Амстердам, Бээжин, Дублин, Парис, Сөүл, Лондон гэх мэт том хотын шилдэг үзмэрүүдийг багтаасан Олон улсын шилдэг бүтээлийн санд манай нийслэлд байрлах таван музей нэгджээ. Ази, Европын музейн сүлжээ олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй “Виртуал цуглуулга” төслийн хүрээнд тус санг байгуулсан бөгөөд одоогоор дэлхийн 25 хотын музей, урлагийн галерей нэгджээ. Мэдээлэл харилцан солилцож, туршлага судлах, шилдэг үзмэрийнхээ танилцуулгыг сангийн цахим хуудаснаа англи болон эх хэлээрээ байршуулах замаар эх орноо сурталчлах боломж олгож байгаа тус санд манайхаас Үндэсний музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Театрын музей, Чойжин ламын музей, Уран зургийн галерейн 58 бүтээл багтжээ. Нэрт зураач Б.Шаравын “Монголын нэг өдөр”, Улсын эх дагина Дондогдуламын хүүхдүүдтэйгээ авхуулсан гэрэл зураг, 8-р зууны үеийн дээл, Хүннүгийн үеийн эсгий, Цагаан хөлт туг, бөөгийн өмсгөл, морин хуур, Халх эхнэрийн дээл, гоёл чимэг, Жамсран, Майдар бурхан зэрэг сонирхолтой үзмэрийн түүх, холбогдох мэдээлэл, яагаад шилдэг бүтээлээр шалгарсан тухай тайлбар зэргийг сонирхохыг хүсвэл http:// masterpieces.asemus.museum/Default.aspx цахим хуудсаар зочлоорой.