Эртний Хятадаас гаралтай энэ цайг чухам яагаад “ногоон” гэж тодотгох болсон учрыг сөхөн үзвэл Camellia sinensis гэдэг нэгэн төрлийн ургамлын ногоон навчийг бага зэрэг исэлдүүлж гаргаж авдаг байна. Хар болон бусад цайнаас ялгаатай нь хуурай учир ферментэд ордоггүй ажээ. Ногоон цайны ид шидийг одоогоос 4000 жилийн өмнө Хятад оточ нар анх нээн илрүүлж, халуун бууруулах, өвчин намдаах болон цус тогтоох зорилгоор ашигладаг байжээ. Түүнээс гадна зүрх судасны үйл ажиллагаанд эерэг сайн гэдгийг нь ч олж мэдсэн байна. Ногоон цайнд хүний биеийн дархлааны системийг сайжруулах олон төрлийн бодис агуулагддаг. Цайны найрлаганд хүний биед хэрэгтэй эрдэс бодис болох хром, манган, цайр багтдаг байна. Ногоон цайны эрүүл мэндийн ач холбогдлын тухай дэлхийн олон орны эрдэмтэн судлаач болон эрүүл мэнд, шинжлэх ухааны байгууллагууд судалсан байна. Тухайлбал, АНУ-ын эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар хятад хүмүүсийн зүрхний өвчлөл дэлхийн бусад орны иргэдээс 60 хувиар бага байдгийг тогтоожээ. Эдинбург дэх “Queen Margaret” их сургуулийн эрдэмтэд нэгэн сонирхолтой туршилт явуулсан байна. Тэд 19-37 насны оюутнуудыг цуглуулан, 14 хоногийн турш, өдөр бүр 4 аяга ногоон цай уулган хэвшүүлжээ. Харин туршилтын өмнө оюутнуудыг эрүүл мэндийн үзлэгт оруулж, ерөнхийдөө цусны даралт өндөртэй хүмүүсийг сонгож авахад туршилтын дараа цусны даралт нас бүртээ тохирсон, хэвийн хэмжээтэй болсон байжээ. Түүнээс гадна хэт таргалалттай оюутнуудын биеийн жин нэлээд хэмжээгээр хасагдсан байжээ. Түүнчлэн хөхний хорт хавдрын эрсдэлийг 90 хувь бууруулахаас гадна ногоон цайны хандаар нүдэндээ жин тавьж хэвшвэл бичиг цаасны ажил эрхэлдэг хүмүүст нэн тустай гэнэ. Учир нь, ядаргаа тайлж, нүдний даралт ихсэх болон стресстэхээс сэргийлдэг болохыг Хонконгийн эрдэмтэд нотолжээ.