Аялал жуулчлалын салбар бол аль ч улсын хувьд хөгжих шатны эхлэл, дэлхийд танигдах гол хөшүүрэг нь байж ирсэн. Гадны жуулчдын нүдийг соронздох нэг ч гэсэн барилга барих, өвөрмөц орчинг бүрдүүлэхийн төлөө хөгжингүй улс орнууд тэмцэж байдаг. Жуулчид хэдий чинээ олон ирнэ, тэр хэрээр улсынх нь хөгжил цэцэглэлтэд нөлөөлөх учраас бусдаас нэг зүйлээрээ ч гэсэн ялгарч, давуу байх гэж өрсөлддөг хэрэг. Гэтэл манай улсын хувьд нөхцөл байдал арай л өөр. Бид өөрсдийнхөө л эрх ашгийг бодож байснаас өрөөлийн эрх ашгийн төлөө, гадны жуулчдыг татах талаар одоог хүртэл дорвитой ажил хийгээгүй. Ядахдаа л замын тэмдэглэгээ, ресторанд ороод хоол идэхэд өөрсдийнх нь хэлээр мэдээлээд хадчих сэтгэлгүй явж ирсэн шүү дээ. Аялал жуулчлалын гол бүс гэгдэх байгалийн онгон дагшин байгальтай, аймаг, сумаа ч хөгжүүлж чадаагүй. Ямар замаар яаж очих нь ч мэдэгдэхгүй, гадны жуулчин байтугай улсынх нь иргэд төөрч будилмаар зам харгуйтай.
Хөгжүүлж байгаа нэртэй хэдэн үзмэрийн бүтээл, гэр буудал барьдаг ч үнэ нь тэнгэр газар шиг ялгаатай учраас жуулчдад хамгийн халтай улс орны жагсаалтад Монгол Улс эхний гуравт “хурдалж” явна. Гадны жуулчид дайн байлдаантай орнуудыг манайхаас аюулгүй гэж үнэлжээ. Ичмээр ч юм шиг. Гудамжинд нь хогоо хаях савгүй, нийтийн бие засах газар олох гэж нэлээд хэдэн минут, цагийг үрдэг, үргэлж ялгаварлан гадуурхсан байдлаар хандаж байгаа улс орныг нэрлэхгүй гээд ч яах вэ дээ. Замын дэлгүүр, цайны газраар үйлчлүүлэхэд нь мөнгөө хоёр, гурав нугалж хэлж байгаа олон тохиолдолтой учирч байлаа. Гэсэн ч жуулчид нүүдэлчин соёл иргэншилтэй, үндэсний өвөрмөц онцлог, урлаг, соёлын дахин давтагдашгүй түүх, эд агуурсыг хадгалж үлдсэн Монгол орноос нүүр буруулсангүй. Жилээс, жилд тоо нь нэмэгдэж, бидний “жижигхэн” эдийн засагт хувь нэмрээ оруулсаар байгаа. Ер нь соёлын өвийг ард түмэнд түгээх үүрэгтэй үзвэр үйлчилгээний газрууд нь жуулчдаас хэдэн төгрөг “сааж” үлдэх гэхээс өөр бодолгүй өдийг хүрсэн нь хатуу боловч үнэн. Энэ мэт шүүмжлэлтэй асуудлаар жуулчид харъяа агентлаг, салбар яамдуудад хүсэлтээ удаа дараа хүргүүлсэн ч тоож үзээгүй гэх. Аялал жуулчлалтай холбоотой шүүмжлэл дагуулдаг асуудлыг цэгцлэхээр ССАЖЯ-наас шат дараатай ажлууд хийж эхлэхээр болжээ. Тэд хамгийн түрүүнд хөдөө орон нутаг, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг музей, хөгжимт драмын театр, эрдмийн чуулгын үзвэрийн үнэ тарифт шалгалт хийж, гадны жуулчдад өндөр үнэ тогтоож байгаа эсэхийг шалгасан байна. Шалгалтаар маш олон зөрчил илэрсэн ажээ.
Энэ талаар ССАЖЯ-наас мэдээлэл хийлээ. Уул нь 2003 онд буюу БСШУ-ы сайдаар А.Цанжид ажиллаж байх үед 54 дүгээр тогтоол гэж гарсан бөгөөд соёл, урлагийн байгууллагуудын үзвэр үйлчилгээний үнэ тарифыг тогтоосон тушаал гаргасан байна. Гэсэн ч тэр цагаас хойшхи 10 жилийн хугацаанд хэн ч энэ тушаал, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавиагүй бөгөөд хүний үзэж харах, сэтгэлийн цэнгэл, таашаал эдлэх тэр эрхийг нь мөнгөөр үнэлэн, ялгаварлах байдал улам бүр газар авч, бүр дээд цэгтээ хүрчихээд байсныг тогтоожээ. А.Цанжид сайдын үед гарсан тушаалаар бол хамгийн үнэтэй үзүүллээ гэхэд 8000 төгрөгөөр үзүүлэхээр тогтоосон ч тэд дур мэдэн үнэд өөрчлөлт оруулж гадны жуулчдад 25000 төгрөг хүртэл ханш тогтоож байсан байна. Тухайлбал, Төвийн мэргэжлийн урлагийн таван театр, чуулгаас нэг байгууллага 9000 төгрөг, улсын чанартай есөн музейнээс гурван музей 500-1500 төгрөг, орон нутгийн 22 театр, чуулгаас хоёр театр, чуулга 2000-10.000 төгрөг, 24 музейнээс 21 музей 1000-3000 төгрөгийн ялгавартай үнээр гадаадын иргэн, жуулчдад үйлчилж ирсэн байна. Шалгалтад хамрагдсан тус яамны харъяа байгууллагуудаас Монголын Театрын музей, Чойжин ламын сүм музей, Хархорин музей үнийн ялгавартай тарифаар үйлчилсэн тул Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2013 оны Б/314 тушаалаар дээрх байгууллагын дарга нарт сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Ц.Оюунгэрэл сайд энэ мэт жуулчдыг ялгаварлах, өндөр үнэ тогтоох зэрэг ноцтой зөрчил ССАЖЯ-ны харъяа байгууллагуудаас дахин гарвал хариуцлага ногдуулж, уг журмын хэрэгжилтэд байнга хяналт тавьж ажиллана гэдгээ мэдэгдлээ. Ингэснээр гадаадын жуулчид өндөр үнээр, өөрийн орны иргэд хямдхан үнээр гэх ялгавартай байдал халагдаж, тэгш үйлчилдэг, жуулчдад ээлтэй улс орон болоход нэг алхам дөхөх нь ээ. Энэ асуудлыг маш олон жил хөндсөн ч хэн ч ажил хэрэг болгох талаар ярьж байсангүй. Харин жуулчдын тэр олон зуун өргөдөл гомдлыг хүлээн авч, нөхцөл байдлыг цаг тухайд шийдвэрлэж, зохих хариуцлагын асуудлыг хөндөж эхэлсэнд нь талархах нь зүйн хэрэг. Гэхдээ яамны зүгээс тэдэн төгрөг байх ёстой гэх хатуу үнэ тогтоохгүй. Гагцхүү ялгавартай байдлыг л арилгах чиглэл өгчээ. Манай улсын урдаа барьдаг томхон соёлын үйлчилгээний байгууллага бол Үндэсний дуурь бүжгийн эрдмийн чуулга. Гэтэл энэ байгууллага хүртэл гадны жуулчдад 25.000, хүүхдэд нь 6000 төгрөгөөр буюу тогтоож өгсөн үнэ тарифаас том хүн 3.2 дахин, хүүхэд хоёр дахин өндөр тогтоож үйлчилж байсан аж. Тус чуулгын захирал Г.Цоггэрэл гадна, дотны жуулчдад ялгавартай үнэ тогтоох тушаал шийдвэр гаргаж, 54 дүгээр тогтоолын хэрэгжилтэд анхаарал хандуулж ажиллаагүй аж. Тэрбээр иргэдээс албан ёсоор уучлал гуйсан бөгөөд гадны жуулчид, өөрийн орны иргэд гэж ялгаварлах зүйлийг цаашид ямар ч тохиолдолд гаргахгүй гэдгээ мэдэгдлээ. Хэдийгээр журмыг сайн судлаагүй гэх “ичмээр” тайлбар хийж байгаа ч дахин энэ мэт үйлдлээ давтахгүй гэдгээ олон нийтийн сүлжээгээр иргэд, жуулчдын өмнө ил тод хэлж, уучлалт гуйж чадлаа. Үнээ ялгавартай тогтоодог зоогийн газар, баар, буудал, бусад түүхэн дурсгалт газрын эзэд ч энэ жишгээр албан ёсоор уучлалт хүсч, алдаагаа залруулах учиртай. Нарийн ярьвал, нийтийн 00-д ороход жуулчин бол 300, дэлгүүрээс шоколад авахад харь хэлтэй бол 2000 гээд гудиггүй зогсч байгаа үйлчилгээний ажилчидтай ч хариуцлагын тогтолцоог ярьж, болохгүй бол хуулиар зохицуулж өгмөөр байна. Ингэж байж л бид, аялал жуулчлалын салбараа өөд нь татна. Гадны жуулчин, зочид төлөөлөгчдийн өмнө нүүрээ улайлгахгүй бардам зогсч чадах болно. Ямартай ч энэ салбарыг тусад нь нэг яаманд хариуцуулж өгсний үр дүн эхнээсээ гарч эхэллээ. Цаашдаа шат дараалан олон шийдвэр гаргаж, аялал жуулчлалын салбараа аварч үлдье.
Б.Өнөртогтох