Аялал жуулчлалын холбооны дэд ерөнхийлөгч Н.Эрдэнэбатын өгсөн мэдээллээр манайд энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг 19 төрийн бус байгууллага байдаг аж. Ажил хийдэг л бол нэг салбарт багадахааргүй байгууллагууд бий гэсэн үг. “Монголын үндэсний аялал жуулчлалын байгууллага” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Б.Индрагийн тодорхойлсноор борооны дараах мөөг шиг олон байгууллага аялал жуулчлалын салбартай холбогддог. Харин тогтвортой үйл ажиллагаа явуулж, өөрийн гэсэн гишүүнчлэлтэй, татвар, нийгмийн даатгалаа төлдөг нь гарын таван хуруунд багтах хэмжээний. Хэн дуртай нь төрийн бус байгууллага үүсгэх боломжтой цаг үе. Дээр нь аялал жуулчлалын босго намхан байгаа нь сонирхсон бүхэн энэ салбарын нэрийг ашиглах боломж олгож байгаа учраас “хагас болоод бэлэн боловсруулсан бүтээгдэхүүн” үйлдвэрлэгчдээр дүүрчээ.
Монголын аялал жуулчлал хувийн хэвшлийнхний нуруун дээр явдаг. Тэгвэл хувийн хэвшлийнхэн зорилгынхоо төлөө нэгдэж чаддаг эсэхийг мэдэхээр салбартаа томоохонд тооцогддог Монголын аялал жуулчлалын холбоо, Аялал жуулчлалын үндэсний төв, Аялал жуулчлалын тогтвортой хөгжил төв, “Монголын үндэсний аялал жуулчлалын байгууллага” ТББ-ын удирдлагуудтай уулзаж ярилцлаа. Тэдний ярианаас аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд хангалттай хэмжээнд хамтарч чаддаггүйг бэлээхэн анзаарч болно. Аялал жуулчлалын үндэсний төвийн маркетингийн хэлтсийн дарга С.Мэндбаяр аялал жуулчлалын байгууллагуудын хамтын ажиллагааг шуудайд хийсэн үхрийн эвэртэй зүйрлэв.
Монголын газар нутаг, байгаль, түүх дурсгал, бүтээн байгуулалтыг гадныханд сурталчилж, тэр хэрээрээ улсад болон өөртөө хөрөнгө оруулалт хийх нэгэн зорилготой энэ байгууллагууд нэг зүг рүү хардаггүйг олон шалтгаанаар тайлбарлаж болох аж. 2011 он хүртэл энэ салбарын төрийн бус байгууллагууд чиглэл чиглэлээрээ хамтран ажиллаж ирсэн гэнэ. Гэтэл өнгөрсөн онд БОАЖЯ-ны дэргэд Аялал жуулчлалын үндэсний төв гэдэг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гарч ирсэн нь асуудал дагуулсан гэж Б.Индра ярилаа. Тодруулбал, төрийн энэ байгууллага төрийн бус байгууллагуудын хийдэг ажлыг булааж, бие биенээ нөхөж байсан байгууллагуудын үйл ажиллагаа давхцаж эхэлсэн нь хувь хувиа бодох нэг шалтгаан болсон аж. Харин Аялал жуулчлалын тогтвортой хөгжил төвийн тэргүүн Д.Гантөмөртийн үзэж буйгаар энэ салбар өөрийн гэсэн жанжин шугамаа тодорхойлж чадаагүй учраас нэг нэрийн дор үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд нь салангид байдаг. Нэг үгээр хэлэхэд, Монголд аялал жуулчлал яагаад хэрэгтэйг бүрэн тодорхойлоогүй цагт төрийн бус байгууллагууд хүссэн хэмжээнд хүртэл хамтарч чадахгүй гэж хэллээ. Харин Монголын аялал жуулчлалын холбооны дэд ерөнхийлөгч Н.Эрдэнэбат ходоод хагаравч тогоондоо гэдэг зарчмыг илүүд үзэж байгаагаа илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, энэ салбарын болж бүтэхгүй байгаа зүйл зөвхөн эндээ үлдэх ёстой гээд “Хүмүүс хамтарч чаддаггүй гэж ярьдаг юм. Тийм асуудал байхгүй. Тодорхой төрөлжсөн хэсэгт хамтардаг” гэсэн боловч түүний ярианд хамтардаггүй гэх далд утга яваад байлаа. Хамтран ажиллахад сэтгэл дутдаг гэсэн түүний үг үүний баталгаа болно. Тухайлбал, аялал жуулчлалын чиглэлийн их дээд сургууль холбоод, жуулчны баазуудын хамтын ажиллагаа дутмаг байгаа нь энэ салбарын боловсон хүчний чанарт шууд нөлөөлж байгааг тэрээр жишээ татсан. Бид төр, хувийн хэвшлийн түншлэл гэсэн чамин үгийг дээр дооргүй хэлдэг, хэрэглэдэг. Харин бодит байдал дээр энэ үг хоосон лоозонгоос хэтэрдэггүйг энэ салбарын жишээнээс харж болно. Хувиа бодсон, зөвхөн өөрийгөө хичээсэн байдал аялал жуулчлалыг Монгол Улсын стратегийн ач холбогдолтой салбар бус гэр бүлийн бизнес болгочихоод байна.
НУУГДМАЛ ТӨСӨВ
Төрийн бус байгууллагуудад гишүүнчлэл чухал. Гишүүдээсээ авсан татвараар өдөр тутмын үйл ажиллагаагаа залгуулна. “Монголын үндэсний аялал жуулчлалын байгууллага” ТББ 20 гаруй гишүүнтэй. Татвар нь харилцан адилгүй. Компаниуд 400-аад ам доллар, харин төрийн бус байгууллага 250 ам долларын татвар төлдөг гэнэ. Бүх үйл ажиллагаа нь гадаад руу чиглэдэг учраас татвар нь бусдаас харьцангуй өндөр гэж Б.Индра тайлбарласан. Харин Аялал жуулчлалын холбоо 250 гишүүнтэй. Нэг жилд 200 ам.долларын татвар авдаг. Харин байгууллагын удирдах зөвлөлийн 8 гишүүн нэг жилд 1000 ам долларын татвар төлдөг. Энэ бүх татвар байгууллагын тасралтгүй, хэвийн ажиллах боломжийг хангадагийг дэд ерөнхийлөгч Н.Эрдэнэбат хэлсэн.
Нэгэнт тодорхой хэмжээний татвар авч байгаа учраас гишүүдийн эрх ашгийг хамгаалах ёстой. 200-400 ам долларын татвар төлснийхөө хариуд гишүүд мэдээллээр хангагдаж зарим тулгамдсан асуудалдаа дэмжлэг авдаг гэнэ. Бас дотоодын зарим үзэсгэлэнд 10 хувийн хөнгөлөлттэй орох ч эрхтэй аж. Улсын төсвөөс аялал жуулчлалын салбарт төсөвлөх мөнгө жилээс жилд өсч байгаад тэд баяртай байлаа. Энэ онд 650 сая төгрөг байсан бол 2013 онд 1.1 тэрбум болж өсчээ. Харин энэ төсөв хувийн хэвшлийнхэнд ямар нэг хэлбэрээр наалддаг уу гэж асуувал таатай хариулт авахгүй. Хаана ямар төсөв байдгийг, түүнийг хэрхэн хуваарилдаг, юунд зарцуулдгийг салбараа үүрч яваа хувийн хэвшлийнхэн огт мэдэхгүй. Төсвийн мөнгө хаашаа ордгийг хянах механизм байдаггүй юм гэж Д.Гантөмөр хэлэв. Энэ нь эргээд шударга бус явдал, хардалтыг үүсгэж, улмаар хэл амаа ололцоход нь саад болдог ажээ.
ХАГАРАЛ
Энэ салбарынхны хамтардаггүй бас нэг шалтгаан нь бие биенээ үгүйсгэдэг явдал. Аялал жуулчлалын холбоог энэ салбарын малгай байгууллага гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг ч, ямар ч ажил хийхгүй байгааг нь шүүмжилдэг. Гэтэл “Монголын үндэсний аялал жуулчлалын байгууллага” ТББ-ыг улс төрийн амбицны байгууллага гэж үздэг хүмүүс ч цөөнгүй таарсан. Бас Аялал жуулчлалын үндэсний төвийг төрийн байгууллага байтлаа хувийнхны ажлыг булаацалддаг гэх хэсэг ч бий. Энэ мэтээр бие биенээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь барын сүүл явснаас батганы толгой болдог талын нүүдэлчний амбицтай бас холбоотой.
Энэ салбарт ажиллагсдын 70% нь эмэгтэйчүүд, бүгд хүчирхэг хүүхнүүд. Харин хамтарвал нэгнийхээ дор орчих юм шиг санадаг нь энэ салбарт асуудал болж байгаа чөдөр тушаа. Үүнийг С.Мэндбаяр, Д.Гантөмөр, Б.Индра нар бүгд хүлээн зөвшөөрсөн. Хувь хүмүүсийн амбицдаа хөтлөгддөгөөс болоод төрийн бус байгууллагуудын ажил саармагжиж, дуу хоолой нь ч сулардаг байна. Наад зах нь салбарын сайдтайгаа уулзахдаа нэг нь А, нөгөө нь Б ярьдаг нь төрд хүрэх тэдний дуу хоолойг хүчгүйдүүлдэг.
Шийдэл нь нэг “МАЛГАЙ”
Аялал жуулчлалын тухай хуулийн 15.1-д “Ерөнхий сайдын дэргэд аялал жуулчлалын асуудал эрхэлсэн зөвлөл байгуулагдана” гэсэн заалт бий. Уг хууль 1995 онд батлагдаж, хэд хэдэн удаа шинэчилсэн найруулга орсон ч энэ заалт хэрэгжээгүй. Өнөөдөр ч энэ заалт хэрэгжилтээ нэхэж, ийм зөвлөлийг салбарынхаа хөгжил, нэгдлийн гол гарц хэмээн тэд үзэцгээж байна. Монголын аялал жуулчлалд чиглэл заах луужин хэрэгтэй гэдэг дээр энэ салбарынхан дуу нэгтэй байгаа. Өөрөөр хэлбэл, аялал жуулчлалын салбарт манлайлагч, оройлогч хэрэгтэй байгааг тэд бүгд онцолж байсан. Аялал жуулчлалын тогтвортой хөгжил төвийн тэргүүн Д.Гантөмөр зөвлөл заавал байх хэрэгтэй. Гэхдээ тэр зөвлөл байнгын ажиллагаатай, тамга тэмдэгтэй байгууллага байх шаардлагагүй хэмээн үздэг аж. “Монголын үндэсний аялал жуулчлалын байгууллага” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Б.Индра Ерөнхий сайдын дэргэд төвийг сахисан байгууллага байх хэрэгтэй гэж бодлогоо илэрхийлсэн. Бусад яамдын төлөөллийг багтаасан энэ зөвлөлийн гишүүд нь төрийн бус байгууллагууд байх гэнэ. Тэгээд нийтийн эрх ашгийг өмнөө тавьж үүргээ биелүүлдэг газруудыг нэгтгэсэн үндэсний хэмжээний том байгууллага гарч ирвэл “Монголын үндэсний аялал жуулчлалын байгууллага” гэдэг нэрээ ч өгөхөд бэлэн байгаагаа дуулгасан. Харин Монголын аялал жуулчлалын холбооны дэд ерөнхийлөгч Н.Эрдэнэбат хуулийн энэ заалтыг хэрэгжих боломжгүй гэв. Бодлогын яам, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод байхад нэг малгай дор нэгтгэсэн зөвлөл байх шаардлагагүй хэмээн бодож байгаа аж. Энэ салбарт байгууллага, хууль дутсандаа ажиллахгүй, хөгжихгүй байгаа юм биш. Ямар ч байгууллага байсан сэтгэл дутвал ажиллахгүй гэдгийг тэрбээр цохон тэмдэглэлээ.
Аялал жуулчлалын салбарт хичнээн хувийн хэвшлийнхэн үйл ажиллагаа явуулж байгааг салбар яамны энэ чиглэлийг хариуцсан газар нь ч мэддэггүй юм билээ. Энэ эх зах нь олдохоо больсон нэр зээлдэгчидтэй нэг талаараа холбоотой. Нөгөө талаар аялал жуулчлалд төр хэр анхаардгийг харуулах бас нэг жишээ гэж болно. Монгол Улсын Мянганы хөгжлийн цогц бодлоготой уялдах ёстой чухал салбар гэж тэнгэр тулгасан хэрнээ түүнийхээ төлөө юу ч хийхгүй байгааг гаднаас ирсэн жуулчдын амнаас хялбархан сонсч болно. Дэлхийн 165 оронтой аялал жуулчлалаараа өрсөлдөж байгаа Монгол улс үүргэвч үүрсэн хар шар толгойтнуудын орж гардаг дамжлага төдий орон бус жуулчлалын үнэ цэнэтэй бүс байх ёстой. Онгон дагшин байгаль, түүх дурсгал гээд манайд аялал жуулчлал хөгжүүлэх нөөц, бүтээгдэхүүн, нөхцөл бүрэн бий. Харин үүнийг үнэ цэнэд хүргэх учиртай хувийн хэвшлийнхэнд менежмент, эв нэгдэл алга. Хоорондоо хэл ам авалцахгүй болохоор хэнээс юу ч нэхэх билээ.
Одоогоор хуульгүй шахам эмх замбараагүй орон зай дээр хэдэн зуун компани болоод олон арван төрийн бус байгууллагууд “Орондоо орох завгүй олзлолдон тэмцэж” байна. Төв Азийн уужим талыг сурталчилагчдад эвлэлдэн нэгдэх хангалттай шалтгаан бий. Харин хэзээ нэг нь оройлон гарч ирээд бусдыг атгасан шагай мэт хурааж ертөнцийн дайдыг байлдан дагуулах бол?!
Тойм сэтгүүлийн №51-ээс авав.