БОНХЯ-ын Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын дарга Т.Эрдэнэчимэг: Монгол улсын хэмжээнд тусгай хамгаалалттай 96 газар бий. Дархан цаазат, байгалийн нөөц, байгалийн дурсгалт, байгалийн цогцолбор гэсэн ангиллаар хамгаалагддаг нийт 27 орчим сая га талбай байдаг юм байна. Төрийн тусгай хамгаалалттай газар нутаг гэсэн атлаа сүйтгэгдэж, хэн нэгний эзэмшил болж буй олон газар байдаг. Тухайлбал, Богдхан уулыг тойрсон хороолол, аялал жуулчлалын гэх зөвшөөрөлтэй хувийн эзэмшлийн газрууд хэчнээн болоод байгаа нь хэн бүхэнд ил байгаа. Одоогийн байдлаар хэчнээн газарт, хэний ямар зөвшөөрлөөр хэрхэн юу ажиллуулж, хууль дүрэм зөрчиж байгааг тодорхой гаргах судалгааны ажлын хэсэг гарган ажиллуулж байгаа юм байна.
Онгон дагшин байгаль, цэвэр агаар, тунгалаг ус, гол горхи, ан амьтан, ургамал гэдэг бол хэдэн зуун жилийн сэтгэл амгалан, эрүүл энх амьдралын үндэс болно. Энэ бол хэдхэн хүний амьдрал биш хэдэн үеийн амьдралын чухал асуудал учраас яаралтай цэгцлэх шаардлагатай болоод байгаа юм. Хулгайн ан, хууль бус мод огтлолт, гар аргаар ашигт малтмал олборлох үйлдлүүд нь тухайн бүс нутгийг эвдэх, ан амьтан дайжих зэрэгт ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байна. Тусгай хамгаалалттай газарт аялал жуулчлалын бааз барих, таван жил өмчлөх зөвшөөрлийг буруугаар ашиглаж хувийн сууцаа барих зэрэг асуудал их байна. Одоогоор тусгай хамгаалалттай бүс нутагт аялал жуулчлалын зориулалтаар өгдөг зөвшөөрлийг зогсоогоод байна. Цаашид аялал жуулчлалын баазад маш өндөр шаардлага тавьж, экостандартын шаардлагыг биелүүлсэн тохиолдолд зөвшөөрлийг сунгах, олгох ажил хийгдэх юм. Тухайлбал, эко 00, салхи, нарны эрчим хүчээр цахилгаан болон бусад асуудлаа шийдсэн, байгальд ээлтэй бүтээгдэхүүн ашиглах зэрэг шаардлага тавина.
Байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагч нарыг чадваржуулах, шинэчлэх, боловсролыг нь дээшлүүлэх, байгаль орчны багц хуулиуд, тусгай хамгаалалттай газар нутгийн хуульд өөрчлөлт шинэчлэлт хийх цаг нэгэнт ирсэн бөгөөд энэ сарын 21-нд “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний форум”-ыг анх удаа ард иргэдэд нээлттэй хэлэлцүүлэг байдлаар зохион байгуулах гэж байна.