Зэс алтыг ордоор ярьж, тонноор хэмжиж байхад өнгөт чулууны хувьд тийм боломж байхгүй. Учир нь карат буюу 0.2 граммаар тооцож үнэ цэнийг тодорхойлдог, ховорхон, хосгүй чулуу юм. Тиймээс өнгөт чулууны орд, илэрц нь амархан шавхагддаг ашигт малтмалын төрөлд багтдаг ажээ. Өнөөдрийн байдлаар дэлхийд 5000 шахам төрлийн эрдэнийн болон гоёлын чулуу бий гэдэг ч түүнээс цөөхнийг л хүмүүс мэднэ. Ерөнхийд нь өнгөт эрдэнийн чулууг дөрвөн хэсэгт хуваан үздэг байна.
Эрдэнийн чулуу: Очир эрдэнэ, бадмаараг, индраанил, маргад эрдэнэ, сувд гэх мэт чулуу.
Хагас эрдэнийн чулуу: Хувилгаан эрдэнэ, гэрэлт чимэг, эрдэнийн пийсүү, шпинель, усан биндэръяа, нил эрдэнэ, оюу, анар, саран чулуу, шар болор, алтан үст болор гэх 20 гаруй төрөл чулуу.
Гоёлын чулуу: Пийсүү, номин, хаш, ногоолин, хув, шүр, усан болон утаат болор, чароит, мана, гартаам, чүнчигноров, ундрам гэсэн 30 гаруй төрлийн чулуу.
Өнгөлгөөний чулуу: Хас, боржин, чулуужсан мод, галт уулын шил, жонш, баргилт, толигор зэрэг 10 шахам чулуу.
Эдгээр чулуу нь шил мэт тунгалаг, өө сэвгүй, дээд зэргийн өнгөтэй байж л дээрх ангилалд хамаардаг гэнэ.
Анх 1968 онд Төв геологийн экспедицийн харъяа Өнгөт чулууны есдүгээр анги байгуулж Монгол орны тэмдэгт газруудад геологийн тойм судалгаа хийж байжээ. Түүнээс хойш хайгуулын ажил хийсэн ордоос Шаварын цармын анар, алтан чулуу, саран чулууны орд ихээхэн сонирхолтой байсан төдийгүй тухайн үед тэндээс алмааз буюу очир эрдэнэ хүртэл илэрч байсан нь түүхэнд үлджээ. Эрдэнэсийн чулуу боловсруулах үйл ажиллагаа 1970-1980 оны үед Зоос гоёлын зүйлийн үйлдвэрээс эхэлж, төрөл бүрийн мана чулуугаар ёроолоосоо ухалттай жижиг хөөрөг, Говь-Алтайн Цээл сумын анар чулуугаар ээмэг бөгжний шигтгээ хийж байжээ. Тухайн үед чулуу боловсруулах “Эрдэнэ” үйлдвэрийг байгуулан ОХУ-аас цагаан хаш чулууг авчран хөөрөг, соруул хийж байсан гэнэ. Чулуу боловсруулах энэхүү идэвхтэй үе нэг хэсэг тасалдсан ч тус лабораторийн чулууны мэргэжилтнүүд, уран дархчуул Гэрлэх ёслолын ордны өнгөт чулуун мозайк, Жанрайсиг шүтээний чулуун шигтгээнүүд, Монголын нууц товчоо, Үндсэн хуулийг эх нутгийнхаа эрдэний чулуугаар бүтээх ажлыг хийж гүйцэтгэжээ.
Дэлхийд 5000 шахам төрлийн эрдэнийн болон гоёлын чулуу байдгаас мана гэхэд л 112 төрөл байдаг. Баярлууштай нь халтар, судалт, улаан, хөх цэнхэр, чац, замагт, нүдэт, булчирхай, чуна, хар тэнзэн, навчит, усан, цэхэр, цэврүүт, толбот гээд энэ бүх төрлийн мана Монголд бий ажээ. Эдгээр нь өнгө, дотоод бүтэц, найрлагаасаа хамаарч ийнхүү ангилагддаг юм байна. Гоёлын чулууны төрөлд багтах мана нь галт уулын гаралтай чулуу бөгөөд хүрмэн чулуу өгөршин хувирч шороо болоход түүн дотор агуулагдан нүх сүв дүүргэж байсан төрөл бүрийн мана өөрийн бат бэх чанарын улмаас өгөршилгүйгээр үлдэж манын ордыг үүсгэдэг хэмээжээ. Тиймээс мана нь ихэнхдээ бөөрөнхий, мөлгөр хэлбэртэй байдаг аж. Манай оронд тархсан мана чулуу нь чанараараа гоёмсог, чансаагаараа тансагт тооцогддог гэнэ. Чулуу сонирхогчдын ярьж буйгаар Монголын мана нь шил мэт сайхан өнгө орохын зэрэгцээ чулууны ширхэг маш сайн ажиглагддаг ажээ. Бразил, Хятад, Өмнөд Африк, Канад зэрэг улсад төрөл бүрийн мана элбэг тааралддаг ч манай Монголын мананы хаана нь ч хүрэхгүй гэж сайрхах нэгэн ч байдаг. Бид өөрсдөө л өнгөт чулуугаа танихгүй, үнэ цэнийг нь мэдэхгүйгээс урагшаа хямдхан зөөсөөр нөөц нь эрс багасахад хүрсэн байна. Эрт дээр үеэс Монголчууд мана, гартаамаар хийсэн хөөрөг, зүүлт, ээмэг бөгжний шигтгээ болон бусад эд зүйлийг амьдрал ахуйдаа өргөн хэрэглэж ирсэн түүхтэй. Өдгөө ч төрөл бүрийн мана, гартаам чулуугаар хийсэн хөөргийг хэрэглэж байгаа билээ. Гэхдээ эдгээр нь үнэ цэнийн хувьд харилцан адилгүй. Манын төрлийн чулуу өөрийн өнгө зүс, бусад шинж чанараасаа хамааран янз бүрийн үнэтэй. Тухайлбал, дэлхийн зах зээлд хөх цэнхэр мана 1 кг нь ойролцоогоор 22, ногоон мана 8-27, замагт болон бусад төрлийн мана 7-11, улаан мана 20-26, гүйдэлтэй гартаам 50-60 ам.долларын үнэтэй байна. Талстгүй шигтгээгээр зассан дээд зэрэглэлийн мана 1 карат нь 10-30 ам.доллар хүрэх тохиолдол ч бий аж. Гэвч мана нь эрдэнийн болон хагас эрдэнийн чулууг бодвол үнэтэйд тооцогдохгүй. Гадны орнуудад мана чулууг лазерийн туяагаар янз бүрийн өнгө оруулан эд зүйл хийн үнэд хүргэх арга дэлгэрчээ.