Д.Батбаяр: Аялал жуулчлал амь тавих уу.

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл Монголд тусгай сонирхлын аялал жуулчлал хөгжүүлэхээ урам зоригтой зарлав. Харин тур операторууд яам бидний ажлыг булаацалдлаа гэж үзэж байна. Тэд дор хаяж хорин жил оюун ухаан, хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгөө зарж Монголын аялал жуулчлалын бүтээгдэхүүн гэгчийг бий болгожээ. Ганц ч жуулчин авч ирэхгүй байтлаа тусгай сонирхлын аялал жуулчлал, тэр дундаа шувуу харуулна гэж ярьсныг нь зарим бизнесмэн “Сайд лобби бүлгийн нөлөөнд орсон байх” хэмээн хардлаа. Харин Mongolia expedition компаний захирал С.Алдархишиг “Монгол улс тэр чигтээ тусгай сонирхлын зах зээл” гэв. 2004 оноос хойш яам яамны өвөр дамжсан аялал жуулчлалын салбар өнөө хүртэл бодлогогүй явааг Аялал жуулчлалын газрын дарга Б.Маргад ч, тур операторууд ч нэгэн дуугаар хүлээн зөвшөөрлөө. Хэн дуртай нь ээлжийн амралтаараа хэдэн төгрөг хийдэг энэ талбар уул уурхайгаас үүдэлтэй өртөгийн өсөлт хийгээд дотоод хямралдаа боомилогдон амь тавихад ойрхон болжээ.

Донжгүй Монгол

Монгол улсын засгийн газраас 2003 оныг “Монголд зочлох жил”-ээр зарлажээ. Welcome to Mongolia. Хясахад тэр жил нь өмнөхөөсөө 27566-гаар цөөн хүн манай хилийг алхсан байна. Тэгэхээр нь 2004 оныг “Монголыг нээх жил” болгожээ. Discover Mongolia. Өдгөө энэ үгээр түлхүүр хийгээд интернетээр хайвал Монголын уул уурхайн тухай голчлон гарч ирнэ. Уул уурхай, мал аж ахуй, аялал жуулчлалын бүсээ тогтоогоогүй Монголын хэвлийг хэн дуртай нь өнөөдөр хаа хүссэн газраараа нээж байгаа билээ. Лондон хотноо өнгөрөгч сард болсон Дэлхийн аялал жуулчлалын үзэсгэлэн худалдаа – “World travel market 2012”-(WTM)-д Discover Mongolia уриатай оролцсон Монгол салбарын үзэсгэлэн андуурсан мэт харагдав. Худалдаанд явсан манай хэдэн тур операторт өөрсдөөс нь өөр үзүүлчих юм байсангүй. Орон бүхэн өнгөтэй өөдтэйгөө дэлгэсэн газар хэдэн гэрэл зургаас өөр зүйлгүй суугаа монголчууд “харин ч энэ жил сайхан оролцож байна” гэцгээв. Аялал жуулчлалын холбооны дэд ерөнхийлөгч Н.Эрдэнэбат “Урьд жил 22м2 талбай авч байсан бол энэ жил 32 м2 болсон” гэдгийг онцлов.

Аялал жуулчлалд улс болгон аливаа бизнесийн жишгээр уриа үгтэй явдаг. Энэтхэг – Incredible India, Тайвань - Heart of Asia, Турк - Unlimited Turkey, Албани - A new Mediterranean love… Аялал жуулчлал гэдэг төсөөлөл, мөрөөдөл зардаг бизнес. Гэтэл тэнд Монголыг төсөөлүүлэх зүйл харсангүй. Харин Монгол улс хэд хэдэн уриа үгтэй аж. МАЖХ - Majestic Mongolia гэдгийг бодож олсон бол Худалдаа аж үйлдвэрийн танхим яаж дутах вэ гэсэн шиг - Inspiring Mongolia-тай. Гадны нэг хүн монголчуудын төрөлх хэл англи биш байтал элдэв гадаад үг бодож олоод уриа хийдэг нь агуулгын хувьд дутуу сонсогддог гэж байлаа. Гэтэл морьтон Монголын уриа баймаар  The first horseman –ийг Казахстан эзэмшчихээд урамтай нь аргагүй домбордож суув. Уриа үгийг оновчтой олоод зогсохгүй олон жил улсаас нь бодлоготойгоор хүний тархинд суулгах учиртай. ДНБ-ийхээ жараас дээш хувийг аялал жуулчлалаас олдог улс нутагтаа нэг жуулчин авч ирэхийн тулд 5.45 ам долларыг сурталчилгаанд зарцуулдаг тооцоо бий. Харин Монголын үндэсний аялал жуулчлалын байгууллага ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Б.Индра “2011 онд Монгол улс 60 цент зарцуулсан” гэв. Үзэсгэлэн худалдаан дээр Монголд өөрийн өнгө төрх, ядаад донж маяг байсангүй. Харин төр нь хэдэн төгрөг гаргаснаа зарлах гэсэн шиг  www.mongolia-tourism.gov.mn хаягаа томоор бичээд ард нь соёмбо тавьсан байлаа. (Арилжааны утгаараа соёмбо Монголыг төлөөлөх үү?) Энэ хаягаар гадны ганц ч компани бизнес ярихгүй. Гэхдээ манайханд донж байсаан байсан. Хөхөөс аваад цагаан хүртэл толгойтой хэдэн бүсгүйчүүд маань хүнээс дутахгүй бизнес хэлцэл хийсэн. “Tseren tours” компаний захирал Э.Цэрэндолгорт гадны түнш нь “төрөөсөө дэмжлэггүй шахам атлаа 20 жил орчим амьд яваа чинь гайхамшиг” гэж хэлжээ. “Active adventure Mongolia” компаний ерөнхий менежер Б.Энхбаатарын “WTM дээр улсаа л сурталчилдаг” гэснээр бол малд хүртэл мөнгө өгдөг засаг маань тэнд “юу” ч хаясангүй.  Б.Индра “Үзэсгэлэн худалдаа хаа болж байгаагаас үл  шалтгаалаад 10 сая орчим төгрөг л төрөөс гаргадаг. Бусдыг нь хувийн хэвшлүүд өөрсдөө төлдөг” гээд “2020 он гэхэд жилдээ нэг сая жуулчин авъя” гэвэл зөвхөн маркетингийн зардлыг таван тэрбум төгрөг болгох хэрэгтэй” гэсэн юм. Хоёрын зэрэг төрийн албан хаагч уг үзэсгэлэнд ном журмаар нь оролцсон бол Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад Монголоос суугаа элчин сайд Б.Алтангэрэл тасалбарын 52 фаундаа хэмнэж тус бүрдээ 2800 фаунд төлсөн нутгийнхаа тур операторуудынхаа мандатыг авч зүүгээд морилсон юм.

Нийгмийн хонгор

“Active adventure Mongolia” компаний ерөнхий менежер Б.Энхбаатар “Монголд аялал жуулчлалын бизнес хобби болчихлоо” гэлээ. Монголын аялал жуулчлал машинтай хүн ажилдаа явах замдаа халтуур хийдэгтэй адил болжээ. Үүний шалтгааныг Б.Индра “Аялал жуулчлалын салбарын босго хэт намхан болохоор хүссэн нь орж ирж тоглочихоод гараад явдаг” гэж тайлбарлав. Улсын бүртгэлээр энэ зах зээл дээр одоо 650 гаруй аж ахуйн нэгж байна. Австрид ажиллаж, амьдардаг нэгэн бүсгүй ээлжийн амралтаараа тэндээс хэдэн хүн авчирч жил үрэх мөнгө олдогоо бахархал болгож байна. Монгол хүн мөнгө олж байгааг нь дэмжмээр, гэвч төр нь бодлогогүй, яам нь хариуцлагагүй учраас хэн дуртай нь Монголоос мөнгө хийж “таашаал” авдаг болжээ. Энгэр задгай хүүхнийг урьд “Нийгмийн хонгор” гэдэг байлаа.

Аялал жуулчлалын тухай хуулиар тур оператор, жуулчны бааз, гэйст хаусыг бүхэлд нь “аялал жуулчлалын байгууллага” нэрийн дор чихжээ. Энэ хууль тэр чигтээ нэр томъёоны тайлбар толь маягийн эд бөгөөд дээрхи субъектуудын зааг ялгааг гаргалгүй орхигдуулсан байдаг. Ингээд гуравхан сарын хугацаатай аялал жуулчлалын улирлаар бүгд ийшээ дайрдаг аж. Гэтэл тэдний эрхэлдэг ажил ангид юм. Үүний цаана гэйст хаус, гэр баазууд нь тур операторынхоо үнийг унагаадаг. Үнэндээ бол өндийж ядаж яваа Монголын ханшийг харалган төр нь балласан л явдал. “Mongolia expedition” компаний захирал С.Алдархишиг “Гэйст хаусууд яаж ашиг олоод байгааг энгийн математик аргаар тооцоход хэцүү” гэлээ. Тэгэхээр “Чингисийн Монгол”-ын үнэ хятад бараа шиг хүн хүний хормойноос зүүгдээд элгээрээ хэвтээд өгдөг байх нь. Хэдий албаны эх сурвалжууд аялал жуулчлал ДНБ-ний 10 орчим хувийг бүрдүүлж байна гэдэг ч “Монголын үндэсний аялал жуулчлалын байгууллага” ТББ-ын тооцоогоор 3-4 хувьтай гарчээ. Эндээс харвал нэгэн цагт тэргүүлж явсан энэ салбар жижиг дунд үйлдвэрлэлийн хэмжээнд хүртлээ давжаарсан байна.

Гадаадын нэг нөхөр (trac header)  Монголын компаниар дамжуулалгүй нутгийнхаа хэдэн хүнийг цуглуулж аялчихаад гараад явчихна. Монголд ирээд ганц нэг жолоочтой холбоо тогтоож, оюутан охиныг хөтчөөрөө аваад л гүйцээ. Эндээс бараг Монголд мөнгө үлдэхгүй. Аялал жуулчлал тогтвортой хөгжил төвийн тэргүүн Д.Гантөмөр ганц сайттай солонгос эрийг үүний жишээнд татав. Солонгосоос харвал Монголын, Монголоос бол Солонгосын компани мэт харагдавч орлого нь ямар ч татваргүй мань эрд үлддэг аж. “Ger to Ger Foundation” гэх америк эзэнтэй ТББ дэлхий даяар түгсэн нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал гэдэг ойлголтоор WTM дээр Монголыг зараад сууж байлаа. Манай хуулиар ашгийн бус байх учиртай энэ байгууллага тэнд бизнес хэлцэл хийж суугааг нийгмийн хонгорыг зайдагнаж байна гэхээс өөрөөр тайлбарлах аргагүй. Ерөөс Монголын аялал жуулчлалын салбар хэн хүн хоноод өнгөрдөг зам гудсын ганц бие хүүхэн шиг болоод зогсохгүй Зуун айлын барилгын зах дээр зогсох “би чадна” гэдэг хүмүүсээр дүүрчээ.

Тур операторууд бид энэ салбартаа нэгэнт мэргэшсэн гэтэл төр үгийг минь сонсохгүй юм гэж гомдоллоцгоож байлаа. Аялал жуулчлалын ТББ-ууд бүгд “урьд өмнө бидний хийсэн ажлын залгамж чанарыг хадгалаач” гэдэг хүсэлт төрд тавьжээ. Хэрхэн хүлээж авахыг нь бүү мэд. Ямартаа ч олон жилийн өмнө хийсэн ТАСИС-ийн “Монголын аялал жуулчлалын стратеги”, ЖАЙКА-гийн “Аялал жуулчлалын мастер төлөвлөгөө” зэргийг Б.Маргад онцын ач холбогдолгүй гэсэн юм.

Аялал жуулчлалын компаниуд төрөөс учиргүй том зүйл шаардаагүй мэт санагдсан. Уул уурхай дагаад элдэв хурал чуулган тасрахаа байсан цаг. Өнөө олон жуулчдын тоонд эд нар ч орчихсон л яваа. Харин аль нэг төрийн байгууллага ирсэн зочиддоо зориулан өөрсдөө аяллын хөтөлбөр гаргадаг мэргэжлийн бус хандлага газар авчээ. Уул шугамандаа бол аялал жуулчлалыг хөгжүүлэх хэдэн тэрбумын төсөл ярьж суухаар тур операторуудынхаа дунд тендер зарлаад үйлчилгээ авчихад л энэ салбарыг дэмжсэн асар том бодлого болохсон.


ХЭРМЭЛҮҮД

Энэ хорвоо хэрмэлүүдэд зайтай билээ. Жүүдүүд бурхан хилэгнүүлсэндээ л хэрэн хэсэж явдг улс биш бололтой. Ерөөс дур нь тэр аж.  Соёл, спорт, аялал жуулчлалын яамны мэдээллээр өнгөрсөн жил 626 993 аянчин Монголд иржээ. Үүнээс үсрээд 100 мянга нь л жинхэнэ жуулчин, тэр дотроо 40 хувь нь үүргэвчтэй аялагч, түүний зонхи нь жүүд гэж уулзсан бүхэн батлав. Монголд жүүдийн эсрэг үзэлтэн одоогоор үгүй боловч аяндаа бий болж мэдэхээр байна. Хөдөө хээр ганц нэгээрээ яваа гадаад хүнийг малчид “израйль” гэдэг бол бөөнөөрөө явааг нь “жуулчин” гэх болжээ. Зочломтгой занг нь далимдуулаад орсон айлынхаа тавгийг хуурайлж, хамгийг нь аваад үүргэвчиндээ хийчихдэг улсад хэн дуртай байх билээ. Харин тур операторууд зочилсон айлдаа хэдэн төгрөг үлдээдэг жишигтэй, эндээс л “израйль” ба жуулчин” гэдэг ялгаа үүсчээ.

Харамч чавдгаараа зартай жүүдүүд Монголд хэн нь хамгийн бага зардлаар аялах вэ гэдэг уралдаан маягийн зүйл зохиодог гэнэ. Үүнийг Уулын хөтөчдийн холбооны тэргүүн Г.Өсөхбаяр доромжлол гэж үзэж байна. Жүүдүүд тур оператороор орж ирсэн жуулчинд хямд төсөр аялж яваагаа гайхуулаад цаадах нь хүн л юм хойно тур оператортоо шулуулсан мэт сэтгэгдэлтэй хоцрох нь дамжиггүй. Өөрийнх нь унаж яваа морь өдрийн 20 мянган төгрөг байтал өөр хүн яг адилыг 10 мянгаар хэрэглээд байвал хэнд ч шударга бус санагдана. Үнэндээ хэмнэх гамнах зорилготой ийм жуулчин өтгөн мөрнөөсөө өөрийг манайд үлдээхгүй. Явган аялагчид юухан хээхэн ч ачаа болох тул босоод суусан газраа хогоо булчихаад зайлдаг аж. Монголын аялал жуулчлалын бүтээгдэхүүн Алтай таван богд хэрмэл жүүдүүдийн “хогийн сав” болчихлоо гэж Гавъяат тамирчин Г.Өсөхбаяр гасалж сууна. Дэлхийн дулаарлаар хаашдаа гэсэж буй Потанины мөсөн гол эдний хогоор буртаглагдаад улмаар цааш урсан баруун аймгуудын ундны устай нийлдэг юм.

Ганц жүүд ч бус үүргэвчтэй бүх аялагчийн араншин адил аж. Бусад улс эднийг хорьдоггүй ч гаднаас авах жуулчдынхаа 30 хувиас хэтрүүлэхгүй бодлого баримталдаг байна. Уул нь Монголд ирэх жуулчин бүхэнд заавал Монголын тур оператороор дамжин орж ирэх гэх мэт хэдхэн шаардлага тавьчихад л цэгцрэх асуудал гэнэ. Гэхдээ үүргэвчтэй аялагчдыг ад үзэж боломгүй улс. Гагцхүү тэд л бэрхшээл зовлонгоос шантралгүй зүтгэж шинэ шинэ аяллын түүчээ болдог. Эндээс тур операторууд бүтээгдэхүүн олж авах нь ч бий. С.Алдархишиг, Д.Гантөмөр нарын хэн хэн нь үүргэвчтэй аяллыг ор тас хорьж яавч болохгүй, гол нь төрийн бодлого дутагдаад байгаа учраас тэд нар муухай харагддаг, орон нутаг хохирдог, эцэстээ Монголын үнэ унадаг гэлээ. Хөдөөгийнхөн л жүүдүүдийн эсрэг үзэлтэй болоод байгаа хэрэг биш манай төр тэрчигтээ арьс өнгөний үзэлтэй мэт харагдах явдал ч бий. Төрийн мэдлийн цөөн хэдэн үзмэрийн газар нь, тэр дундаа хамаг амьтны тусын тулд залбирагч Гандантэгчилэн хийдийнхэн хүртэл гадаадын хүнээс өндөр төлбөр нэхдэг. Ядаж ийм тэнэглэлээ больчихвол Монголын нэрэнд цэвэрхэн юм даа.

ТӨР БА ПЕНИС

Соёл, спорт, аялал жуулчлалын яам хэдэн арван тэрбумын төслүүд ярьж байна. Харин хувийн хэвшлийнхэн тэднээс одоохондоо зохицуулалт, журам, их томдоо л бодлого хүлээж сууна. Аялал жуулчлалын хуулийн “Засгийн газрын бүрэн эрх” хэсэг буюу 14.1.2 нь “Аялал жуулчлалын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлогыг хэрэгжүүлж, холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах” гэсэн заалттай. Эндээс төр бүгдийг нь гардан хийх юм байна гэдэг утга харагдана. Яг энэ агуулгаар хэдэн жилийн өмнө Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Ц.Оргодол Хархоринд 25 сая төгрөгөөр хоёр метр өндөртэй пенис босгож байлаа. Хархорин, Эрдэнэзуу хийд 1966 онд аялал жуулчлалын бүтээгдэхүүний жоронд орсноос хойш манай төрийн хийсэн томоохон хөрөнгө оруулалтын нэг нь энэ.

Ямар ч бодлогогүй суугаа салбарынхан төрийн яамаа өөрсдийнх нь ажилд хөлөө битгий дүрчихээсэй л гэж залбирах юм. Харин С.Алдархишиг том улс төрчид дээр байнга олны анхаарал тусдаг учир тэднийг бизнестээ ашиглаж болно гэлээ. Гэтэл Active adventure Mongolia компани хэдэн жилийн өмнө Хөвсгөлд өвлийн аяллаар 230 орчим жуулчинтай очтол Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гэнэт хүрч ирээд тэшүүрээр гулгаад бизнесийг нь баллах шахсан тухай Б.Энхбаатар хуучлав. Өвлийн аялал жуулчлал хөгжчихлөө гээд тууз хайчилсан нь харин баараггүй. Ерөнхийлөгчийн сургаар жуулчдыг нь мөсөн гаргахгүй хорьсноос гадна нутгийн удирдагчид ярьсан тохирсноосоо буцаад Н.Энхбаярыг дагаад талийжээ. Баабар  Спортын мастер Мао өгүүллээ бичдэг жил Н.Энхбаяр, М.Энхсайхан нар Хүйтний оргил руу гарах дөрөв хоногийн хөтөлбөртэй явсан жуулчдын хоёр өдрийг “хулгайлсан” аж. Цаг хугацааг нарийн төлөвлөж дараа дараагийн захиалгаа хийдэг бизнест хэдэн төгрөгийн гарз учраа бол? Уулчин Г.Өсөхбаяр Төрийн тахилгатай уулын тоо олширч байгаад санаа зовж явдаг гэнэ. Хэдэн зуун машин тэрэг хавийн зүлэг ногоог талхлаад өнгөрөх нь гарцаагүй юм.

Мэдээж төрд ялангуяа салбарын яаманд нь хийх ажил бишгүй бий. С.Алдархишиг “юутай ч эхлээд Монголын аялал жуулчлалын компаниуд юу зараад байгааг ойлгоод авах хэрэгтэй. Тэгээд Өвөрмонгол, Буриад 2 юу зардгийг нь харчихмаар байна” гэлээ. Тэгж гэмээнэ сая бодлогоо тодорхойлоход хэрэг болно. Д.Гантөмөр манай аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг суурин соёлтой харьцуулшгүй гээд “Монголын нүүдлийн соёл нь амьд, хүний амьдрал руу жуулчид яваад ордог амьд зүйл” гэж байна. Аялал жуулчлалын салбар Монголын тамга болсон зүйлсийг илрүүлж эдийн засгийнх нь хувьд баталгаажуулж өгдөг. Нэг үгэндээ дэлхийн зах зээлд борлуулдаг манай бараа бол Цагаан хэрэм, Гизагийн пирамид шиг бодит зүйл биш юм. Чингисийг хөдөө хээр хөшөө чулуунд хувиргах хэрээр үнэ нь унана гэж Д.Гантөмөр үзэж байна. Түүнд нэг жуулчин “Би танай хөдөөгийн айлд л жинхэнэ Чингисийг олж харлаа. Өглөө босоод цайгаа ууж байгаа нь, адуундаа мордож байгаа нь, эмнэг хангалтай ноцолдож байгаа нь, эхнэр хүүхэдтэйгээ ярьж хөөрч суугаа нь тэр чигтээ Чингис” гэжээ.

Төр бодитой зүйл л хийх учиртай юм бол Монгол улсын ОХУ болоод БНХАУ-ын хиллэдэг хилийнхээ нэгдүгээр багануудаа будчихмаар байна. Ганцхан литр ногоон будаг орно гэсэн шүү. Энэ хоёр багана манай аялал жуулчлалын томхон бүтээгдэхүүний жоронд ордог аж. Бүр заавал нэг юм тэнгэр өөд гозойлгох гээд байгаа бол боржингоор бүтээгээд Хүйтэн уул, Мааньт уул хоёрын орой дээр босоогоор нь залчихмаар байна. Харъяаллын хувьд Соёл, спорт, аялал жуулчлалын яамны ажил биш байж болох ч хэдэн тур оператор чинь гадны хүний өмнө нүүр улайхгүй болно. Удаад нь хуулбарыг нь Улаанбаатарын төвд босгоод мэдээллийг нь биччихвэл хүний өөрийнгүй өмнө нь очоод зургаа татуулна даа. Харин “Ц.Оргодолын пенис”-ийг анагаахын аль нэгэн сургуульд өгчихвөл зүгээр, баримал гэхээсээ анатоми юм билээ.

ХАРШИХ УУ, ХОРШИХ УУ?

Уул уурхайн түрлэгээр Монголын аялал жуулчлалын салбарын өртөг сүүлийн жилүүдэд эрс нэмэгджээ. “Active adventure Mongolia” компаний ерөнхий менежер Б.Энхбаатар уул уурхайн бизнесийнх ашгийг эрс бууруулж, дөнгөн данган амиа зогоох хэмжээнд хүргэсэн билээ. Ерөөс энэ салбарынхан ихдээ жилийн 100-200 мянган ам долларын эргэлттэй байдаг аж. 2005 оноос хойш үйл ажиллагаа явуулсан “Horse-back Mongolia” компаний франц захирал Силван Рекура хоёр жилийн өмнө өгсөн ярилцлагадаа жилдээ нэг сая ам долларын эргэлттэй гэжээ. Татвараа энэ дүнгээрээ төлсөн эсэхийг нь бүү мэд, ямартаа ч том тоглогч бололтой. Харин ихэнх нь зээлээс зээлийн хооронд амиа аргацаадаг байна. Аялал жуулчлал Монголын тэргүүлэх салбар гэгдэж байхад тэд юм юмаар “хангалуун” явжээ. Удалгүй уул уурхайн сургаар төр нь ч мартаж, олон жил бэлтгэсэн хөрвөх чадвартай боловсон хүчнүүд нь ч хаяад одсон байна.

Монголын хөтөч тайлбарлагчдын холбооны ажилтан А.Батбаяр  “Аялал жуулчлал тэргүүлэх салбар” байхад энэ салбарт хүмүүс их ирдэг байсан. Одоо бүтэн жил тойрон ярилцлага хийгээд ч хүн олдохгүй байх нь бий. Одоогийн сургалт бол ашгийн төлөө бус харин ирэх жил гэхэд 2-3 сайн хөтөчтэй л болох зорилготой болсон” гэлээ. Энэ салбарынхан бүгдээрээ бид уул уурхайн хүний нөөцийг бэлтгэж дадлагажуулж өгдөг дамжлага бааз болцгоосон гэцгээж байна. Уул уурхай аялал жуулчлалтай газар орон булаалдаад зогсохгүй хүн хүчийг нь ч соржээ. Харин Аялал жуулчлал тогтвортой хөгжил төвийн тэргүүн Д.Гантөмөр аялал жуулчлалыг уул уурхайтай хорших бүрэн боломжтой гэж үздэг аж. Дэлхийд уул уурхайгаар тэргүүлэгч олон орон тусгай сонирхлын аялал хөгжүүлдэг гэж тэрбээр ярилаа. Ухаан нь, Оюутолгой дээр жуулчид очоод газрын гүнээс хүдэр олборлох болон хэрхэн боловсруулдагийг үзүүлээд эцэст нь тэндээс гарсан зэсээр урласан бүтээгдэхүүн худалдаж авсан ч болох гэнэ.

“Mongolia expedition” компаний захирал С.Алдархишиг аялал жуулчлалын салбар олон яамны бөөрөнд наалдаж явахдаа ашигтай хоцорсныг батлах хэдэн жишээ татав. Зам тээврийн яамтай нийлээд хэдэн орон руу шууд нислэгтэй болсон, Байгаль орчны яаман дээр очоод олон газар дархлуулсан аж. Харин Хүйтний оргилд жорлон байгуулж чадалгүй Байгаль орчны яамнаас салсандаа жаахан харамсаж байх шиг санагдсан. Өнөөгийн харъяаллыг Аялал жуулчлалын газрын дарга Б.Маргад “Хамгийн төгс зохицол” гэсэн бол тур операторууд татаасны хоёр салбартай нийлүүлчихээд мөнгө олдог ганц салбартаа бага мөнгө хуваарилсан гэж байсан юм.

С.Алдархишиг “дараагийн засгийн газар байгуулагдвал бид Уул уурхайн яамтай нийлэх сонирхол байна” гэж тоглоомгүй хэллээ. Аялал жуулчлал улс орны стратеги хөгжлийг амьдрал дээр буулгадаг түлхүүр салбар нь гэвэл уул уурхайтай хоршуулахад ч болохгүй юм алга. Эмзэгхэн бүтэцтэй энэ Засгийн газрын хувь заяаг бид шийдэхгүй, гэхдээ аялал жуулчлалын салбарыг бодлогын хувьд уул уурхайтай холбох болсон санагдав. Б.Индра “Аялал жуулчлал 16 дэд хэсгээс бүрэлддэг тул бүх салбартай зохицож ажиллах боломжтой” гэсэн юм. Монгол улсын мянганы хөгжлийн зорилтод чухал байртай аялал жуулчлалыг нүд анихаас нь өмнө эрс шинэчлэх болжээ. Уул уурхайгаар бид ганц нэг зах зээл дээр л гарах боломжтой бол аялал жуулчлалаар харин дэлхийн хэмжээнд тоглох бүрэн нөөц бололцоо бий.


Тойм сэтгүүлийн №51-ээс авав.