Хөнгөнцагаан гэж ямар металл вэ.

Дэлхийн царцдас дахь тархалтаараа хөнгөнцагаан нь химийн элементүүд дундаас хамгийн хүчилтөргөч, цахиурын дараа гуравдугаарт бичигддэг бол металлууд дундаа хамгийн өргөн тархсан байдаг байна. Өөрөөр хэлбэл, газрын гадаргын найман хувийг эзэлдэг ажээ. Байгальд цэврээр маш ховор тохиолдох бөгөөд 270 гаруй элементийн найрлаганд багтдаг болохыг эрдэмтэд олж тогтоожээ. Гэхдээ үйлдвэрлэхэд эдийн засгийн үүднээс зардал багатай, тэгээд ч элбэг тохиолддог нь боксит буюу хөнгөнцагааны хүдэр ажээ. Халуун, чийгтэй орчинд 4-6 метрийн гүнд байдаг бокситыг цельсийн 950-980 хэмд хайлуулж, “хөнгөн мөнгө”-ийг гаргаж авдаг байна. Өдгөө бидний хэрэглэж буй хөнгөнцагааны 99 хувийг энэ хүдрээс гаргаж авч байгааг Олон улсын хөнгөнцагааны институтын судалгаанд дурджээ. Хөнгөнцагаан бол 100 хувь дахин боловсруулах боломжтой металл юм. Өөр ямар ч металлыг дахин боловсруулахад төвөгтэй атал “хөнгөн мөнгө”-ийн хаягдлыг хайлуулж, эргүүлэн ашиглах бүрэн боломжтой ажээ. Гэхдээ хөнгөнцагааны хүдрээс анх ялгахад шаардагдах эрчим хүчний дөнгөж таван хувь нь л анхдагч хөнгөнцагааныг дахин боловсруулах үед ашигладаг байна. Одоогоос 4 жилийн өмнө дэлхий дээр 34 сая тонн хөнгөнцагааныг үйлдвэрлэж байсан бол 16 сая тонныг дахин боловсруулан үйлдвэрлэлд үйлдвэрлэлд ашиглаж байжээ.


Элбэг атлаа “үнэт” металлыг анх 1825 онд Данийн физикч, химич ХАнс Кристиан Өрстэд олж нээсэн байна. Зэвэрдэггүй, цахилгаан сайн дамжуулдаг, хөнгөн гээд давуу тал ихтэй хөнгөнцагааны хэрэглээ хамгийн түгээмэл төмрөөс давж, дээврийн хэрэгсэл, баглаа, боодол, барилга, цахилгаан дамжуулах утас зэрэгт өргөн ашиглагдаж байна. Нэг кг хөнгөнцагаан нэг зэсээс хоёр дахин их цахилгаан дамжуулдаг ажээ. Тиймээс газар доорх цахилгааны утсыг хөнгөнцагаанаар хийдэг байна.