Аялал жуулчлалын болон жуулчин тээврийн тулгамдсан зарим асуудлаар өчигдөр БОНХАЖЯ дээр холбогдох талуудын уулзалт боллоо. Уулзалтад БОНХАЖ-ын сайдын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Л.Пүрэвсүрэн, БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, тус яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Маргад, Зам тээврийн яамны Стратегийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын дарга Л.Адьяасүрэн, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн замын дарга Л.Пүрэвбаатар, Иргэний нисэхийн ерөнхий газрын Агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, гадаад хамтын ажиллагааны дарга Л.Бямбасүрэн, “Хүннү эйр” ХХК-ны гүйцэтгэх захирал П.Мөнхжаргал, “Аэро Монголиа” ХХК-ны борлуулалт, санхүү эрхэлсэн захирал Г.Галбадрах, Монголын аялал жуулчлалын холбоо болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо. БОНХАЖ-ын сайдын үүргийг хариуцагч Л.Пүрэвсүрэн уулзалтад оролцогсдод хандаж хэлсэн үгэндээ “Бид Аялал жуулчлал болон жуулчин тээврийн асуудлаар ярилцаж тохиролцох олон асуудал байгаа. Жил ирэх тусам жуулчдын тоо өсөн нэмэгдэж байх ёстой ч дорвитой өөрчлөлт гарахгүй байна. Бид тулгамдаж байгаа асуудлаа тодорхойлж, асуудлаа Засгийн газарт тавьж, шийдэлд хүрэх ёстой. Ирэх оны долдугаар сарын 15, 16-ны өдрүүдэд Монгол Улсад гадаадын 51 орон, олон улсын хоёр байгууллага оролцсон, 5000 гаруй зочидтой АСЕМ-ын том уулзалт болно. Бид үүнд одооноос бэлдэж олон улсын нислэгээ зохицуулах хэрэгтэй. Мөн дотоодын жуулчдад анхаарч чадвал энэ бас томоохон зах зээл болох юм” гэж тэмдэглэв.
БОНХАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Маргадын хэлснээр, сүүлийн жил Монгол Улсад ирэх Герман, Хятад, Автрали жуулчдын тоо 10 хувиар буурсан судалгаа гарчээ. Энэ нь цаашдаа аялал жуулчлалын салбарт бодитой анхаарахгүй бол болохгүйн дохио болж байна гэв. Үүнд жуулчин тээвэрлэгч компаниудын үйл ажиллагааны доголдол тодорхой хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлжээ. Тухайлбал, энэ зун Хөвсгөл, Өмнөговийн нислэгүүд цуцлагдсан нь урьдаас төлөвлөөд, жуулчдын захиалгаа өгсөн байсан компаниудын үйл ажиллагаанд цохилт болсон байна. “Хүннү Эйр” болон “Аеро Монголиа” компаниудын төлөөллийн ярьснаар, орон нутгийн зам сайжирч, иргэд автозамаар түлхүү зорчих болсон нь үйл ажиллагааг нь алдагдалд хүргэж, зарим тохиолдолд нислэгээ цуцлахад хүргэж байгаа гэнэ. Түүнчлэн олон улсын зарим нислэг оройтож зарлагдаж байгаагаас аялал жуулчлалын компаниуд захиалгаа урьдчилан өгөх боломжгүйд хүрч байгаа ажээ. Өнөө зун л гэхэд МИАТ-ын Франкфуртын нислэг оройтож зарлагдсан нь жилийн өмнөөс аялах захиалгаа өгдөг Европын жуулчдыг нааш зүглүүлэхгүй байх “чөдөр” болсон гэж хэлж болохоор аж. Гэтэл олон улсын нислэг үйлдэхэд хүндрэлтэй, НӨАТ, гаалийн татвар төлдөг, орлогынхоо бараг тал хувийг шатахуунд зарцуулдаг учраас алдагдалтай ажилладаг хэмээн мэдэгджээ. Тиймээс татварын хөнгөлөлт үзүүлэхгүй бол жуулчин тээвэрлэх асуудалд хүндрэл гарсаар байх гэнэ. Агаарын тээвэрлэгч компаниудын жуулчин тээвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлье гэвэл цаашид цогц бодлого авч хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн үзжээ.