Монголын аялал жуулчлалын гол бүтээгдэхүүн юу гэж та боддог вэ.
Одоогоор шилдэг сайн бүтээгдэхүүн алга. Харин сайн нөөц бий. Монголын аялал жуулалчлал гэх хүрээнд ирэх (гадаадаас), явах (гадаад руу) дотоодын жуулчин урсгалыг бүхэлд нь хамааруулдаг. Энэ утгаараа Чежү аралд жил бүр 6000 шахам монгол жуулчид очдог ба бүтээгдэхүүн нь илүү дажгүй юм билээ. Харин дотоодод гэвэл арай дөнгүүр бүтээгдэхүүн нь Орхоны ай савд багтах боломжтой. Хамгийн олон жуулчид говьд очдог. Гэхдээ асуулт тань Монголын гол татах зүйлийн тухайд юм шиг байна. Бид Евро-Азийн домогт нүүдэлчид. Бас дэлхийн сүүлчийн нүүдэлчдийн өв. Үүнд манай бүх юм багтана. Европ төвт үзэл бүхий онолчид биднийг алдаатай томъёолсон нь одоо хүртэл тэнүүлчид буюу бүдүүлгүүд гэгдэхэд хүргэдэг. Ийм бодолтой хүмүүст морьтны иргэншил гайхмаар өөр ертөнц болж нээгдэнэ.
Монголын аялал жуулчлалын салбар ямар ч мотто буюу уриагүй явж өдийг хүрчээ. Жуулчдыг татах, дэлхийд өөрийн өнгө төрхийг харуулсан Монголын уриа ямар утгатай байвал зүгээр бол?
Дуудлага, уриа үгийг том компани, бүтээгдэхүүн сурталчлах зэрэгт хэрэглэж байгаад 1990-ээд оны төгсгөлөөс улс орнууд хэрэглэж эхэлжээ. Аялал жуулчлалын салбарт голлон ашигладаг. Слоган буюу моттог хүмүүст зөв дохио хүргэх хамгийн оновчтой арга хэрэгсэл гэж үздэг. Амьд сонирхолтой, энгийн товч, халуун дотно, сэтгэл татах нууц агуулсан байдаг. Хам агуулга буюу улсын нэр, хэв маяг дизайн, өнгө аяс зэргээрээ нэгдмэл дохио өгнө. Жишээ нь: Израйль - ...all began, Албани - A New Mediterranean, Бразил - Sensational!, Калифорни - Find Yourself Here, Канад - Keep Exploring, Эквадор - Life at its Purest, Куба - Viva Cuba, Египет - Where It All Begins,Сальвадор - Impressive!, Франц - Rendez-Vouse En France, Герман - Af-fordable Hospitality, Сингапур - Uniquely Singapore, Словак - Little Big Country, Словен - I Feel Love, Smile!, Тайвань - Touch Your Heart, Танзани - Land of Kilimanjaro Zanzibar and the Serengeti, Унгар - A Love for Life, Нью-Йорк - I heart New York, Энэтхэг - Incredible India, Шинэ Зеланд - 100% Pure New Zealand гэх зэргээр дэлхийн улсууд өөрсдийгөө илэрхийлдэг. Харьцуулж үзээсэй гэсэндээ олныг дурдлаа. Уриа үг нь хүмүүсийг дуудан татахаас гадна тухайн улс орноос жуулчдад хандсан үзэл баримтлал байдаг. Харин манай Монголд одоо “Discover Mongolia” гэдэг үг хэрэглэж байгаа, өмнө нь Inspiring Mongolia уриа сонсдож байсан. Сайн болохгүй байгаа. Peace full Mongolia, Last Paradise, so nostalgically, Legend’s home, Land of horse, another world, only Mongolia... гэх зэргээр бий. Надад санаа бий. Гэхдээ хувь хүний санаа. Үүнийг өөртөө түр үлдээе. Энэ талаар бид хэлэлцэх шаардлагатай.
Үндэсний олон нийтийн телевизийн зүгээс Монгол орныг дэлхийд сурталчилсан ямар ямар үйл ажиллагаа хийж байсан бэ.
Ийм ажил хийж байгаагүй. Хийе гэвч стандарт хүрэхгүй л дээ. Ядаж техник болохгүй гэх мэт. Зориудын төлөвлөлт шаардлагатай.
Гэтэл таны хийсэн нэвтрүүлгүүд одоо ч олон улсын үзэсгэлэн болон олон улсын нислэгт, бас зочдод тараадаг DVD-үүд болж байдаг нь Үндэсний телевизийнх биш гэсэн үг үү?
Тийм ээ. Хуучирсан зүйлс байгаа юм аа. Шаардлага хангахгүй. Гэвч хаа сайгүй хэрэглэсээр байна. Манай “Гараг” продакшн Үндэсний телевизийн нөмөрт байдаг нэг бичил нэгж. Харин энэ телевизтэй хамтарч энэ байтугай сайн зүйл хийх боломжтой, санал ч бий. Яам ч, телевиз ч Монгол орныг сурталчлах талаар олигтой юм хийх сонирхол үгүй. Учир нь энэ төвөгтэй, мөнгө байхгүй. Бас бодит ашиггүй. Энэ байдлыг өөрчлөх арга зам уул нь төвөггүй л дээ.
Дотоодын аялал жуулчлалын хамгийн анхаарал татаж буй чиглэл юу вэ? Яагаад?
Дотоодын аялал жуулчлал гэж манайд байхгүй. Харин саяханаас ярьж эхэлж байна. Сайны дохио. Үнэндээ бидэнд дотоодын аялал жуулчлал бус идэвхитэй зорчигч урсгал төдийгөөс хэтрэх зүйл үгүй. Гэвч Монголд хэрэглэгчийн дотоод нөөц байгааг одоогийн байдал мэргэжилтнүүдэд хангалттай харуулж байна. Аялал жуулчлал хөгжих аятайхан дохио энэ мөн. Ард түмэн байгаа хойно нөөц байлгүй яахав дээ. Гэнэт гэмээр зорчигчийн урсгал нэмэгдсэн газар бий. Энэ бол Хамрын хийд. Энд шинэ сайхан зүйлс хурдтай нэмэгдсэээр байна. Хөрөнгө оруулалт дагаж, жуулчид ирдгийг амьдаар баталж байгаа газар. Хамгийн их нөөц бүхий газар гэвэл Хангай Хэнтийн хоорондох Орхоны сав газар байна. Баруун аймгууд бол төлөвлөлт, хөрөнгө оруулалтаас өсөлт нь хамаарах бүс. Говь, Хөвсгөлд төрөөс юм хийх шаардлагатай. Үнэндээ төрийн бодлого ундуй сундуй тул аялал жуулчлал зөнгөөрөө л явж байна. Уул нь үйлдвэрлэлийн дэд бүтэц нь бүхэлдээ төрийн үүрэг байдаг даа.
Өвөрмонгол, Буриад хоёр нүүдэлчний соёлтой гэж олон улсад өөрсдийгөө сурталчлан таниулдаг. Энэ хоёр улсаас бид яаж ялгарч, онцгойрч аялал жуулчлалаа хөгжүүлвэл зөв бэ?
Монгол бол дэлхийн монголчуудын голомт, татах зүрх нь юм. Бидэнд нөөц бий. Түүнийгээ зөв гаргах ухааныг олох. Энэ нь манай гол түлхүүр. Өвөрмонгол, Буриад хоёр нь Монголын өрсөлдөгч бус манай соёлын тасархай. Тэдний сурталчилгаа дам утгаараа Монгол гэдэг нэр төрийг түгээж байгаа. Соёлтой жуулчин тэднийг үзээд жинхэнэ голомт нь ямар байх бол гэж хорхойтно. Ингэж чадаж байвал Монгол руу татагдах сонирхол дамаар нэмэгдэнэ. Харин голомт нь тэднээсээ дээгүүр байж чадах эсэх нь бидний асуудал. Харамсалтай нь энэ бүхэн улс төрчдөөс ихээхэн хамаарч байна.
С.Сод (Тойм сэтгүүлийн ярилцлага)