Оросын ШУА-ын Сибирийн салбарын Археологи, Угсаатны зүйн Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, археологич, Оросын ШУА-ын сурвалжлагч гишүүн, түүхийн ухааны доктор Наталья Викторовна Полосьмак Үхэгийн ууланд пазырыкын гэж нэрлэгдэх булшинд малтлага хийж байгаад залуу эмэгтэйн шарил (муми) олсон нь дэлхийд шуугиан тарив. Түүний нөхөр нь ШУА-ын Сибирийн салбарын нэгдүгээр орлогч дарга, нэрт археологич, академич Вячеслав Молодин бөгөөд энэхүү судалгааг гэр бүлээрээ 1993 онд хийжээ. Энэхүү Алтай дахь НТӨ YI-III зууны үеийн пазырыкын соёлын гайхамшигт цогцолборыг судалж нээсний учир 2004 онд эхнэр нөхөр В.И.Молодин, Н.В.Полосьмак нарт ОХУ-ын Төрийн шагнал хүртээсэн юм.
Эртний хүн бүтнээрээ олдох нь нэн ховор учраас түүнийг “Үхэгийн гүнж” (Принцесса Укока) гэж нэрлэсэн байна. Булшийг Үхэгийн Ак-Алах гэдэг газраас археологийн малтлага хийж байгаад олжээ. Мөнх цэвдэгт байсан учраас маш сайн хадгалагдаж чадсан энэхүү олдворыг ХХ зууны төгсгөлийн Оросын археологийн хамгийн том олдвор гэж үздэг.
Энэхүү Ак-Алах гэдэг газар нь яг Орос, Монгол, Хятад, Казакстаны хил дээр байдаг застав юм. Их эрт үеийн булш гэдгийг нь гадарласан хүмүүс ухах гэж оролдсон байжээ. 1960-аад онд Хятадтай хилийн будлиан болох үед бэхлэлт барьж хамгаалахдаа булш байгаа газраас чулуу авч бэхлэлтэд ашигласан аж. Тэр үед нэн эртний энэ булш гарч ирсэн ажээ. Бүхэлдээ хөлдөж мөсөнд баригдсан учраас хүн хөндөөгүй, бас сайн хадгалагдсан байсан төдийгүй хялбар мууддаг арьс, ноос, ширэн эдлэл ч бүрэн бүтнээрээ гарч ирсэн байна. Булшнаас эмээл хазаар бүхий зургаан морь, хүрэл хадаасаар хадаж, навчит модоор хийсэн модон хударга гарсан зэрэг нь язгууртан гаралтай хүн байсныг нотолсон байна.
Эрдэмтэд булшийг Алтайн пазырыкын соёлын үе буюу НТӨ YI-III зууны үеийнх гэдгийг тогтоожээ. Пазырыкын соёлыг скифтэй холбон монголоос өөр үндэстэнд хамааруулах гэсэн хандлага европын эрдэмтдэд байдаг боловч энэ дүгнэлтээ бүрэн нотолж чаддаггүй байна.
1865 онд Оросын В.В.Радлов малтлага хийж байгаад нэгэн бүлэг булш илрүүлснийг 1929 онд академич С.И.Руденко малтсан бөгөөд овгийн язгууртны бунхан гэдэг утгаараа анхны олдвор болсон юм. Тэгээд олсон газрынхаа нэрээр Пазырык гэж нэрлэжээ. Энэ нь Уулын Алтайн БНУ-ын Улаан (оросоор “Улаган”) аймгийн нутагт байх Пазырык гэгч өвөрмөц газар байсан ажээ. Тувачууд булш бунханыг “пазырык” гэдэг. Түүнээс хойш энэ хавьд олдсон булшийг “пазырыкийн соёл” хэмээн дэлхийд алдаршуулжээ. Тэгэхээр Пазырыкийн соёл гэдэг бол археологийн нэр томъёо юм. Өөрөөр хэлбэл, “юм олдсон газар” буюу булш бунхан байгаа газар гэсэн утга ажээ.
Түүхийн үүднээс бол НТӨ YI-III зууны төмрийн үед хамаарагдах археологийн соёл бөгөөд манай түрүү Хүн үндэстний үед хамаарагдана. Тийм учраас Монголд хамаатай болохоос Европтой бараг хамааралгүй ажээ.
“Гүнжийн муми” хөлөө бага зэрэг атиран хажуугаараа хэвтэж байсан ба гар дээр нь маш олон шивээс байжээ. Биед нь ноосон цамц, ноосон банзал, эсгий оймс, арьсан дээл (шуба), мөн хиймэл үс (парик) байжээ. Хувцсыг нь маш их чанартай эд материалаар бат бөх хийсэн нь энэ эмэгтэйн өндөр зиндаатай байсныг нотолдог байна. Тэрээр 25 орчим залуу насандаа нас барсан ба пазырыкын нийгмийн дундаж давхраанд хамаарна.
Булшийг олсны дараа Новосибирскийн Академийн хотхонд байдаг Оросын ШУА-ын Сибирийн салбарын Археологи, угсаатны зүйн Институтын музейд хэсэг хугацаанд хадгалжээ. Гэвч Алтайн академийнхан эсэргүүцсэн учир 2012 оноос мумийг Алтайн Бүгд Найрамдах Улсын Горно-Алтайск хот дахь Анохины нэрэмжит Үндэсний музейд тус олдворт зориулсан тусгай зориулалтын байранд хадгалах болжээ. Гэтэл саяхан энэ 2014 оны 8-р сарын 19-нд Алтайн БНУ-ын ахмадын зөвлөл мумийг хуучин хэвээр нь оршуулах шийдвэр гаргасныг Алтайн БНУ-ын тэргүүн дэмжсэн байна. Энэ нь Алтайн БНУ-д сүүлийн хорин жилд байгалийн гамшиг тасрахгүй байгаа нь “Үхэгийн гүнжийг” хамаагүй ухаж гаргасантай холбоотой гэж Уулын Алтайн ард түмэн үзсэнтэй холбоотой аж. Энэ зун гэхэд их хэмжээний усан үер болжээ. Энэхүү Үхэгийн гүнжийн тухай Алёна Жаровская хэмээх уран бүтээлч “Алтайн гүнжийн өс хонзон” гэсэн кино хийгээд ОРТ телевизээр гаргасан нь Уулын Алтайн ард иргэдэд дээрх шийдвэрийг гаргахад улам ч их нөлөө үзүүлжээ.
“Гүнжийн” булшийг 1993 онд олсон бөгөөд манайхан ид ардчилал гэж “завгүй” байж байгаад дэлхийг донсолгосон мэдээллээс хоцорчээ. Манай эрдэмтэд хүртэл мэдээгүй шахам өнгөрсөн аж. Булшийг яг хилийн шугам дээрээс олсон болохоор Монгол улсад бас хамааралтай юм. Энэ хавиас манай эртний түүхтэй холбоотой олон сонин олдворууд гардаг байна. Тухайлбал, Денисовын агуйгаас олсон Алтайн хүний геном хэмээх олдвор бас дэлхийг шуугиулжээ.
“Үхэгийн гүнж”-ийн олдворыг бид хожуу сонсож байгаа ч энэ бол гайхамшиг юм. Монгол Алтайд, улмаар Монгол нутагт нүүдлийн иргэншил нэн эрт төлөвшиж тогтсоныг батлах бодит олдвор төдийгүй иргэншил соёл, төр улс Монголоос үүссэн гэдгийг нотлох нэгэн том шижим болж болох юм.
Алтай Таван Богд нь их том уулсын хэлхээ бөгөөд нэг талд нь хүн амьдраад нөгөө талд нь хоосон байна гэж лав байхгүй. Алтай Таван Богдын зөвхөн нэгний орчмоос ийм чухал олдворууд олдож байхад бусдаас нь заавал олдоно гэсэн прогноз бүрэн итгэлтэй хийж болно. Оросын Укок бол манай Алтайн уулсын үргэлжлэл учраас яг адил газарзүйн нөхцөл, агуй хонгил, мөсөн голууд дүүрэн бий. Чухам эндээс бид эртний хүн, иргэншлийнхээ эх үндсийг эрж хайх ёстой юм.
Эх сурвалж Ganaa.mn блог