БОНХЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын мэргэжилтэн Т.Пүрэвсүрэн:
Олон улсын байгаль хамгаалах холбооны (IUCN) боловсруулсан тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрийн ангиллаар байгалийн цогцолборт газар, байгалийн дурсгалт газар, хамгаалалттай ландшафт гэсэн ангилалд багтах тусгай хамгаалалттай газруудад амралт аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн байдаг. Олон Улсын Байгаль Хамгаалах Холбоо “Тусгай хамгаалалттай газар нутаг (ТХГН)-уудад аялал жуулчлал хэрэгтэй, аялал жуулчлалд ТХГН хэрэгтэй. Эдгээрийн зохист харилцаа нь нийлж бүтэн цогцыг бүрэлдүүлэх бөгөөд аялал жуулчлал бол ТХГН-ын менежментийн төлөвлөгөөний салшгүй чухал хэсэг төдийгүй түүнийг сайжруулах нэгэн хэрэгсэл болж чадна” гэж дүгнэжээ. Үнэхээр ТХГН-т аялал жуулчлал эрхлэх үйл ажиллагаа нь байгаль хамгаалал, нийгэм, эдийн засгийн хөгжлийн нэн чухал ач холбогдолтой билээ.
Монголд ирж буй гадаадын 10 жуулчны 8 нь Монголын аль нэг ТХГН-т зочлохдоо хөтөлбөрийн дагуу нэгээс дээш газруудад аялж үзсэн байна. Монголын ТХГН-уудын дийлэнх нь гадаад, дотоодын жуулчдын сонирхлыг хүчтэй татсан, аялах объект нь болдог учраас аялал жуулчлалын салбар өөрөө ТХГН-ын хөгжлийн нэг салшгүй бүрэлдэхүүн хэсэг, нийлүүлэлтийн үйлдвэрлэлийн гол оролцогч тал нь болж өгдөг аж. Энэ нь зөвхөн манай улсынх биш дэлхий нийтийн жишиг юм.
Эрхзүйн хувьд 1994 онд батлагдсан Монгол улсын “Тусгай Хамгаалалттай газар нутгийн тухай” хуулинд улсын тусгай хамгаалалттай 4 төрлийн газар нутагт аялал жуулчлалыг зохион байгуулах талаар тодорхой заасан байдаг. Түүнчлэн ТХГН-ын дотор болон гадна аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулахыг “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн заалтуудаар зохицуулдаг. 2009 онд “Тусгай хамгаалалттай газар нутгуудад аялал жуулчлалыг хөгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”, 2010 онд БОАЖСайдын А-84 дугаар тушаалаар ТХГН-т аялал жуулчлалын үйл ажиллагааг зохицуулах, оролцогч талуудын төлөөлөл бүхий Үндэсний зөвлөлийг байгуулан, 2010-2015 онуудад хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулаад байна.
Өнөөдөр уул уурхай болон бусад салбартай харьцуулахад аялал жуулчлалаас байгаль орчин, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллүүдийн хэмжээ, үр дагаврууд харьцангуй бага байна. Гэхдээ ТХГН-ын аялал жуулчлалын бүсүүдийн нөөц даацын судалгаа, мөн ТХГН-ын экосистемийн нөөц, даац, нийгмийн болон эдийн засгийн үнэ цэнийг алдагдуулахгүйгээр тогтвортой хөгжүүлэхэд аялал жуулчлалын үзүүлж байгаа эерэг сөрөг нөлөөллийг үнэлэхэд шаардагдах шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлох, үнэлэх аргачлалыг боловсруулах нь зайлшгүй чухал бөгөөд боловсруулсан шалгуур үзүүлэлтүүдийг Орхоны хөндийн байгалийн цогцолбор газарт туршин баталгаажуулсан юм. Ер нь нөөц, даац тодорхойлох аргазүйд тулгуурлан аялал жуулчлалын бүс нутагт төлөвлөлтийн дагуу газар ашиглалтын зөвшөөрөл олгох, аялал жуулчлалын үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, газрын даац хэтрэх, талхлагдах, экосистемийн тэнцвэрт байдал алдагдах явдлаас сэргийлэх нь байгальд ээлтэй, хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ихээхэн тустай билээ.
Өнөөдрийн байдлаар Дархан цаазат болон Байгалийн цогцолбор газрын хязгаарлалтын бүсэд нийт 330 гаруй га газарт 781 аж ахуйн нэгж, байгууллага иргэн аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрөл авчээ.
Улсын хэмжээнд 10500 ор бүхий 425 зочид буудлын 10% нь, 500 ор бүхий 537 дэн буудлын 70% нь, 10400 ор бүхий 255 жуулчны баазын 70% орчим нь, 5900 ор бүхий 155 амралтын газрын 20% нь ТХГН-т үйл ажиллагаа явуулж байна. “Тусгай хамгаалалттай газар нутагт үзүүлэх ажил үйлчилгээний нэг удаагийн тасалбар”-ын зарцуулалтын тайлангийн дүнгээр ТХГН-уудад аялсан жуулчдын тоог харахад 2011 оны байдлаар нийт 247497 жуулчдын 79.3 хувь нь дотоодын, тэдний 71.3% нь Хан Хэнтийн УТХГ, Богд хан уулын ДЦГ, Хөвсгөлийн УТХГ-т аялжээ.
ТХГН-т аялал жуулчлалыг хөгжүүлэхдээ 3 үндсэн чиглэлийг нийлүүлэлтийн сүлжээндээ анхаарах шаардлагатай юм. Үүнд:
·ТХГН өөрөө аялал жуулчлалын бие даасан зорих газар болохын хувьд ирсэн үйлчлүүлэгчиддээ зориулсан тодорхой бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэх.
·ТХГН нь ногоон бизнесийг, түүний дотор аялал жуулчлалыг дэмжин ажиллах, бизнесийн оролцогч талуудаа маш зөв тодорхойлж, тэдний итгэлийг хүлээсэн найдвартай түнш болох үйлчилгээ менежментийг явуулах.
·ТХГН-т үйл ажиллагаа эрхэлж буй аялал жуулчлалын оролцогч талууд нь хамгийн шилдэг зөв менежменттэй, чанартай сайн үйлчилгээг өрсөлдөхүйцээр явуулах зэрэг болно.
БОНХЯ-ны Тусгай хамгаалалттай газрын удирдлагын газар тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн тулд нэгдүгээрт ТХГН-т аялал жуулчлалыг экосистемийн нөөц, даацад нийцүүлэн, тогтвортой хөгжүүлэх эрхзүйн орчинг бүрдүүлэх, хоёрдугаарт Аялал жуулчлалын үйл ажиллагаанаас байгаль орчин, нийгэм, эдийн засагт үзүүлэх аливаа нөлөөллийг тогтмол хянан үнэлж, сөрөг нөлөөг бууруулах шаардлагатай арга замуудыг тодорхойлон хэрэгжүүлэх, гуравдугаарт ТХГН-т үйл ажиллагаа явуулж буй хувь хүн, ТББ, аж ахуйн нэгж, иргэдийн нөхөрлөл нь “ашиглагч нь төлөх” зарчимд тулгуурлан тухайн нутгийн байгаль орчинд хохирол учруулсан тохиолдолд хариуцлага хүлээдэг байх, дөрөвдүгээрт, уг газар нутгийн сүлжээний тогтвортой санхүүжилтийн эрх зүй, эдийн засгийн орчинг бүрдүүлж, санхүүжилт хөрөнгө оруулалтын эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх арга хэмжээг авахаар төлөвлөж байна. Түүнчлэн байгаль хамгаалах нэгдмэл зорилгын дор ТХГН-т явагдах аялал жуулчлалын тогтвортой хөгжлийг хангах бодлогыг боловсруулах, түүнчлэн шийдвэр гаргах, үйл ажиллагааг төлөвлөх хэрэгжүүлэхэд холбогдох талуудын оролцоог дэмжих, байгаль орчин, нийгэм эдийн засгийн ач холбогдлын талаархи олон нийтийн ойлголт, ухамсар, мэдлэгийг дээшлүүлэх, ТХГН тус бүрийн үнэ цэнэ, экологи эдийн засгийн үнэлгээг тогтоож, тогтвортой, үр өгөөжтэй ашиглах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг ажлыг дэс дараатай цогц байдлаар хэрэгжүүлж болно.