Зарим үлэг гүрвэлийг бодит хэмжээгээр нь ханан дээр зурна.

Сайд Ц.Оюунгэрэл: Дэлхийд аварга биет үлэг гүрвэл бүтнээрээ маш цөөн олддог. Манайх шиг гэр бүлээрээ, олуулаа, нас насны аварга үлэг гүрвэлүүд бүтэн бүтнээрээ олддог улс байхгүй. Байгалийн түүхийн музейд байгаа Тарбозавр батаар бол Монголд байгаа олон аварга үлэг гүрвэлийн хамгийн жижиг нь ажээ. 11м урт, 5м өндөр, 3м өргөн туранхай жижигхэн эр батаар. Үүнээс гадна арай урт, арай өндөр, нас залуу гэх мэт өөр хоорондоо бага зэрэг ялгаатай 5 батаар Монголоос олдоод байна. Эдгээр нь Япон, Европын үзэсгэлэнгүүдэд удаан хугацааны гэрээгээр тавигдсан байгаа. Монголдоо байрлуулчих “орон гэр”-гүй учраас ийнхүү гадаад орнуудаар дамжин явж байна. Тийм учраас л “гэр орон” барьж эх нутагт нь буцаан авчрах хэрэгтэй байгаа юм. Мөн завролоф хэмээх аварга том өвсөн тэжээлт үлэг гүрвэл хоёр ч бий. Бас л “гэр орон” байхгүй учир Палеонтологийн хүрээлэнд угсраагүй чигээр нь хадгалж байна. Зөвхөн өндөр нь гэхэд л 20м болно. Хүзүүг нь бага зэрэг өндийлгөөд модноос навч түүж байгаа юм шиг угсарвал 10 орчим метрт багтааж угсарч болно гэж ярьж байгаа. Тийм учраас дор хаяж 10м өндөртэй танхим хэрэг болно. Дейнохейр гэдэг аварга махчин үлэг гүрвэлийн зөвхөн урд талын богино сарвуу олдсон байгаа. Сарвууны урт 3.5 метр, Монголоос өөр хаана ч олдоогүй байгаа. Толгой нь олдчихвол яг ямар амьтан байсан нь тодорхой болох юм. Бүтэн биеэрээ олдвол дор хаяж 40м урт аварга сүрлэг амьтан гарч ирнэ. Энэ үлэг гүрвэлийн зөвхөн зургийг нь төсөөлж зураад тавъя гэхэд 45м урт хана хэрэгтэй болно. Мөн Дейнохейроос 2 дахин жижиг, Тарбозавраас 2 дахин том Теризинозавр хэмээх үлэг гүрвэлийн аварга сарвуу бий. Зарим үлэг гүрвэлийг бүтэн ясаар нь тавьж чадахгүй бол бодит хэмжээгээр нь ханан дээр зурна. Эдгээрээс үзэх юм бол 15, 20, 25, 40м урт үлэг гүрвэлүүд Монголд амьдарч байсан нь тодорхой байгаа юм.


Одоогоор дэлхий дээр АНУ, Канад, Хятад улсууд үлэг гүрвэлийн музейгээрээ алдартай. Хятад гэхэд үлэг гүрвэлийн олдвор ихээр олдсон 11 газар тус бүрд нь палеонтологийн музей байгуулснаараа хамгийн олон музейтэйд тооцогдоно. Америкт үлэг гүрвэлийн үндэсний паркууд бий. Канадад жилийн өмнө нэлээн том хэмжээний музей байгуулсан. Тэр музейг сүүлийн ганцхан жилийн дотор 3 сая хүн үзсэн дүн мэдээ бий. Тус музейг 20 мянган хүн амьдардаг жижиг хотын дэргэд байгуулсан боловч одоо 1 сая хүнийг үйлчилгээгээр хангах чадалтай том хот болон хөгжиж байна. Үлэг гүрвэлийг хүүхдүүд хамгийн их сонирхон үздэг. Тийм учраас гэр бүлийн аяллын хамгийн гол судлагдахуун танин мэдэхүй болж байгаа юм.


Одоогоор Төв аймагт аварга үлэг гүрвэлийн музей, Өмнөговьд эрдэмтэн судлаачдын ихээр очдог шинжлэх ухаан талаасаа илүү судлагдахуун болох лаборатори музей, Дундговь аймагт гэр бүлээрээ аялангаа үзэж сонирхдог онцгой содон үлэг гүрвэлийн үндэсний парк байгуулах тухай санал санаачилга яригдаж байгаа. Төв аймгийн хувьд Зуунмод хот, Цонжинболдогийн алинд нь байгуулах вэ гэдэг яриа хэлцэл явагдаж байна.