэхүүн, нөхцөлтэй Шинэ Зеландтай харьцуулъя. Олон улсад “Pure New Zealand” гэсэн маркетингийг явуулж байгаа, аялал жуулчлалаар маш өндөр амжилтад хүрсэн улс. Маоричуудын уламжлалт соёл, хүний үйл ажиллагаанд өртөөгүй онгон байгалиа бүтээгдэхүүн болгодог, гол зах зээлээсээ алслагдсан, хүн ам цөөн зэрэг олон хүчин зүйлээр бидэнтэй төстэй. Тус улсын аялал жуулчлалын стратегийн зорилтоос нь харахад тэд жуулчны тооноос илүү, чанар, дагалдах хүчин зүйлүүдэд анхаарсан байна. Шинэ Зеланд стратегийн гол зорилтдоо жуулчны сэтгэл ханамжийг дээшлүүлэх, жуулчны мөнгө зарцуулалтыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын улирлын хамаарлыг багасгах, байгаль хамгааллын шилдэг туршлагуудыг нэвтрүүлэх, жуулчлалаар дамжуулж нийгмийн эерэг нөлөөллүүдийг үүсгэхээр тусгасан байгаа юм. Түүнээс жуулчдын тоо нэмэгдүүлэх талаар нэг ч үг үсэг байхгүй. Ер нь жуулчны тоог нэмэгдүүлэх нь аялал жуулчлалын стратегийн тэргүүлэх зорилтод хойгуур бичигддэг болсныг олон жишээнээс харж болно. Монгол монголоороо байхдаа үнэ цэнэтэй өрсөлдөх чадвартай байж чадна. Гучин сая хүнтэй улсад хагас сая гадаадын иргэд жуулчилна гэдэг бага тоо биш. Аялал жуулчлалыг дагалддаг эдийн засаг, нийгмийн хүрээний маш олон сөрөг нөлөөлөл бий. Сөрөг нөлөөллийг нь аль болох бууруулж, эерэг үр шимийг нь бүрэн дүүрэн хүртэх л хамгийн том зорилт гэж үзэж байна.
Сур: Тэгвэл аялал жуулчлалын эдийн засгийн сөрөг нөлөөлөлд юу багтах вэ?
Аялал жуулчлал хөгжиж байгаа газарт инфляци өндөр байдаг, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсдөг. Лондон, Токио, Москва, Сингапур, Гонконг өндөр өртөгтэй хотуудаар нэрлэгддэг шалтгаан энэ. Сидней Мельбурнээс өртөг өндөртэй байдаг нь жуулчидтай холбоотой. Аялал жуулчлал бага цалинтай, улирлын чанартай, өндөр мэргэжлийн бус ажлын байрууд бий болгодог. Мөн аялал жуулчлалд шүүрэлт гэсэн ойлголт байдаг. Энгийнээр бол тухайн улс оронд аялал жуулчлалаар дамжин орж ирсэн хөрөнгө оруулалт буцаад гадагш алдагдах үйл явц юм. Аялал жуулчлалын үйлчилгээний газрууд аль болох хэрэглэгчиддээ ташаагдсан, нэр хүндтэй, гадаадад үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн хэрэглэхийг эрхэмлэдэг. Харамсалтай нь энэ хандлага валютаар худалдан авдаг импортын бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлж шүүрэлт явагдах нөхцөлийг бүрдүүлдэг. Шүүрэлт нь зөвхөн томоохон хөрөнгө оруулалтаар хязгаарлагдахгүй, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдээр (олон улсын сүлжээ, франчайзинг бизнесүүд багтана) дамжин явагддаг. Бүх л хөнгөлөлт, чөлөөлөлтийг гадаадын хөрөнгө оруулагчдад олгосноор өнөөдөр эдийн засгийн хувьд ямар ч ашиг хүртэж чадахгүй байдалд орсон жишээг Өмнөд Америк, Африк, Далайн орнуудаас харж болно. Коста Рикагийн аялал жуулчлалын бүсэд явуулсан судалгаагаар жуулчны зарцуулсан нэг ам.доллар тутмаас дөнгөж зургаан цент л орон нутагтаа үлддэг гэсэн дүн гарсан байна.
Сур: Шүүрэлтийг яаж бууруулах вэ?
Гадаадын хөрөнгө оруулалтын босгыг нэмэгдүүлэх, дотооддоо үйлдвэрлэдэг импортын ижил төрлийн бараанаас аль болох татгалзах, түүнд өндөр татвар ногдуулах нь олон оронд хэрэгжүүлдэг шүүрэлтийг бууруулах аргууд юм.
Сур: Энэ онд Нийслэлийн Аялал жуулчлалын газар бууриа сэлгээд зогсохгүй жуулчдад үйлчлэх шинэ төв нээсэн. Энэхүү төв нь гадна тохижилтын хувьд ч бусдаас ялгарах өвөрмөц хийцтэй. Ийм төв нээх санаа хэрхэн төрсөн бэ. Хотын зүгээс дэмжлэг байсан уу?
Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас аялал жуулчлалын мэдээллийн төвийн зориулалтаар ашиглах байрны асуудлыг шийдвэрлэж өгсний дагуу Аялал жуулчлалын мэдээлэл, сурталчилгааны төвийг ажиллуулж эхэлсэн. Тус төвөөр гадаад, дотоодын жуулчид, гадаадад аялах Монгол иргэд, аялал жуулчлалтай холбоотой үйлчилгээ эрхлэгчид, оюутан судлаачид, иргэд үйлчлүүлж зөвлөгөө, мэдээлэл авч байна. Мэдээлэл, сурталчилгааны төвийн гадна тохижилтыг Монголын аялал жуулчлалын гол үзмэрүүдийг дүрслэн үзүүлсэн, уламжлалт хэв шинжийг хадгалсан загвартай хийсэн. Мөн аялал жуулчлалын мэдээлэл, сурталчилгааны төвд гадаадын жуулчдын гомдол, санал, хүсэлтийг амаар, бичгээр хүлээн авахаас гадна 70108687 (7010TOUR) дугаарын утсаар тогтмол авч эхэлсэн. Энэ дугаарт англи, герман, хятад хэлтэй операторууд ажлын цагаар санал хүсэлтийг авч, ажлын бус цагаар автомат хариулагчид бичигдэх юм. Нийслэлийн Цагдаагийн газартай байгуулсан санамж бичгийн дагуу дээрх утсаар ирсэн санал гомдлыг 48 цагийн дотор шийдвэрлэж байгаа. Манай төв дэргэдээ 40 хүний багтаамжтай сургалтын танхимтай.
Сур: Нийслэлд аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэхийн тулд ямар зорилтыг тавьж ажиллах вэ?
Жуулчдыг татах хоёр үндсэн хүчин зүйлд газар нутгийн ойр дөт байдал, соёл түүхийн холбоог авч үздэг. Энэ байдлаар дүгнэвэл нэгдүгээрт Улаанбаатар хотыг Монгол туургатны соёлын аялал жуулчлалын гол төв болгож хөгжүүлэх бүрэн боломжтой. Монголыг хүрээлсэн олон монгол туургатнууд тухайлбал Өвөрмонгол, буриад, халимагууд Монголд ирж үзэхийг хүсдэг нь гарцаагүй. Бусад орны жуулчидтай харьцуулахад нүүдлийн соёл ахуй, онгон байгаль тэдний хувьд сонирхол татах зүйл биш тул аялал жуулчлалын бусад бүсүүдээс илүү Улаанбаатар хотод энэ төрлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нь хамгийн тохиромжтой. Хоёрдугаарт, Улаанбаатар хотын онцлог давуу талууд, бүс нутгийн улс төр, эдийн засгийн орчин, шинээр бий болж байгаа нөхцөл байдлуудыг харгалзан үзвэл нийслэл хотыг Зүүн хойд Азийн бизнес аялал жуулчлалын нэг төв болгон хөгжүүлэх өргөн боломж байна. Зүүн хойд Азийн бүс нутгийн улс орнуудтай тогтоосон олон жилийн найрсаг харилцааг, улс төр эдийн засгийн тогтвортой байдал, газар нутгийн тохиромжтой байрлал зэрэг нь бизнес, ажил хэргийн жуулчлалыг хөгжүүлэх таатай хөрс суурь гэж үзэж болно. Бүс нутгийн аль ч орны бизнес эрхлэгчид Монгол улсад визийн хүндрэлгүй, цагийн зөрүүгүй, тээврийн хязгаарлалтгүйгээр ажил хэргээ явуулах, бизнес уулзалтаа төлөвлөх боломж байгаа.
Сур: Монголд ирсэн жуулчдын сэтгэл ханамжийн байдалд судалгаа хийж үзсэн үү. Хичнээн хувь нь сэтгэл дүүрэн буцаж байгаа бол?
Гадныхан бол ямар ч тохиолдолд “сайхан байна” гэж хэлдэг. Тиймээс Монголд ирсэн жуулчдын хэдэн хувь нь дахин ирдэг вэ гэдгээр сэтгэл ханамжийг тогтоож болдог. Ерөнхийдөө доогуур үзүүлэлт гардаггүй. Гэхдээ төгс төгөлдөр мэдээж биш. Аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг бууруулж буй гол үзүүлэлт нь үйлчилгээний чанар. Дэд бүтцийн хөгжил, дотоодын тээврийн үйлчилгээ гэхчилэн улс орны хөгжилтэй холбоотой гарч ирдэг үйлчилгээнүүд үнэлгээг доош чангаадаг.